Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж, ил тод байдал, оролцоог нэмэгдүүлэх (MASAM 2 дахь үе шат) төсөл хэрэгжиж эхэллээ

Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж ил тод байдал, оролцоог нэмэгдүүлэх (МУНЭХБИТБОН буюу MASAM 2 дахь үе шат) төсөл хэрэгжиж эхэллээ. Төслийн үндсэн зорилго нь Монгол Улсын хэмжээнд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн салбарт төрийн хөрөнгө санхүүг зохистой зарцуулж, төрийн хөрөнгө оруулалтын үр дүн, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршино. 2020-2023 онд хэрэгжих уг төслийг Швейцарын Хөгжлийн Агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэлээс (GPSA) санхүүжүүлж, Монгол дахь Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байна. Төслийн хамтран хэрэгжүүлэгчээр Глоб Интернэшнл төв, Дэлхийн Зөн Монгол ОУБ болон Монгол дахь Японы Хүүхдийг Ивээх Сан ажиллаж байна. 

МУНЭХБИТБОН төсөл нь хамтын ажилллагаанд суурилсан нийгмийн эгэх хариуцлагын үйл явцыг бэхжүүлэхэд мэдээлэл харилцааны технологийг /МХТ/ өргөнөөр ашиглах, төсвийн хуваарилалт, төрийн үйлчилгээнд оролцоот хяналт-шинжилгээ хийх чиглэлээр иргэд, иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах, бодлогын түвшинд байгууллагуудын уялдаа холбоо, чадавхийг нэмэгдүүлэх, мэдлэг, туршлагаа нутагшуулан өргөжүүлэх гэсэн үндсэн дөрвөн хүрээг хамран хэрэгжих юм. Төсөл хэрэгжилтийн шатанд иргэдийн, иргэний нийгмийн төдийгүй төрийн байгууллагуудын мэдээлэл ашиглах, бодлого боловсруулалт, хэрэгжилтэд хяналт тавих чадавхыг нэмэгдүүлнэ. Хэрэгжилтийн үр дүнд, нэгдүгээрт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулах чиглэлээр МХТ-д суурилсан платформыг ашиглан, иргэд шаардлагатай мэдээллээ авах, санал хүсэлтээ илгээх боломжтой болох, хоёрдугаарт, төв, орон нутгийн иргэний нийгмийн байгууллагууд тухайн орон нутагтаа тулгамдсан асуудлуудыг дэвшүүлэн тавьж, шийдвэрлүүлсэн байна гэсэн томоохон үр дүн гарна хэмээн хүлээж буй.

Төслийн үр шимийг 21 аймаг, 9 дүүргийн иргэд, үндэсний болон орон нутгийн иргэний нийгэм, технологийн түүчээ байгууллагууд, төрийн захиргааны төв болон орон нутгийн удирдлага, төрийн үйлчилгээний байгууллага, хэвлэл мэдээлэл, эрдэм шинжилгээний гэх мэт олон талт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хүртэнэ.

Глоб Интернэшнл төв нь Хөвсгөл, Архангай, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган аймгууд, мөн нийслэлийн Сонгинохайрхан, Багануур, Налайх дүүргүүдэд төслийн үйл ажиллагааг удирдан хэрэгжүүлнэ. 

Нийгмийн эгэх хариуцлага гэдэг нь иргэдийн сайн сайхан амьдралд нөлөөлдөг засаглал, үйлчилгээ хүргэхтэй холбоотой асуудал, бэрхшээлийг тодорхойлохоос эхлэн учир шалтгааныг нь ойлгох, зохих шийдлийг боловсруулахад иргэдийн оролцоог хангах үйл явцыг хэлнэ.