Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргалын 2021 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан Тулга үг

ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР 2021 “МЭДЭЭЛЭЛ НИЙТИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ БАЙХ НЬ”

Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргалын 2021 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан Тулга үг

Иргэн та үнэнийг мэдэх эрхтэй. Үүний төлөө чөлөөт, хараат бус, олон ургальч мэргэжлийн сэтгүүл зүй танд үйлчилдэг. ДХЭЧ-ний энэ өдөр бид хамтдаа таны үнэн бодитой мэдээлэлтэй байхад тулгарч буй саад бэрхшээлийг эргэцүүлэн бодож, ярилцан хэлэлцэх учиртай. 

Энэ жилийн ДХЭЧ-ний өдөр нь хоёр онцлогтой. Нэгд, энэ жилийн ДХЭЧ-ний өдөр нь 1991 оны тавдугаар сарын 3-ны өдөр Намиби улсын нийслэл Виндхук хотноо болсон ЮНЕСКО-ийн бага хурлаас баталсан Виндхукийн Тунхаглалын 30 жилийн ойтой түүхэн холбоотой билээ. ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын Зөвлөмжийн дагуу Виндхукийн Тунхаглал батлагдсан энэ өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон жил бүр тэмдэглэх шийдвэрийг 1993 оны 12 дугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассеблей гаргасан юм. Хоёрт, Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассемлейгаас баталсан Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг хүлээн зөвшөөрч, гишүүн нь болсоны 60 жилийн ойтой давхцаж байгаа билээ. ХЭТТ-ын 19-р зүйлээр хүний үзэл бодлоо баримтлах, илэрхийлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан юм. 

ЮНЕСКО, Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны хамтран зохион байгуулсан бага хурлын Виндхукийн Тунхаглалд “Хараат бус хэвлэл гэж засгийн газар, улс төр, эдийн засгийн хяналт, мөн материал, үйлдвэрлэл, түгээлтийн дэд бүтцээс хараат бус байхыг хэлнэ” хэмээн тодорхойлсон билээ. Виндхукийн Тунхаглалыг манай нэрт сэтгүүлч Ц.Дашдондов гуай орчуулж, хараат бус сэтгүүл зүйн зарчмуудтай олныг танилцуулсныг эргэн санахад таатай байна. 

Гучин жилийн өмнө манайд хараат бус хэвлэл мэдээллийн тогтолцоо байсангүй, харин ЗХУ-д эхэлсэн өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлийн давалгааны уухай Монголд түрлэг нэмж, сэтгүүлч бидэнд урам зориг хайрлан, тэр үеийн цорын ганц нам МАХН-ын төв хэвлэл “Үнэн” сонин үзэл сурталжсан нийгэмд хаалттай байсан сэдвүүдийг хөндсөн зоримог бүтээлүүдийг нийтэлж эхэлсэн юм. Ганцхан жишээ хэлэхэд, Баабарын “Бичиг, бичиг...” хэмээх төрийн хүнд суртлыг хурц шүүмжилсэн нийтлэл тухайн үедээ нийгэмд дуулиан тарьж байсныг тэр үеийн уншигчид санаж байгаа байх.  

Энэ жилийн ДХЭЧ-ний өдрийн хүчин чармайлт нь “Олон нийтийн эрх ашгийн төлөө нотлогдсон мэдээ бэлтгэхэд сэтгүүл зүйн онцгой үүрэг нь мэдээллийг нийтийн сайн сайхны төлөө байлгах боломж олгодог өргөн хүрээтэй экосистемээс хэрхэн хамаарч буйд анхаарал төвлөрүүлэх зорилготой” болохыг ЮНЕСКО онцлон тэмдэглэж байна. 

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынхан хуурамч мэдээллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд илүү их хүчин чармайлттай ажиллахыг уриалж байна. Бид хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө иргэдийг төөрөлдүүлж буй, санаатай болон санамсаргүй өргөн тархаж буй энэ ноцтой асуудлыг атганаасаа алдаж болохгүй

Энэ жилийн ДХЭЧ-ний өдөр хоёр зүйлийг онцлон хэлмээр байна. Нэгдүгээрт, хүн төрөлхтөн цар тахлаас үүдэлтэй томоохон сорилтой тулгарсан хэвээр байна. Манайд ч энэ аймшигт цар тахлын тохиолдол олширч, эрдэнэт хүний аминд хүрсэн тоо нэмэгдэн, биднээс шинэ хандлага, шинэ шалгуур шаардаж байна. Хоёрдугаарт, тун удахгүй зургадугаар сарын 9-ний өдөр Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн санал хураалт товлогдоод байна. 

КОВИД-19 цар тахлын аюулаас сэргийлэх, хамгаалах явцад дэлхий даяар хуурамч, хуудуутай, дэгс мэдээлэл газар авч, хүнд эрсдэл бий болж байна. Иймээс ЮНЕСКО “Хуурамч мэдээллийн цар тахал. КОВИД-19 хуурамч мэдээллийг ухаж ойлгох нь”, “Хуурамч мэдээллийн цар тахал. КОВИД-19 хуурамч мэдээллийг нэгтгэн авч үзэх нь” хэмээх Бодлогын хоёр бичиг баримт боловсруулсан юм. “Хуурамч мэдээллийн цар тахал” хэмээх нэр томъёо хэрэглэх болсон учраас “КОВИД-19-тэй холбоотой хуурамч мэдээлэл анагаах ухааны тухай төөрөгдөл бий болгож, манай гарагийн хүн бүрт төдийгүй бүхэл бүтэн нийгэмд тэр даруй нөлөөлж байна. Энэ нь бусад сэдвээрх хуурамч мэдээллээс илүү хүний аминд хүрэхээр хор хөнөөлтэй байна” хэмээн тайлбарласан байна. Мөн “Өнөөдөр КОВИД-19 цар тахал үргэлжилсээр байгаа үед энэ нь үхэл, амьдралын асуудал болж байна. Хуурамч мэдээлэл нь баримт, өгөгдөл, тайлбарын сөргөлдөөнийг хурцалж, нөлөө бүхий үзэл бодол, эсвэл туршлага, баримтын хоорондын шугамыг бүдгэрүүлэн, мөн үнэ цэн бүхий эх сурвалжид үл итгэх байдлыг өөгшүүлдэг” хэмээн уг Бодлогын бичиг баримтад тэмдэглэжээ. Бодлогын бичиг баримтын нэгдүгээр хэсгийн орчуулгыг манай байгууллагын цахим хуудаснаас уншиж болно. 

ЮНЕСКО-ийн хоёр дахь Бодлогын баримт бичигт Засгийн газруудад хандан авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний үйл ажиллагаануудыг санал болгосон билээ.

Иргэдийг хуурамч мэдээллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд дэлхий нийтэд төр, засгийн байгууллагууд нь онцгой анхаарч, хариу арга хэмжээ авч байна. Харин сэтгүүлчдэд мэргэжлийн үүргээ зохих ёсоор биелүүлэхэд нь хуулийн хатуу зохицуулалт, дутуу буруу ойлголтоос үүдэлтэй хязгаарлалт, саад тотгор учирч буй нь харамсалтай. 

Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д илгээсэн “Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл”-д “Гамшгийн үед олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх хууль зүйн арга хэмжээ авсан нь хүний эрхийн зарчимд нийцнэ. Харин эдгээр хууль тогтоомжийн “илт худал мэдээлэл”, “худал мэдээлэл тараах” гэх хууль зүйн ойлголт нэг мөр болоогүй нь эрх бүхий этгээдээс хуулийн заалтыг дур зоргоороо тайлбарлах, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэл үүсгэж байгаа талаар мэргэжлийн байгууллагуудаас тавьж байгаа шүүмжлэл үндэслэлтэй юм” гэжээ. 

Улс орон, нийгмийн бүлгүүдэд хор хохирол учруулах зорилгоор зориуд, санаатай зохиосон хуурамч мэдээлэл, мөн ийм зорилгоор жинхэнэ байдлыг хөөрөгдсөн, дэгс мэдээлэлтэй тэмцэх нь улс орны стратегийн чухал алхам юм. Гэхдээ “худал мэдээлэл” гэх хуулийн заалтын далбаан дор иргэдэд айдас төрүүлэн, иргэдийн эсрэг урвуулан, хэтрүүлэн ашиглаж, булхайтай, буруу үйлдэл, хээл хахууль, авлигын бусад хэргийн талаарх баримтыг няцаах, шударга шүүмжлэлийг нухчин дарах арга хэрэгсэл болгохоос сэргийлэх нь ёс журамд нийцнэ. 

Манай байгууллагын 2020 оны 11 дүгээр сарын 25-наас хийж эхэлсэн иргэний болон улс төрийн эрхийн зөрчлийн мониторингоор гурван сарын хугацаанд нийт 80 шахуу зөрчил бүртгэгджээ. Мөн Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сэтгүүл зүйн 300 бүтээлч ажилтны дунд хийсэн судалгаагаар тэдний 59 хувь нь “бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээс хойш манайд хэвлэлийн эрх чөлөө хумигдсан” гэсэн байна. 

Хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал нь хэвлэл мэдээллийн оршин тогтнохуйн чухал үзүүлэлт юм. Энэ хямралт, хэцүү цаг үед бид хэвлэл мэдээлэл ямар ч аргаар хамаагүй орших тухай яриагүй. Иргэд, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ёс төртэй биелүүлэх ёс зүйт бизнесийн тухай, иргэдийн хувьд мэдээллийн итгэлтэй, найдвартай эх сурвалж байх тухай ярьж байгаа юм. Ялангуяа, хэвлэл мэдээллийн олон талт байдал буюу арилжааны, олон нийтийн болон хүйн хэвлэл мэдээлэл зэрэгцэн үр ашигтай, үр нөлөөтэй ажиллах орчин нөхцөл нь хэвлэл мэдээллийн эко системийн үр ашгийн асуудал юм. Манайд өнөө хэр хүйн хэвлэл мэдээллийг эрх зүй, бодлогын хүрээнд хүлээн зөвшөөрөөгүй байна. ЮНЕСКО-ийн Бодлогын бичиг баримтад “Дэлхий даяар КОВИД-19-ын хямралын эдийн засгийн үр нөлөө нь сэтгүүл зүйн тогтвортой байдалд түгшүүр төрүүлж буй тул хараат бус хэвлэл мэдээлэл, түүнчлэн олон нийтийн хэвлэл мэдээллийг бэхжүүлэхэд хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх”-ийг Засгийн газруудад санал болгосон билээ. Гэтэл манайх Олон нийтийн радио телевизийн төсвийг тавин хувиар танасныг харалган алхам гэж үзэж байна

Хэвлэл мэдээлэл үүргээ зохих ёсоор биелүүлэхэд сэтгүүл зүйн эх сурвалжийн тэнцвэрт байдлыг хангах нь мэргэжлийн анхан шатны шаардлага юм. Гэтэл Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дурдсан судалгаанд хамрагдагчдын гуравны хоёр нь тэдний түгээсэн бүх мэдээлэл ба ихэнхэд нь албаны эх сурвалж зонхилсон гэжээ. Эх сурвалжийн тэнцвэрт байдал хангахад тулгарсан бэхшээлийн хувьд “сэтгүүлчид өөрийн цензурт автсан” гэдгээ онцолсон байна. Энэ хэцүү цаг үед КОВИД-19-тэй холбоотой асуудлуудын тухай албаны мэдээлэл, өгөгдлийг нэмэгдүүлэх нь зүй ёсны хэрэг. Ингэхдээ манай төрийн байгууллагууд хот, хөдөөгүй Фейсбүүкийн талбарыг идэвхтэй ашиглах боллоо. Цар тахлын үеийн төрийн бодлого, хариу арга хэмжээг мэдээлэл харилцааны албанаас Фейсбүүк лайваар шууд хүргэж байгаагаа хамгийн олон хэрэглэгчид хүрдэг нийгмийн хэвлэл мэдээллийн энэ сувгийг эрсдлээс урьдчилан  сэргийлэх үр ашигтай арга гэж үзэж байгаа ч, нөгөө талаар мэргэжлийн хэвлэл мэдээллийн үүргийг дутуу үнэлж, бууруулахад хүргэж болзошгүй нь түгшүүртэй юм. 

Дайны хажуугаар дажин гэгчээр нийгмийн хэвлэл мэдээллийн сувгууд хуурамч мэдээллийг тээгч, түгээгч болж буй өнөө цагт иргэн бүр үг, үйлдлээ бодох шаардлагатай болж байна. Иргэдийнх нь хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол өндөр улс орнуудад хуурамч мэдээллээс урьдчилан сэргийлэх ажил нь өндөр дүнтэй байгааг олон улсын судалгаанууд баталж байна. Ийм ч учраас хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ач холбогдлыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. ЮНЕСКО-ийн Бодлогын бичиг баримтад Засгийн газруудад “Хуурамч мэдээллийн цар тахалтай тэмцэхэд төвлөрсөн хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролд санхүүжилт хуваарилж, дэмжлэг үзүүлэх” –ийг санал болгожээ. Харин манайд өнөө хэр хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг дэмжих төрийн бодлого алга

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд, одоо улс төрийн намууд нэр дэвшигчээ тодруулах, СЕХ-нд бүртгүүлэх үйл явцтай холбоотойгоор улс төр халуун, нөхцөл байдал урьд урьдынхаас ээдрээтэй, хүнд байна. Улс төрийн популизм, хошгоруулалт, тархи угаалт гаарч байна. Ерөнхийлөгчийн өнгөрсөн сонгуулиудын сурталчилгааны аяны явцад үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, түрмэмгийллийг өөгшүүлсэн үг хэллэг элбэгшиж байсныг бид санаж байгаа. Ийм зохисгүй өдөөн хатгалт, туйлшрал, төөрөгдлөөс иргэдээ сэргийлэх, сайн мэдээлэлтэйгээр санал хураалтад оролцоход нь сонгогчиддоо туслах нь шударга, ёс зүйт сонгуульд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг. Энэ бол улс төрийн нэг нам, нэг нэр дэвшигчид үйлчлэхээс хавьгүй ариун үйлс юм. Шинээр батлагдаж, саяхан нэмэлт өөрчлөлт орсон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хэвлэлийн мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг түр зогсоохоос эхлээд хаах, тусгай зөвшөөрлийг цуцлах гэх мэт хатуу хязгаарлалтууд болгоомжлол, айдас төрүүлсэн цагдан хяналт болдог. Гэсэн хэдий ч сонгуулийн үеэр гагцхүү улс үндэстнийхээ эрх ашигт үйлчлэх зарчмын байр сууриа чанд эрхэмлэн ажиллахыг хэвлэл мэдээллийн удирдлага, сэтгүүлчиддээ уриалж байна. 

ДХЭЧ-ний энэ өдөр цохон тэмдэглэх бас нэг зүйл байна. 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн 36 дахь чуулганаар Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг гурав дахь удаагаа дүгнэн хэлэлцлээ. Харамсалтай нь, үзэл бодлоо, илэрхийлэх эрх чөлөөний талаар НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн өмнөх хуралдаанаас өгсөн найман зөвлөмж хэрэгжээгүй бөгөөд энэ удаа Хүний Эрхийн Зөвлөлөөс Монгол улсад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхийн тулд гүтгэх үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх арга хэмжээ авах, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг үйлдсэн халдлагыг хараат бусаар мөрдөн шалгах нөхцөлийг баталгаажуулах зэрэг замаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, иргэний нийгмийн идэвхтнүүд шийтгэл хүлээнэ гэх айдасгүйгээр үйл ажиллагаагаа олон улсын хэм хэмжээний дагуу чөлөөтэй явуулах нөхцөлийг хангах, хувь хүний нууцаа хамгаалуулах эрхийг хөхиүлэн дэмжиж, улам сайн хамгаалах зорилгоор өгөгдөл хамгаалах үр дүнтэй хууль тогтоомж батлах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон интернэтийн хэрэглээнд тогтоосон хязгаарлалтыг цуцлах талаар шаардлагатай хүчин чармайлт гаргах зэрэг зөвлөмж нэмж өгсөн билээ. Эдгээр зөвлөмжийг өнөөгийн УИХ, Засгийн газар хэрэгжүүлнэ гэж найдаж байна.

Ингээд хэвлэлийн эрх чөлөөний энэ өдрийг тохиодуулан дөрвөн зүйлийг чухалчлан Засгийн газарт хандан уриалъя. 

Нэгд, эрсдлээс сэргийлэх, албаны мэдээлэл, өгөгдлийг нэмэгдүүлэн Фейсбүүкийн талбар ашиглахдаа хэвлэл мэдээллийн мэргэжлийн үүргийг бууруулахгүй байхыг эрмэлзэх.

Хоёрт, сумдад ажиллаж, оршин тогтнохын төлөө байдгаараа хичээж буй нутгийн хүйн радионуудын гүйцэтгэж буй үүргийг хүлээн зөвшөөрч, бодлого, эрх зүйн зохицуулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх.

Гуравт, хуурамч мэдээллийн цар тахлаас сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээнүүдээ эргэн нягталж, мониторинг хийх. Ингэхдээ КОВИД-19-тэй холбоотой хуулиудад байгаа “худал мэдээлэл” гэсэн зүйл заалтыг хамруулан нэмэлт өөрчлөлт оруулах, эдгээр хуулийг хүний эрх, мэдээлэлтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж буй иргэдийн шударга шүүмжлэлийг нухчин дарахад урвуулан ашиглахгүй байх. 

Дөрөвт, хуурамч мэдээллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үр өгөөжтэй арга зам болохынх нь хувьд, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын төрийн бодлого баталж, санхүүгийн тусламж үзүүлэх.  

Эцэст нь, цар тахлын энэ хямралт нөхцөлд тэргүүн эгнээнд манлайлан зогсож буй эмч, эмнэлгийн ажилтан, онцгойгинхон, цагдаагийн алба хаагчдад гүн талархаж илэрхийлж, та бүхнээр бахархаж буйгаа илэрхийлье. 

Сэтгүүлчид маань бүх цаг үед тэргүүн фронтын дайчид байдаг. Цаг завгүй энэ ажлынхаа явцад өөрсдийгөө аюул, эрсдлээс хамгаалан, эрүүл мэнддээ сайн анхаараарай. 

Аюулгүй байя, гэхдээ нам гүм биш.