ДХЭЧӨ-2021-т зориулсан цахим хэлэлцүүлгээр дэлхий дахинаа тулгарч буй гурван асуудлыг хэлэлцлээ

“Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байх нь” сэдвийн дор 2021 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр (ДХЭЧӨ)-ийг Глоб Интернэшнл төв (ГИТ) ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдөр цахим хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгууллаа. Цахим хэлэлцүүлгийг нээж, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал, профессор Шахбаз Хан, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, Европын холбооны Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч Марко Ферри, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, ГИТ-ийн УЗ-ын дарга Х.Наранжаргал нар үг хэлэв.

Профессор Хан нээлтийн үгэндээ ардчилал, хүний язгуур эрхийг хангахад хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн хүртээмж, хараат бус, олон ургалч сэтгүүл зүйн ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Тэрбээр КОВИД-19 цар тахлын улмаас үүссэн хямралын үеэр улам бүр даамжирч буй харилцаа холбооны экосистемийн гурван томоохон бэрхшээлийг даван туулахад нэн шаардлагатай арга хэмжээ авах, хэвлэл мэдээллийн салбарынхныг хүчээ нэгтгэж, мэдээллийг олон нийтийн эрх ашиг хэмээн дээдэлж, сэтгүүл зүйн салбарыг бэхжүүлэхийн тулд контент үйлдвэрлэх, түгээх, хүлээн авахад хийж болох зүйлсийн талаар судалж, ил тод байдал, эрх мэдлийг нэмэгдүүлэхийн тулд хэнийг ч үл орхихгүй байхыг уриалав.  

Ноён Мишра “Үнэн зөв мэдээллийн хүртээмж нь хүний үндсэн эрхээс илүү чухал” болохыг дурдаад, “НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэлсэнчлэн, энэ бол үхэл ба амьдралын асуудал байж болох”-ыг онцлов. Түүнчлэн, “чөлөөт, цензургүй, саадгүй хэвлэл мэдээлэл нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэх авах эрх зэрэг иргэнэ болон улс төрийн бусад эрхийг хангахад аливаа нийгэмд чухал үүрэг гүйцэтгэдэг” болохыг анхааруулан тэмдэглэв. 

Ноён Ферри хэлсэн үгэндээ, өөрийн хил хязгаар төдийгүй дэлхий дахинд хэвлэлийн болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах, дэмжин, Европын холбоо тууштай үйл ажиллагаа хийж байгааг дурдаад, “ЕХ-ноос 2020 онд Хүний эрх хамгаалагчдыг хамгаалах механизмыг бүрдүүлж, үүний ачаар 400 гаруй сэтгүүлч эрхээ хамгаалуулсныг” онцоллоо. Түүнчлэн, хэд хэдэн бүс нутагт цар тахлын үед худал мэдээлэлтэй тэмцэх, хэвлэл мэдээллийн бие даасан байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэлснийг дурдав. 

Хатагтай С.Уянга ДХЭЧӨ нь улс орон бүрийн “засгийн газруудад хэвлэлийн эрх чөлөөний талаарх амлалтаа хүндэтгэх хэрэгтэйг сануулж, хэвлэлийн эрх чөлөө, мэргэжлийн ёс зүйн асуудлаар хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд эргэцүүлэл хийх боломж олгодог” болохыг онцлов. 

Хатагтай Х.Наранжаргал нээлтийн үеэр хэлсэн тулга үгэндээ хэд хэдэн зүйлийг онцлов. Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газраас хэвлэл мэдээллийн мэргэжлийн үүргийг дутуу үнэлэхгүй байхыг онцгойлон хүслээ. Тухайлбал, цар тахлын үеийн төрийн бодлого, хариу арга хэмжээг  мэдээлэл харилцааны албанаас FB-ээр шууд хүргэж байгаа нь хамгийн олон хэрэглэгчид хүрдэг нийгмийн хэвлэл мэдээллийн сувгийг эрсдлээс урьдчилан сэргийлэх үр ашигтай арга гэж үзэж байгаа ч, нөгөө талаар  мэргэжлийн хэвлэл мэдээллийн үүргийг дутуу үнэлж, бууруулахад хүргэж болзошгүй юм. Хоёрдугаарт, өнөө хэр хүйн хэвлэл мэдээллийг эрх зүй, бодлогын хүрээнд хүлээн зөвшөөрөөгүй байгаа тул оршин тогтнох гэж оролдож буй хүйн радио хэрэгслийн нийгэмд гүйцэтгэдэг онцгой үүргийг анхааралдаа авах, бодлогын, зохицуулалтын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Гуравдугаарт, хэвлэл мэдээллийн олон янз байдал буюу арилжааны, олон нийтийн болон хүйн  хэвлэл мэдээлэл зэрэгцэн үр ашигтай, үр нөлөөтэй ажиллах орчин нөхцөл нь хэвлэл мэдээллийн эко системийн үр ашгийн асуудал тул үүнийг сурталчлахыг уриалав. Дөрөвдүгээрт, 2021 онд Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сэтгүүл зүйн 300 бүтээлч ажилтны дунд хийсэн судалгаагаар тэдний 59 хувь нь “бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээс хойш манайд хэвлэлийн эрх чөлөө хумигдсан” болохыг онцлов. Судалгаанд хамрагдагсдын гуравны хоёр нь “тэдний түгээсэн бүх мэдээлэл ба ихэнхэд нь албаны эх сурвалж зонхилсон гэжээ”. Эцэст нь, тэрбээр “КОВИД-19 цар тахлын энэ цаг үед худал мэдээлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх нэрийдлээр баталсан хууль, бусад тогтоомжууд нь хүний эрхийг зөрчихгүй байхад анхаарах нь зүйтэй” гэв. Мөн иргэдийнх нь хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол өндөр улс орнуудад хуурамч мэдээллээс урьдчилан сэргийлэх ажил нь өндөр дүнтэй байгааг дурдаад, “Харин манайд өнөө хэр Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг дэмжих төрийн бодлого байхгүй” болохыг онцлов. 

Энэ жилийн ДХЭЧӨ-өөр гурван үндсэн асуудлын хүрээнд илтгэгчид илтгэл тавив. ГИТ-ийн Мэдээлэл, харилцааны менежер Ц.Лхагвасүрэн “Хэвлэл мэдээллийн оршин тогтнохуйн баталгааг хангаж, мэдээлэл боловсруулах, түгээх үйл явц дахь түүний үүргийг бэхжүүлэх нь” илтгэлдээ хоёр зүйлийг онцлов. Нэгдүгээрт, хэвлэл мэдээллийн оршин тогтнохуйг дан ганц эдийн засгийн загвараар бус, нийгэм-улс төр, харилцаа холбоо, үйлчилгээ авч буй орон нутаг буюу иргэдийн эрх ашиг, зах зээлийн нөхцөл байдал гэх мэт өргөн хүрээнд авч үзэж, томъёолох нь дижитал шилжилтийн үед илүү чухал болох тухай онцлов. Хоёрдугаарт, хэвлэл мэдээллийн оршин тогтнохуйд нөлөөлж буй гадаад (улс төр, эдийн засаг, нийгэм, зах зээлийн) болон дотоод (хэвлэл мэдээллийн нөөц, чадавх, менежмент) хүчин зүйлст дүн шинжилгээ хийх, улмаар дэлхий дахинаа авч хэрэгжүүлэх шаардлагатай арга, механизмуудын талаар танилцуулав.

Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн Гүйцэтгэх захирал Ц.Тамир “Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байхын амин чухал тулгуур болсон онлайн талбар дахь ил тод байдлыг баталгаажуулах нь” илтгэлдээ, нэгдүгээрт, мэдээллийг дамжуулагчид буюу мэдээллийг эрж хайн, боловсруулж мэдээллийг тодорхой давтамжуудтайгаар түгээдэг мэргэжлийн редакц илүү чухал гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болж буйг онцлов. Хоёрдугаарт, мэргэжлийн редакцын боловсруулсан агуулгыг бусад агуулгатай адилтгахгүй байх төдийгүй тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын баталгааг шалгадаг байх хэрэгцээ, шаардлага тулгарч буйг онцоллоо. Гуравдугаарт, цахим орчинд үйл ажиллагаагаа явуулдаг Монголын сэтгүүл зүйн байгууллагууд өөрсдөө “ил тод бус” байгааг анхааруулав. 

Хэвлэлийн хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал М.Мөнхмандах “Хуурамч мэдээлэл, үзэн ядах үг хэллэгийн үе дэх хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын чадавхыг дээшлүүлэх нь” илтгэлдээ хоёр зүйлийг онцлов. Нэгдүгээрт, сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа, мэдээлэл сурталчилгаа хоёрын зааг ялгаа бүдгэрсэн, түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчид өөрсдөө мэдээлэл гуйвуулах гэх мэт асуудлууд байгаа болохыг онцлов. Хоёрдугаарт, мэдээллийн төөрөгдөлтэй тэмцэх, иргэдэд үнэн бодит, чанартай мэдээлэл өгөх гол эх үүсвэр нь чанартай мэдээлэл бэлтгэх хараат бус сэтгүүл зүйн гажуудлын вакциныг хүчирхэгжүүлэхээс гадна, мэдээллийн гажуудлыг сөрөх нийгмийн чадавхийг бий болгохын ач холбогдлыг тайлбарлав.

Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн Монгол улсад 2020 онд хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал ямар хэмжээнд байсан талаар хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зургаан зөрчлийн тохиолдлууд, нэр төр гутаасан гэх иргэний болон эрүүгийн хэргийн тоо баримтад тулгуурлан танилцуулав. 

Цахим хэлэлцүүлгийн төсгөлд 13 дахь удаагийн “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Монгол медиа компанийн “Ийгл ньюс” телевизийн сэтгүүлч Г.Балжиннямд гардуулснаар үйл ажиллагаа өндөрлөв.