УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр телевизийн сурталчилгаанд хийсэн мониторингийн дүгнэлт

Глоб Интернэшнл төв УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр телевизийн сурталчилгаанд мониторинг хийв. 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа нь хууль, эрх зүйн орчны өөрчлөлт, Ковид-19 цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед явагдсанаараа, мөн 2016 оны УИХ-ын сонгууль Сонгуулийн тухай нэгдсэн нэг хуулиар зохицуулагдаж байсан бол энэ удаад тус тусдаа хуулиар зохицуулагдсанаараа онцлогтой болжээ. Тухайлбал, МҮОНТ-ийн сонгуулийн сурталчилгаа явуулах эрх зүйн зохицуулалт нь бусад арилжааны телевизээс ялгаатай. Мониторингд үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлэг эрхэлдэг МҮОНТ, MN 25, NTV, UBS, TV9 зэрэг таван сувгийг хамруулсан юм. Тус сувгууд МУИХСтХ-д заасны дагуу улс төрийн нам, нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлснээс гадна цаг үеийн мэдээний хөтөлбөр, мэтгэлцээн зэрэг сонгуулийн хараат бус сэтгүүл зүйн төрөл хэлбэрээр сонгогчдод сонгуультай холбоотой мэдээлэл түгээсэн бөгөөд үүнд ажиглалт хийхэд дараах нийтлэг дүр зураг гарав.

Нэгдүгээрт, мониторингд хамрагдсан таван телевизийн сонгуулийн мэдээлэл тэнцвэргүй байв.

Хоёрдугаарт, арилжааны телевизүүд хуулиар ногдуулсан сурталчилгааны хязгаарлалтыг зарим тохиолдолд хэтрүүлэв. 

Гуравдугаарт, мониторингд хамрагдсан телевизүүдийн мэдээний хөтөлбөр нь ажлаа тайлагнах болон далд сурталчилгааны талбар болов. 

Дөрөвдүгээрт, эрэгтэй нэр дэвшигчдийн сурталчилгаа эмэгтэйчүүдийнхээс зарим тохиолдолд их байв. 

Тавдугаарт, мэдээллийн болон сурталчилгааны өнгө аясын хувьд эерэг буюу магтаж сайшаасан өнгө аяс давамгайлав. Тухайлбал, эрэгтэй нэр дэвшигчдийн талаарх мэдээллийн 58 хувь магтаж сайшаасан өнгө аястай байсан бол төвийг сахисан мэдээлэл 37 хувь болов. Эмэгтэйчүүдийн талаарх мэдээллийн 63 хувь эерэг, 35 хувь нь төвийг сахисан өнгө аястай цацаджээ. Харин сөрөг өнгө аястай мэдээлэлд эрэгтэйчүүд 5 хувь, эмэгтэйчүүд 2 хувь эзэлсэн байна. 

Зургадугаарт, сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийн хэмжээ нэмэгдэж телевизүүд сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл бэлтгэх, нэвтрүүлэх хүчин чармайлт гаргасан нь  сайн жишиг болов. Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.