Сэтгүүлчдийн дуу хоолой бодлогод нөлөөлөх нь

Глоб Интернэшнл төвөөс Улаанбаатар хотын болон 21 аймгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулан 2021 оны 3 дугаар сарын 3, 4-ний болон 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулсан “Шударга, ёс зүйт сонгууль ба хэвлэл мэдээлэл” цахим сургалтын үеэр оролцогчид хэд хэдэн чухал саналыг Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-нд тавьсан бөгөөд үүний үр дүнд тус Хорооноос боловсруулсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх хяналт тавих журам”-д гурван өөрчлөлт оруулжээ.

Нэгдүгээрт, сэтгүүлчид сонгуулийн сурталчилгааг радио, телевизээр үндэстний цөөнхөд зориулж хадмал орчуулгатай нэвтрүүлэхсанал гаргасны дагуу “Радио, телевиз нь сонгуулийн үеийн мэдээ, мэдээлэл, сонгуулийн сурталчилгаа, сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлгийг Монгол хэлний тухай хуулийн 6.1.1, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 23.1-т заасны дагуу төрийн албан ёсны хэл болох Монгол хэлээр бэлтгэн дамжуулах бөгөөд хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнхөд зориулан нэвтрүүлэхдээ хадмал орчуулгатай нэвтрүүлэх” саналын томъёоллыг танилцуулав. Мөн сургалтын үеэр хөндөгдсөн үндэстний цөөнхийн эх хэлээрээ сурталчилгаа хүлээн авах эрхийн асуудал тус журамд “Сонгуулийн сурталчилгааг хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнхийн хэлээр нь нэвтрүүлэхэд төрийн албан ёсны хэл болох Монгол хэлний хадмал орчуулгатай нэвтрүүлэх”-ээр тусгагджээ.

Хоёрдугаарт, телевизийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын  зүгээс, тус журмын төслийн 3.2.1 “.... Хуваарь, цаг, үнэ тарифын саналыг батлан, ..... Өөрийн цахим хуудаст байршуулан нийтэд мэдээлэх” гэсэн заалтаас цахим хуудаст үнэ тарифын саналыг байршуулах үүргийг хасах санал гаргасны дагуу, “Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх хуваарь, цаг, үнэ тарифын саналыг батлан нам, эвсэл, нэр дэвшигчдэд хүргүүлж, ил тод мэдээлж ажиллана” хэмээн өөрчилсөн байна.

Гуравдугаарт, тус журмын төслийн 3.1., 3.8, 3.8.1, 3.8.2 дахь заалтуудад эх сурвалжийг дурдах, сонгуулийн сурталчилгаа гэдгээ тодорхой илэрхийлээгүй, эх сурвалжаа дурдаагүй нэвтрүүлэгтэй холбоотой заалтуудаас үүдэн сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрхийн асуудалтай андуурагдах магадлалтай хэмээн үзэж, “эх сурвалж” гэдэг үгийг “захиалагч, нам, эвсэл, нэр дэвшигч” болгон өөрчлөв.

Харин тус журмын 3.18-д “Радио, телевиз нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаатай холбоотой баримт болон сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн талаарх хуваарь, үнийн санал, гэрээ, эфирийн бичлэгийг нотлох баримт болгож зургаан сараас доошгүй хугацаагаар хадгална” гэсэн заалттай холбоотойгоор, хугацааг нь нэг жил болгон өөрчлөх санал гарсан ч, телевизүүдийн зүгээс “хэвээр үлдээх” санал гаргасныг хүлээн авчээ.