Сэтгүүл зүйн оюутнууд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нөлөөллийн цахим аян өрнүүлэх, холбогдох хуулийг хэрхэн ашиглахад суралцлаа

Глоб Интернэшнл төвөөс сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нөлөөллийн цахим аян өрнүүлэх ур чадварыг дээшлүүлэх зорилготой онлайн сургалтыг 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулав. Сургалтанд МУИС, МУБИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Улаанбаатар Эрдэм их сургууль, CITI их сургууль, СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн нийт 20 оюутан оролцов.

Сургалтыг ГИТ-ийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал, тус төвийн хуульч Б.Пүрэвсүрэн нар хөтлөн явуулсан юм. Уг сургалтаар “Нөлөөлөл болон лобби хэрхэн хийх вэ?”, “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг ашиглан мэдээлэл авах хүсэлт гаргах нь” гэсэн сэдвийн хүрээнд оюутнуудад мэдээлэл өгөв. Х.Наранжаргалын удирдсан эхний хэсэгт, асуудалд суурилсан сэтгүүл зүй ба түүний үйл явц, нөлөөлөл, зорилго, хамрах хүрээ, түүнчлэн түүнийг хэрэглэх техник, тактик зэрэг сэдвүүдийг хөндөв. Үүний зэрэгцээ лобби ба түүний хоёр төрөл, ач холбогдол, лобби хийх дөрвөн арга замыг сургагч багшийн зүгээс танилцуулав. Мөн оюутнууд лобби хийх 10 алхамд суралцлаа. Сургалтын үр дүнд, оюутнууд нөлөөлөл ба лобби хоёрын ялгааг таньж мэдсэнээрээ уг сургалт ихээхэн ач холбогдолтой байв. Тухайлбал, лобби хийх нь нөлөөллийн ажил хэдий ч нөлөөллийн ажил бүр лобби биш. Тодруулбал, нөлөөлөл нь хүмүүсийг тодорхой асуудлын талаар мэдлэгтэй болгоход, харин лобби нь тодорхой хууль тогтоомжид нөлөөлөхөд чиглэсэн байдаг. Сургалтын бас нэг онцлог, нөлөөллийн болоод лобби ажиллагаатай холбоотой ГИТ-ийн гурван туршлагаас оюутнууд суралцсан явдал байв. Тухайлбал, мэдээллийн ил тод байдлын талаар ойлголтгүй байсан үед буюу 2000 оны эхэн үед, Парламентын нэр бүхий дөрвөн гишүүнийг үйл ажиллагаандаа татан оруулсны үр дүнд тэдний мэдээллийн ил тод байдлын талаарх мэдлэг нэмэгдсэн. Цаашлаад, ГИТ нь лобби хийхдээ хэлэлцүүлэг, сургалт, уулзалт, бодлогын дүн шинжилгээ хийх зэрэг төрөл бүрийн арга хэмжээ, аяныг есөн жилийн хугацаанд хэрэгжүүлснээр уг хууль батлагдсантухай мэдээллийг оюутнуудад хүргэв.

ГИТ-ийн хуульч Б.Пүрэвсүрэн эрхийн түгээмэл тунхаглалд заасанчлан, хүний ​​үндсэн эрх болох мэдээллийн эрх чөлөөг хэрэгжүүлэхэд талаар оюутнуудад мэдээлэл өгөв. Б.Пүрэвсүрэн мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлэх дөрвөн аргыг танилцуулав. Тухайлбал, мэдэх эрх гэдэгт 1) мэдээлэл хайх, 2) мэдээлэл хүлээн авах, 3) мэдээлэл олж авах, 4) мэдээлэл түгээх багтдаг. Сургалтын үр дүнд оюутнууд төрийн байгууллагуудад ямар төрлийн мэдээлэл хадгалагддаг талаар ойлголт мэдлэгээ дээшлүүлсэн. Тухайлбал, тухайн байгууллагын төсөв, түүний зарцуулалт, иргэдэд зориулсан үйлчилгээний тухай тушаал гэх мэт. Мөн төрийн байгууллагаас мэдээлэл хүсэхдээ зөвхөн овог нэр, оршин суугаа хаяг, албан ёсны баримт бичгийн хуулбарыг бүрдүүлснээр мэдээлэл авах эрх нь үүсэх бөгөөд оюутан эсэх, ямар зорилготой мэдээлэл хүсч буйгаа тодорхойлон бичих хууль зүйн үндэслэл байхгүй болохыг ГИТ-ийн хуульч тайлбарлалаа. Түүнчлэн, хуульч, сэтгүүл зүйн чиглэлээр сурч буй оюутнууд хууль, хүчний байгууллагаас мэдээлэл хүсэхэд тулгардаг бэрхшээлүүдийн талаар ярилцав. Тухайлбал, хүссэн мэдээллээ цагдаа, хууль хүчний байгууллагуудаас цаг тухайд нь авч чаддаггүй бөгөөд хэнд хэрхэн хандахаа төдийлөн мэддэггүйгээ оюутнууд онцолж байв. Б.Пүрэвсүрэн тухайн асуудал бэрхшээлийг даван туулахын тулд холбогдох хууль тогтоомжийг хэрхэн ашиглах талаар зөвлөхийн зэрэгцээ ГИТ нь ийм асуудалтай тулгардаг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хууль зүйн зөвлөгөө өгдөг тухайгаа дурдав.

Энэхүү сургалтыг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ын дэмжлэгтэйгээр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэй сэтгүүлчдийг чадавхижуулах нь" хөтөлбөрийн хүрээнд" Глоб Интернэшнл төвөөс зохион байгуулж буй нөлөөллийн үйл ажиллагааны нэг юм. Уг сургалт нь сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан цуврал сургалтын эхний хэсэг нь бөгөөд бусад сургалтыг идэвхтэй сонгогчид болон мобайл сэтгүүл зүйн ач холбогдол, нийгмийн сүлжээг ашиглан хэрхэн нөлөөллийн аян өрнүүлэх зэрэг агуулгын хүрээнд зохион байгуулна.