Х.Нямбаатарын талаар худал мэдээлэл тараасныг нотолсон гурван шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ

УИХ-аас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмсэн 13.14 дүгээр зүйл буюу “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг нэмсэн бөгөөд энэ хууль 2020.02.13-ны өдөр “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэн.  Үүнээс хойш 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 8 хүнийг шүүхээс шийтгэсэн байна.  Яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд 15 хэрэг байгаа тухай ХЗДХЯ-ны цахим хуудаст мэдээлсэн байна . Үндсэндээ шүүхээс дунджаар нэг сард нэг хүнийг “худал мэдээлэл” тараах гэмт хэрэгт шийтгэж байна.

Үүнээс УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын гомдлоор шүүхээс хоёр хүнийг “худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт буруутгаж, ял шийтгэсэн байна. Тодруулбал, 

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.20-ны өдрийн 689 дугаартай шийтгэх тогтоолоор “Шүүгдэгч Х.А нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн нутаг дэвсгэрээс өөрийн ‘Гал Бороо’ нэртэй фэйсбүүк цахим хуудсаас олон нийтийн сүлжээгээр Улсын Их Хурлын гишүүн буюу хохирогч Х.Нямбаатарыг ‘Нямбаатар чи 14-тэй охиныг яаг яасын!!! МАНАН чинь чамайг ингэж дасгалжуулаа юу...’ ‘Коммунистууд өөрсдөө бага насны охидоор зугаагаа гаргахаа бодоод нэгэнт баталж гаргасан 14 настай хүүхдийг хүчиндэж болох хуулиа өөрчлөхгүй’ ‘Тэр хүчирхийлэгчдэд нь чинь эрүүгийн хэрэг үүсгэх боломж байхгүй. Чи 14 настай. Өнөөгийн УИХ-ын гишүүдийг сонгож гаргасан ээж, аавдаа гомд’ гэж нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж үзэж иргэн Х.А-г 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.04-ний өдрийн 726 дугаартай шийтгэх тогтоолоор “Х.Г нь 2020 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөрийн Х.Заяа нэртэй фэйсбүүк цахим хуудаснаас олон нийтийн сүлжээгээр Улсын Их Хурлын гишүүн буюу хохирогч Х.Нямбаатарыг ‘Нямбаатарын гаргасан хууль 14-тэй охин хүчиндвэл 450.000 төгрөгөөр торгуулаад л болоо, охины чинь хохь болно. Ийм новшийн юмнуудыг төрд дахин бүү арга. Коммунистууд өөрсдөө бага насны охидоор зугаагаа гаргахаа бодоод нэгэнт баталж гаргасан 14 настай хүүхдийг хүчиндэж болох хуулиа өөрчлөхгүй. Тэр хүчирхийлэгчдэд чинь эрүүгийн хэрэг үүсгэх боломж байхгүй. Чи 14 настай. Өнөөгийн УИХ-ын гишүүдийг сонгож гаргасан ээж, аавдаа гомд’ гэж нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэм буруутай” гэж үзэж иргэн Х.Г-г 500.000 төгрөгийн торгох ял шийтгэсэн. 

Энэ хоёр шийдвэрт дүн шинжилгээ хийе.

А/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.20-ны өдрийн 689 дугаартай шийтгэх тогтоол

1/ Гэмт хэргийн шинжийн талаар:

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл /Худал мэдээлэл тараах/-ийн 1-т зааснаар “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” бол 450,000 – аас 1,300,000 төгрөгөөр торгох, эсхүл 240 – 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 - 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Энэ зохицуулалтаас харахад, дараах ойлголт гарч ирж байна. Үүнд: 

- хүний “нэр төр”, “алдар хүнд”, 

- хуулийн этгээдийн “ажил хэргийн нэр хүнд”

- “илт худал мэдээлэл”

- “олон нийтэд тараах”

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.20-ны өдрийн 689 дугаартай шийтгэх тогтоолд Х.Нямбаатарын нэр төр, алдар хүндийг тодорхойлоогүй, тухайн шүүгдэгчийн фэйсбүүкт оруулсан бичвэр нь илт худал мэдээлэл гэдгийг тодорхойлоогүй, “олон нийтэд тараах” гэдгийг “...бичвэр, зураг бүхий постыг 14 хэрэглэгч хуваалцаж /шэйрлэж/, 16 хэрэглэгч уг постонд дүрс зураг дарж постыг үзсэн болох нь тогтоогджээ” гэж тайлбарласан байна. 

Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй, 4-т зааснаар энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална. Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ. Тэгэхээр шүүхээс дээрх хэргийг шийдвэрлэхдээ Х.Нямбаатарын “нэр төр”, “алдар хүнд”, түүнд халдсан “илт худал мэдээлэл” гэх ойлголтыг заавал тайлбарлах ёстой байжээ.

2/ Нотлох баримт, нотолбол зохих байдлын талаар:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.20-ны өдрийн 689 дугаартай шийтгэх тогтоолд дараах нотлох баримтыг шинжлэн судалжээ. Үүнд: 

- Шүүгдэгч Х.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг

- Хохирогч Х.Нямбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг

- Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг 

- Галт Бороо нэртэй фэйсбүүк хаяганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл 

- Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл 

- Шүүгдэгч Х.А-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас 

- Шүүгдэгч Х.А-н иргэний үнэмлэхийн лавлагаа, түүний хувийн байдлын талаарх баримтууд.

Эндээс харахад, “Галт Бороо нэртэй фэйсбүүк хаяганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл”-ийг тооцохгүй бол шүүхийн шийдвэр үндсэндээ мэдүүлэгт тулгуурлажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад  дараахь байдлыг нотолно:

гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/;

гэмт хэргийг хэн үйлдсэн;

гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр;

Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал;

гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ;

гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл.

Дээрх шүүхийн шийдвэрт гэмт хэргийн сэдэлт, зорилго; гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ; гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоогоогүй байна. Зөвхөн эдгээр асуудлаар “улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн өмгөөллийн үг зэргийг тус тус харгалзан үзлээ” гэжээ. Харгалзан үзэх бус, нотлох ёстой зүйл юм.

Х.Нямбаатарын зүгээс “худал мэдээлэл тараах” гэмт хэргээс сэргийлэх арга хэмжээ авсан эсэхийг шүүх тодруулаагүй байна. Х.Нямбаатарын мэдүүлэгт “...Энэ сэдвээр хамгийн анх 2018 онд хавраас эхлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр намайг дээрх хуулийн заалтыг санаачилж батлуулсан мэтээр гүтгэж, доромжилсон илт худал мэдээлэл явагдаж эхэлсэн бөгөөд үүнийг эсэргүүцэж тайлбар хийх, олон нийтэд зөв ойлголт өгөх зөв чөлөө тэр болгон гараад байдаггүй юм” гэж хэлснээс харахад иргэдэд үнэн, бодит мэдээлэл өгөөгүй нь тус гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөл болжээ.

Шүүгдэгч мэдүүлэгтээ “...цахим сайт болон олон нийтийн телевизээр 14 настай хүүхдийг насанд хүрсэн хүн гэж үзнэ гэсэн утгатай мэдээлэл явж байсан. Уг мэдээллийг уншихад УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилсан хуулинд тэгэж тусгагдсан байна гэсэн утга бүхий мэдээлэл фэйсбүүкээр яваад байхаар нь би үнэхээр тийм хууль санаачилж батлуулсан юм байх гэж бодоод, өөрөө охин хүүхэдтэй учир Нямбаатар гишүүний санаачилсан тэр хуулийг нь эсэргүүцэж пост бичсэн юм. Би Нямбаатар гишүүн үнэхээр тийм хууль санаачилсан эсэхийг би нягтлаагүй, буруу ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээнээс харж өөрийн цахим хуудсанд байршуулж, бусдад түгээсэндээ маш их харамсаж байна. Би Нямбаатар гишүүнийг 14-тэй охинтой бэлгийн харьцаанд орж болно гэсэн хууль санаачлаагүй гэдгийг мэдээд өөрийн оруулсан постоо устгасан. Мөн өөрөөс нь фэйсбүүк чатаар нь уучлалт гуйсан” гэжээ.

Б/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.04-ний өдрийн 726 дугаартай шийтгэх тогтоол

1/ Гэмт хэргийн шинжийн талаар:

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.04-ний өдрийн 726 дугаартай шийтгэх тогтоолд тайлбарлаагүй, “шүүгдэгч Х.Г-гийн дээрх Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан ‘...үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх...’ гэсэн эрхээ эдэлж, одоогийн дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд заасан ‘Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох’ гэсэн гэмт хэргийн төрлийг шүүмжилж, өөрийн ‘Х.Заяа’ нэртэй хувийн цахим хуудаснаас олон нийтийн сүлжээгээр тараахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх гэж заасан үүргээ биелүүлэлгүй ... гэж бичиж хохирогч Х.Нямбаатарыг уг гэмт хэргийн төрлийг шинээр санаачлан Эрүүгийн хуульд тусгаж хууль тогтоогчоор батлуулсан мэтээр бусдад ойлгуулан нэр төр, алдар хүндэд нь халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэжээ. 

2/ Нотлох баримт, нотолбол зохих байдлын талаар:

Шүүхээс нотлох баримтыг жагсааж бичсэн байх бөгөөд аль нотлох баримтаар ямар үйл баримтыг нотолж байгааг тайлбарлаагүй байна. Тухайлбал, шүүгдэгч Х.Г-гийн “Самсунг Нөүте-8” маркийн гар утсанд ...2020 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 22 цаг 6 минутад татаж авсан, 66.96 кв хэмжээтэй, 991x859 нарийвчлалтай, РВ-IMG-1589033806429.jрg гэсэн нэрээр хадгалагдсан Х.Нямбаатарын зурагтай “гаж донтнууд хууль зохиож баталсаар байх уу”, “14 настай охинтой бэлгийн харьцаанд орж болно...” гэсэн бичвэртэй 1 ширхэг зураг юуг нотолж байгаа талаар тайлбарлаагүй байна.

3/ Шүүхээс хэрэглэвэл зохих эх сурвалжийн талаар:

Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар ч мөн адил хамгаалдаг. НҮБ-ын Хүний эрхийн хорооны 2011 оны 07 дугаар сарын 11-29-ний өдөр хуралдаж 102 дугаар чуулганаар хэлэлцэн баталсан ИБУТЭТОУП-ын 19-р зүйлийн Ерөнхий тайлбар №34-ийн 42 дахь хэсэгт “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэн нийтлэгч, сэтгүүлчдийн гагцхүү Засгийн газар, эсхүл Засгийн газрын дэмжлэгтэй улс төр, нийгэм, хуулийн тогтолцоог шүүмжилсний төлөө шийтгэл ногдуулахыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зайлшгүй хязгаарлалт гэж хэрхэвч үзэж болохгүй” тухай дурдсан. Мөн түүнчлэн тус тайлбарын 47 дахь хэсэгт “...нийтийн албан тушаалтнуудтай холбоотой тайлбар сэтгэгдлийн хувьд шийтгэх, санамсаргүй алдаа гаргаж, хорон санаа агуулалгүйгээр хэвлэн нийтэлсэн материалыг үнэн бус, хууль бус гэж үзэхээс зайлсхийвэл зохино” тус тус заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасныг үндэслэн олон улсын хэм хэмжээг баримтлах ёстой байна. Улс төрийн өндөр албан тушаалтны гаргасан гомдол дээр иргэн, сэтгүүлчийг буруутган яллах талыг барих ёсгүй байсан. Улс төрийн өндөр албан тушаалтан нь өөрөө хүсэж энэ албыг хашдаг бөгөөд олон нийтийн шүүмжлэлд хүлээцтэй хандах үүрэгтэйгээр жирийн иргэнээс ялгаатай байдгаараа онцлогтой. Үүнээс үзвэл шүүхээс ИБУТЭТОУП, түүний нэмэлт 34 дүгээр тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ баримтлахгүй байна.

В. Иргэн Х.Г-ийн гомдлоор хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.03-ны өдрийн 2020/ДШМ/1402 дугаар магадлал

Өмгөөлөгч Б.П-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Энэхүү хэрэг нь сэтгүүл зүйн гэхээсээ илүүтэй иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хүрээнд бичсэн сэтгэгдэл байсан. Иймд нягтлах шалгах үүрэг сэтгүүл зүйн салбар шиг жирийн иргэнд оногддоггүй. Мөн шүүгдэгч Х.Г нь олон нийтийн санаа бодлыг дамжуулсан төдий бөгөөд үүнийг гомдол гаргагч Х.Н мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрсөн. Шинжээчийн 2020 оны 05.25-ны өдрийн 2552 дугаар дүгнэлтэд “Коммунистууд өөрсдөө бага насны охидуудаар зугаагаа гаргахаа бодоод нэгэнт батлагдаж гаргасан 14 настай хүүхдийг хүчиндэж болох хуулиа өөрчлөхгүй. Тэр хүчирхийлэгчдэд чинь ЭХ үүсгэх боломж байхгүй. Чи 14 настай. Өнөөгийн УИХ-ын гишүүдийг сонгож гаргасан ээж, аавдаа гомд” гэсэн зурагт эвлүүлгийг үйлдсэн тухай дурдагдаагүй байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс алийг нь Х.Г бичиж сэтгэгдэл үлдээсэн алийг нь цахим орчноос татаж утсандаа авсан бэ гэдэг дээр дүгнэлт хийлгүй гэм буруутайд тооцож шийтгэл оногдуулсан зэрэг алдаа гаргасан. 3 тусдаа өөр дүрс, сэтгэгдэлд нэг хүнээс үйлдсэн мэтээр хамтатгаж шийтгэвэр оногдуулсан тухай дурддаг. 

Шүүхээс шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчөөгүй. Нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхээс үнэлж, дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан гэж үзэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.04-ний өдрийн 726 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэргийн талаарх шүүхийн шийдвэр хангалтгүй, үндэслэл бүхий байж чадахгүй байна. Энэ нь шүүгчийн төдийгүй мөрдөгч, прокурор, өмгөөлөгчийн туршлага, ур чадвартай хамааралтай байна.

Худал мэдээлэл тараах гэмт хэргийн үндсэн шинж болох “илт худал мэдээлэл”-ийг хууль тогтоомжид тайлбарлаагүй, хохирогчийн зүгээс тийнхүү худал мэдээлэл тараахаас сэргийлэх, худал мэдээллийг залруулах хангалттай арга хэмжээ авсан эсэхийг харгалздаггүй, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн дагуу шийдвэрлэж болох иргэний гэм хорын асуудлыг эрүүжүүлсэн нь буруу байна. 

Нийгэмд нэгэнт тогтсон ойлголтыг дамжуулсны төлөө тухайн иргэдийг буруутгаж шийтгэвэр оногдуулж байгаад анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй байна. Мөн хууль тогтоомж, нийгмийн систем болох Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйл Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийг шүүмжлэхдээ иргэн Х.Н-ийг холбож бичсэн иргэн бүрд шүүхээс шийтгэвэр оногдуулж буй нь буруу бөгөөд тус хэрэгт анхны шийтгэвэр Х.Н-ийн талд гарснаар нэр төр, алдар хүнд нь халдсан болох нь тогтоогдох боломжтой байсан юм. 

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2015 онд Монгол Улсад өгсөн дараах зөвлөмж болон Засгийн газрын 2016 оны 204 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө”-г бүрэн хэрэгжүүлж, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиас “илт худал мэдээлэл тараах” гэмт хэрэг, зөрчлийг хасах шаардлагатай байна:

- Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн харилцааг зохицуулсан хууль, журмуудад Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар хүлээсэн Монгол Улсын үүрэгт бүрэн дүүрэн нийцүүлэх;

- Нэр төр гутаахыг эрүүгийн гэмт хэрэгт тооцохгүй байх; 

- Интернэт орчинг оролцуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг бүх орчинд баталгаажуулах; 

- Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд болон иргэний нийгмийн зүтгэлтнүүд өөрсдийн үйл ажиллагааг олон улсын стандартад заасны дагуу шийтгэн цээрлүүлэх аливаа айдасгүйгээр чөлөөтэй эрхлэх бололцоог хангах; 

- Олон нийтийн зүтгэлтэн, улс төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэргийг шийдвэрлэхдээ олон улсын хэм хэмжээг баримтлах, шүүмжлэлт сэтгэлгээг хүлээн зөвшөөрөх;

- Нэр төр гутаах үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохгүй байх, төрийн болон орон нутгийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг сурвалжилсан, шүүмжилсний улмаас мөрдөн хавчигдах, эсхүл дарамт шахалтад орохоос хамгаалах орчинг бүрдүүлэх;

- Нэр төр гутаах үйлдлийг эрүүгийн гэмт хэргээс хасах, олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэн иргэний хуулийн журмаар шийдвэрлэх; 

- Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлохтой холбоотой зүйл, заалтыг шүүмжлэлийг таслан зогсоох зорилгоор ашиглахгүй байх, сэтгүүлчдийн мэдээллийн эх сурвалж болон шүгэлдэгчийг хамгаалах.

Эрүүгийн хуулийн Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт шийтгүүлсэн анхны тохиолдолд хийсэн дүн шинжилгээ

Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-аас 2020.01.10-ны өдөр  Монгол Улсын эрүүгийн эрх зүйн түүхэнд анх удаагаа худал мэдээлэл тараахыг  гэмт хэрэгт тооцсоноороо онцлогтой байв.

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх зүйл Худал мэдээлэл тараах гэмт хэргээр Хөвсгөл аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийтгэвэр гарч 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан анхны тохиолдол 2020.04.03-ны өдөр гарсан. МУ-ын эрүүгийн эрх зүй залхаан цээрлүүлэх шинжээс хүмүүнлэгийн шинж байдалд шилжин эрх зүйт төрийн зарчмын үндсэн дээр эрүүгийн хэргийг боловсронгуй болгож байгаа гэж дотоодын эрдэмтэд үзэж буй хэдий ч шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэг нь цээрлүүлэх, хүмүүжүүлэх шинжээр ял оногдуулж буй нь учир дутагдалтай гэж судлаачийн хувьд үзэж байна. Эрүүгийн хуулийн зөв хэрэглээний асуудал шүүхийн шийдвэрээр дамжин гарах бөгөөд эрүүгийн хэргийг шүүхээс хэр шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэж буй талаар дүгнэхийн тулд энэ төрлийн гэмт хэрэгт шийтгэвэр оногдуулсан анхны тохиолдлыг авч үзсэнээрээ энэхүү шүүмж нь ач холбогдолтой. Худал мэдээлэл тараах гэмт хэрэг Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийхийг үүгээр эрмэлзэв. Эрүүгийн хэргийн 13.14 дүгээр зүйл Худал мэдээлэл тараах заалт хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор шүүхийн хүчин төгөлдөр 8 шийдвэр 2020 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн байдлаар гарсан байна. Эдгээрийн шийтгэвэрийн ихэнх тохиолдол нь орон нутагт гарчээ.

Дэлгэрэнгүйг http://new.shuukh.mn/eruuanhan танилцана уу.

2015 онд шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс гаргасан шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргачлалыг ашиглав.

https://www.judcouncil.mn/file/taraah.pdf

1. Дүн шинжилгээ хийх хэргийн товч

Хөвсгөл аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх. 2020.04.03 №00112

Шүүгдэгч: Б.Б нь 2020.02.29-ний өдөр өөрийн фэйсбүүк хэрэглэгчийн хаягнаас “Хөвсгөл аймгийн нэгдсэн зар” группд “Аймаг тойрсон эргүүлийн албаныхан яагаад бизнес эрхлээд байгаа юм бэ? та нар орж гарахад хармааны мөнгө хийх зүгээр үү” гэсэн пост бичсэнийг илт худал мэдээллийг олон нийтэд тарааж, хорио цээрийн дэглэмийн үед үүрэг гүйцэтгэн ажиллаж буй төрийн албан хаагчдын ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан прокурорын яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн хэргийн 2038002260132 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлсэн.  

2/ Гэмт хэргийн шинжийн талаар:

Шүүгдэгч нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, илтэд худал мэдээллийг олон нийтэд тарааж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэжээ. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйл 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. 

Анхан шатны шүүхийн шийдвэрт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт буруутай хэмээн ял оноосон байна. Энэхүү шийдвэр нь үндэслэлтэй эсэхийг тодорхойлохын тулд эхлээд гэм буруугийн зарчмыг авч үзье.  

МУҮХ-д 16.16-д заасны дагуу иргэн нь үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Иргэний өөрийн угийн, ухамсарласан, эсвэл таамагласан үзэл бодлын улмаас ямар ч хүн ИБУТЭОУП-аар хамгаалагдсан аливаа эрхээ эдлэхдээ хохирох ёсгүй. Үүнтэй холбоотойгоор үзэл бодолтой байхыг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх нь тус Пактын заалттай харшилна гэж тайлбарласан. Монгол Улс нь Үндсэн хуулиараа олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх бөгөөд нэгдэн орсон гэрээ конвенц нь дотоодын хууль, тогтоомжийн нэгэн адил үйлчлэхээр  заасан.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэсэн заалт нь энэ эрхийг хамгаалж буй зохицуулалт болно. Үзэл бодлын шалтгаанаар баривчлах, саатуулах, шүүх, шоронд хорихыг хамруулан  дарамт үзүүлэх, айлган сүрдүүлэх, нэр хоч өгөх нь Пактын 19 дүгээр зүйлийг зөрчсөнд тооцогдоно. Иргэний өөрийн цахим хуудсаараа бичсэн сэтгэгдэл нь иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний илрэн гарах нэг хэлбэр гэж болно. 

Шүүхийн шийдвэрт энэ гэмт хэргийн улмаас хохирсон этгээдэд хэнийг хамаатуулж ойлгож байгаа нь тодорхойгүй байна. Тухайлбал, “хорио цээрийн дэглэмийн үед уртасгасан цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон гэмт хэргийг үйлдсэн” гэж тодорхойлох хэсэгтээ дурджээ. Гэвч ЭХ-ийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан...”  бол хариуцлага хүлээлгэнэ. Шүүх хуулийн этгээдийн болон хүний нэр төр хохирсон аль нь болохыг тодорхойлолгүйгээр төрийн албан хаагчдын ажил хэргийн нэр хүнд гэж авч үзэхдээ өөрийн дотоод итгэл, үнэмшлээр “уртасгасан цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа” гэх хэрэгт ач холбогдолгүй урьдчилсан нөхцөлийг оруулж нэг талыг барьж шийдвэрлэсэн байх үндэслэлтэй байна.

3/ Нотлох баримт, нотолбол зохих байдлын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих асуудлыг бүрэн тогтоосон гэж шүүх үзсэн нь хэргийг бүх талаас нь бүрэн гүйцэд хянаж чадаагүй байна. Гэрчээр мэдүүлэг өгсөн Ё.Ш, Б.Н, Э.Б, Н.Н нарын мэдүүлэгт үндэслэсэн болохоос биш үнэхээр 30.000 мянган төгрөгөөр торгуулаад Хөвсгөл аймагт орж, гарсан хүн бий эсэхийг эрэн хайгаагүй, энэ талын ажиллагаа явуулаагүй хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Дүгнэлт

1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь гэм буруугийн зарчмыг үндэслээгүй бөгөөд хэт нэг талыг барьж, ял оногдуулахыг зорьсон байна. 

2. Хэргийн нотлох баримтыг нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоолгүй мөрдөн байцаах, прокурорын шатанд буцаах боломжтой хэргийг буцаагаагүй шийдвэрлэжээ. 

3. Шүүгч хэдий өөрийн дотоод итгэлийн үндсэн дээр хэргийг шийдэх хэдий ч шийдвэр нь ямагт үндэслэлтэйн дээр тэрхүү үндэслэл нь хууль зүйн шинжлэх ухаанаас урган гарсан байх учиртай. Үндсэн эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ олон улсын хэм хэмжээг баримтлаагүй бөгөөд дан ганц дотоодын хууль тогтоомжоор яллах талыг барьж шийдвэрлэжээ.

4. Цар тахлын үед үнэн бодит мэдээлэл түгээх нь Засгийн газрын үүрэг болохыг харгалзан үзээгүй байна.


ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТӨВ