Ковид-19 ба Иргэний болон улс төрийн эрхийн зөрчлийн мониторинг хийж эхэллээ

Коронавируст халдвар буюу КОВИД-19 цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед болон бүх нийтийн бэлэн байдал зарласан хугацаанд авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ нь олон улсын хүний эрхийн хязгаарлалтын зарчимд нийцэж буй эсэхэд хяналт тавих, өндөржүүлсэн бэлэн байдлын үед мөрдөх дотоодын хууль тогтоомжийг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэхэд нөлөөлөх зорилготой уг мониторингийг Глоб Интернэшнл төв 2020 оны 11 сарын 25-наас эхлэн хийж эхэллээ.

Мониторингийн үйл ажиллагааны хүрээнд КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үе буюу өндөржүүлсэн бэлэн байдал болон бүх нийтийн бэлэн байдал зарласан хугацаанд ИБУТЭОУП-тай холбоотой зөрчил буюу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд халдсан, мэдэх эрхийг хязгаарласан, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан зохион байгуулах, шашин шүтэх, эс шүтэх эрхэд халдсан аливаа зөрчил гарсан эсэхэд болон цаашид гарч болзошгүй эсэхэд мониторинг хийнэ.


Ингэхдээ нэгдүгээрт хууль эрх зүйн судлаачдын баг мониторингийн хамрагдах хугацаанд буюу өндөржүүлсэн бэлэн байдлын үе болон бүх нийтийн бэлэн байдал зарласан 2020 оны 01 сарын 27-оос 2021 оны 02 сарын 05-ны хооронд гарсан дээрх эрхүүдтэй холбоотой Засгийн газрын эрх зүйн актуудад дүн шинжилгээ хийх, шүүхээр шийдвэрлүүлсэн хэрэг, маргаанд дүн шинжилгээ хийх, мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээллийг нэгтгэн боловсруулах, зөвлөмж, санал боловсруулах, шаардлагатай тохиолдолд аливаа зөрчил маргаанд орсон этгээдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх юм. 

Мөн цахим хуудас болон нийгмийн сүлжээний мониторингийн баг ажиллах бөгөөд хууль эрх зүйн багийн боловсруулсан агуулга тодорхойлох мэдээлэлд тулгуурлан арга зүй боловсруулж шүүлт хийх замаар мэдээлэл цуглуулах юм. 

Үүнээс гадна зөрчлийн мэдээллийг цуглуулах зорилгоор “Миний эрх зөрчигдөж байна” нийгмийн сүлжээний аян зохион байгуулахаар төлөвлөөд байна. Иймд КОВИД-19 цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед болон бүх нийтийн бэлэн байдал зарласан хугацаанд таны эрх зөрчигдсөн бол Глоб Интернэшл төвийн доорх хаягуудад хандаж зөрчлийн мэдээллийг бидэнд бүртгүүлээрэй. 


Мониторингийн хугацаанд дор дурдсан үр дүнд хүрэхээр төлөвлөж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед мөрдөх МУ-ын Засгийн газар, эрх бүхий бусад байгууллагаас гаргасан захиргааны болон хэм хэмжээний актуудад дүн  шинжилгээ хийнэ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед гарсан иргэний болон улс төрийн эрхийн зөрчлийг бүртгэнэ. 

Бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, сэтгүүлчид болон иргэний нийгмийн төлөөлөл зөрчлийн томъёолсон ойлголттой болно.

Иргэд, олон нийт, эрх бүхий этгээдүүд өндөржүүлсэн бэлэн байдлын үед бусдын эрхийг зөрчихгүй байх, өөрийн эрхийг хамгаалах талаар мэдлэг ойлголттой болно.