Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг /UPR/-т илгээсэн тайланг танилцуулах онлайн уулзалт боллоо

Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг /UPR/-ийн гурав дахь мөчлөгт Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чиглэлээр илгээсэн тайлан болон өмнөх тайлангийн хэрэгжилт, Монгол дахь одоогийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх онлайн уулзалтыг зохион байгууллаа. 

Монгол улсаас Швейцарын Холбооны улсад суугаа элчин сайд, байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн, орлогч Д.Энхтайван, ГХЯ-ны Хүний эрхийн хэлстийн дарга В.Оюу нартай 2020 оны 9 сарын 21-ний өдөр цахим уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн чиглэлээр бэлтгэсэн тайлан, түүний хэрэгжилтийн талаар танилцуулав. 

Мөн үзэл бодлоо илэрхийлэх чиглэлээр ажилладаг олон улсын төрийн бус байгууллагуудад мэдээлэл өгөх уулзалтыг 2020 оны 9 сарын 25, 29-ний өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд уулзалтад “Article19”, “Global Forum for Media Development” (GFMD), “Internews”, “Free Press Unlimited” зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцлоо. 


Глоб Интернэшнл төв 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг /UPR/-ийн гурав дахь мөчлөгт Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чиглэлээр тайлан илгээсэн. 

Энэхүү тайланг хэвлэл мэдээллийн төрийн бус байгууллага, сэтгүүл зүйн эрдэмтэн багш, нийслэл, орон нутгийн сэтгүүлчидтэй хийсэн гурван удаагийн Зөвлөлдөх уулзалтад тулгуурлан боловсруулсан юм. 

Монголын Засгийн газар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чиглэлээр хүлээн авсан 8 зөвлөмжөө (108.131-108.138) өнөө хүртэл хэрэгжүүлээгүй байна. Иймд өмнөх мөчлөгт илгээсэн тайлангийн хэрэгжилтэд тулгуурлан энэ удаагийн тайланг боловсруулсан бөгөөд нийт долоон зөвлөмжийг багтаасан байна.