УРИАЛГА-Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр 2020

КОВИД-19 цар тахлаас үүдсэн хямралын үеийн мэдээллийн хүртээмжийн асуудал энэ жилийн “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр”-ийн анхаарлаа төвлөрүүлэх гол сэдэв юм. Энэхүү олон улсын өдрийг дэлхий нийтээр “Амьдрал аварч, итгэл төрүүлж, найдвар авчирна!” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. НҮБ-ын зүгээс мэдээллийн хүртээмжийг эрүүл байх эрхийн гол бүрэлдэхүүн хэсэг хэмээн онцлон тэмдэглэсэн юм. 

Дэлхий нийтийг хамарч буй КОВИД-19 цар тахлын хямралын үеэр хүний эрхийг хангах үүднээс мэдээллийн хүртээмж, нэн ялангуяа эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хэрэгжүүлэхэд түүний гүйцэтгэх онцгой үүргийг ухамсарлах нь нэн чухал юм. Төрийн бүх байгууллагууд хямралт энэ үед иргэдийн суурь ашиг сонирхолд нийцсэн, нийтэд ил тод байх мэдээллээр хангахад идэвх чармайлт гаргах нь зүйтэй. Эрүүл мэндийн хямралтай холбоотой үзэл бодлоо илэрхийлэх, эрүүл мэндийн асуудлаарх мэдээллийг хэвлэн нийтлэхийг эрх мэдэлтнүүдийн зүгээс хязгаарлах аваас хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй бөгөөд эрүүл байх эрх бүрэн утгаараа хэрэгжих боломжгүй юм. Онц байдал нь олон нийтийн мэдээлэлтэй байх эрхийг хөсөрдүүлэх үндэслэл болохгүй хэмээн Европын Зөвлөлөөс гаргасан онц байдлын үеэр хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэлтэй байх эрхийг хамгаалах тухай удирдамжид заасан байдаг.

Мэдээлэлтэй байх эрхийг хүний эрх мөн хэмээн хүлээн зөвшөөрдөг боловч зарим тохиолдолд энэ эрхийг бусдын эрх, нэр төр, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах шаардлагаас үүдэн хязгаарлахыг олон улсын хэм хэмжээгээр хүлээн зөвшөөрдөг. Ингэхдээ, эдгээр хязгаарлалт нь хуулиар тогтоосон байх, хууль ёсны зорилго агуулсан байх, зайлшгүй байх хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгодоо хүрэхийн тулд хэм хэмжээндээ байхаас гадна цаг хугацааны нарийн хязгаарлалттай байх ёстой.  

Засгийн газар нь хүний эрхийг, тэр дундаа эрүүл байх эрхийг хамгаалахад шаардлагатай мэдээ, мэдээллээр нэн тэргүүнд хангах үүрэг хүлээдэг. Үнэн бодит, цагаа олсон мэдээлэл КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд амин чухал гэдгийг ДЭМБ-ын Ерөнхий захирал удаа дараа онцолсон билээ. Эрүүл байх эрх нь олон улсын хүний эрхийн хуулиар хамгаалагдсан бусад эрхтэй, тэр дундаа мэдээлэлтэй байх эрхтэй нягт холбоотой. Мэдээлэлтэй байх эрхийг хангах нь хуурамч мэдээлэлтэй тэмцэх, мэдээллийг дур зоргоор хязгаарлахаас урьдчилан сэргийлэхэд ихээхэн ач холбогдолтой. 

Дэлхий даяар засгийн газрууд иргэдээ хамгаалах үүргийнхээ хүрээнд хөл хорио тогтоох, тусгаарлах зэрэг онцгой арга хэмжээ авч байгаа энэ цаг үед хэвлэл мэдээлэл асар их үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд сэтгүүлчид олон нийтийг үнэн бодит мэдээллээр хангах, эрүүл мэндийг хамгаалах зохистой арга хэмжээний талаар таниулан сурталчлах, хуурамч мэдээллийг сааруулах, ийм төрлийн мэдээлэлтэй тэмцэх, асуудал дэвшүүлэх, төр засгаас хариуцлага нэхэхэд хүчин чармайлтаа дээшлүүлэх шаардлага тулгарч байна. 

Иймд, Глоб Интернэшнл төвөөс сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад хандаж, КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд зориулж Монгол Улсын Засгийн газарт олон улсын байгууллага, дотоодын байгууллага болон хувь хүмүүсийн өгч буй зээл тусламж, хандивийг хэрхэн зарцуулж буй талаарх мэдээллийг эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтнуудаас нэхэн шаардах, эрэн сурвалжилга хийхийг уриалж байна. 

Мөн эрх бүхий төрийн байгууллагууд, албан тушаалтнуудад хандаж, КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулагдсан төсөв, хандив, зээл, тусламжийг хэрхэн зарцуулж буй талаарх мэдээллийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу олон нийтэд ил тод болгохыг шаардаж байна. 


ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТӨВ

2020 оны 9 дүгээр сарын 28