Ковид-19 ба Хэвлэлийн эрх чөлөө

Дэлхий даяар засгийн газрууд иргэдээ хамгаалах үүргийнхээ хүрээнд хөл хорио тогтоох, тусгаарлах зэрэг онцгой арга хэмжээ авч байгаа энэ цаг үед чөлөөт хэвлэл үлэмж үүрэгтэй. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд энэхүү хямралын талаар олон нийтэд мэдээлэл хүргэхэд тэргүүн эгнээнд хүчин зүтгэж байна. 

Хараат бус, мэргэжлийн сэтгүүл зүй нь олон нийтийг бодит мэдээллээр хангах, эрүүл мэндийн зохистой арга хэмжээний талаар таниулан сурталчлах, хуурамч мэдээллийг сааруулах, асуудал дэвшүүлэх, төр засгаас хариуцлага нэхэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Гэвч зарим засгийн газрууд цар тахлыг далимдуулан хуулинд хэтийдсэн хязгаарлалт бүхий зүйл заалт тусгах зэргээр хэвлэлийн эрх чөлөөг тал бүрээр хязгаарлах оролдлого хийсээр байна. 

Тухайлбал, цар тахлын талаар хуурамч мэдээлэл тараасны төлөө эрүүгийн хариуцлагад татах хууль гаргах нь ажиглагдаж байна. Энэ үйлдлээ тэдний зүгээс олныг төөрөгдүүлсэн хуурамч мэдээлэлтэй тэмцэх арга хэмээн зөвтгөж байгаа. Гэтэл зарим улс оронд гарсан тохиолдлоос харахад, эдгээр хуулийг хамгийн түрүүнд засгийн газрыг шүүмжлэгчдийг онилоход хэрэглэж байна. 

Дэлхийн эргэн тойронд цар тахлаар халхавчлан, хэвлэлийн эрх чөлөөнд халдсан явдал шил дараалан гарч байна. Энэ нь цагдан хяналт тогтоох, цар тахлыг мэдээлсэн, сурвалжилсан сэтгүүлчдийг дарамтлах, заналхийлэх, дур зоргоор баривчлах, хөөн цөлөх, хорих, мэдээлэл олж авахыг хязгаарлах, хуурамч мэдээлэлтэй тэмцэх нэрийдлээр хэтийдсэн хязгаарлалт, зохицуулалт хийх, хуурамч мэдээлэл тараасан гэх үндэслэлээр хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг зогсоох хэлбэрээр илэрч байна. 

Зургийг www.news.mn

Хэвлэлийн эрх чөлөөнд ийнхүү халдах нь төр засгийн хариуцлагад итгэх олон нийтийн итгэлийг сулруулж, өвчний тархалтын талаар амин чухал мэдээлэл авахад саад тотгор болох хор нөлөөтэй.Иймээс онц байдлын арга хэмжээ, зохицуулалтыг авч хэрэгжүүлэхдээ хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлахаас зайлсхийх, хямралтай холбоотой бүхий л төрлийн мэдээ, мэдээллийг сэтгүүлчдэд нээлттэй байлгах, засгийн газрын төлөөлөгчид болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд иргэдийг мэдээллээр хангахдаа сэтгүүлчдийн шүүмжлэх эрхийг зөрчихгүй байх шаардлагатай. 

Мөн түүнчлэн, хямралаар далимдуулан шүүмжлэл өрнүүлсэн хэвлэл мэдээллийг шийтгэх, хязгаарлахгүй байх, бодит шүүмжлэлийг хуурамч мэдээлэл хэмээн мушгин гуйвуулахгүй байх, хямралын талаар мэдээ, сурвалжилга бэлтгэдэг сэтгүүлчдийн эрүүл мэндийг сайтар сахин хамгаалах, зохистой тусламж үйлчилгээ авахад шуурхай туслах зэргээр хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах ёстой.

"Ковид-19 ба Хэвлэлийн эрх чөлөө" Олон улсын хүний эрхийн хэм хэмжээ, НҮБ, олон улсын хүний эрхийн байгууллагуудын хариу үйлдэл, зөвлөмжүүд дээр үндэслэн бэлтгэсэн гарын авлагыг бүрэн эхээр нь энд дарж уншина уу.