“Залуучууд, эмэгтэй сэтгүүлчдийг эрх мэдэлжүүлэх нь” төсөл эхэллээ

Глоб Интернэшнл Төв нь Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнтэй хамтран 2020 оны 9 дүгээр сараас эхлэн сэтгүүл зүйн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Залуучууд, эмэгтэй сэтгүүлчдийг эрх мэдэлжүүлэх нь” төслийг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Уг төсөл нь залуу, эмэгтэй сэтгүүлчдийг чөлөөт, шударга сонгуулийг сурвалжлах ур чадварыг дээшлүүлэх зорилготой. 

Энэ төслийн хүрээнд нэн тэргүүнд сэтгүүл зүйн багш нарын ур чадварыг дээшлүүлж, тэдний оролцоо дэмжлэгтэйгээр залуу, эмэгтэй сэтгүүлчид болон сэтгүүл зүйн оюутнуудад цуврал сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Эдгээр сургалт нь сонгууль сурвалжлах зарчим, түүн дотроо хуурамч мэдээлэлтэй хэрхэн тэмцэх, сонгуулийн өмнө ба дараа мэдээллийн үнэн шударга байдлыг хэрхэн сахих ур чадвар эзэмшүүлнэ. 

Төслийн үр дүнд 2020 оны орон нутгийн болон 2021 оны ерөнхийлөгчийн сонгууль дахь залуучууд болон эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, сонгуулийн булхай луйвар, тэр дундаа санал худалдан авах, хуурамч мэдээлэл түгээх, сонгогчдыг айлган сүрдүүлэх, тэдний дунд үзэн ядалтыг дэврээсэн үг хэллэг тараах зэрэг ёс бус байдалтай тэмцэхэд чиглэгдэнэ. 

Төслийн үйл ажиллагааны хүрээнд сэтгүүл зүйн 8 дадлагажуулагч багшаар дамжуулан, хот орон нутгийн 80 сэтгүүлч, 20 оюутныг чадавхжуулна. Төслийн үйл ажиллагаанд оролцогч оюутан залуус, сэтгүүлчид сонгуулийн өмнө болон дараа нэр дэвшигчдийн өгсөн үүрэг амлалт, мөрийн хөтөлбөрийн ардаас нэхэн шаардах, хариуцлага нэхэх зэргээр олон нийтийн мэдэх эрхийг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллах юм.