Сонгуульд оролцогч улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдэд уриалах нь

Глоб Интернэшнл Төвөөс УИХ-ын 2020 оны сонгуульд оролцогч улс төрийн намуудад хандан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх чиглэлээр тууштай бодлого баримталж, бодитой санал санаачилга гарган, шийдвэртэй алхам хийхийг уриалж байна. 

Монгол Улс нь НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөл (ХЭЗ)–өөс удирдан явуулдаг Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)–т 2010 оноос хойш нийт гурван удаагийн тайлан илтгэл явуулсан билээ. Тус Зөвлөлөөс 2015 онд Монгол Улсын хүний эрхийн үүрэг амлалтын хэрэгжилтийг хэлэлцсэний үндсэн дээр нийт 164 зөвлөмж өгснөөс найм нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой байна. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нь “үндэсний хууль тогтоомжийг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх, зохицуулах байгууллагын бие даасан хараат бус байдлыг хангах, гүтгэлэгтэй холбоотой заалтыг Эрүүгийн хуулиас хасах, сэтгүүлчид болон иргэний нийгмийн зүтгэлтнүүдийг аливаа дарамтаас ангид үйл ажиллагаа явуулах боломжоор хангах, сэтгүүлчдийн эх сурвалж болон шүгэл үлээгчдийг хамгаалах, цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрх, халдашгүй байх эрхийг баталгаажуулах, мөн хүний эрхийг аливаа хэлбэрээр хязгаарлахдаа хууль ёсны байх, зайлшгүй байх, хэм хэмжээндээ байх зарчмуудыг баримтлах”-ыг зөвлөсөн юм. 

Монгол Улсын Засгийн газар ХЭЗ-өөс өгсөн эдгээр найман зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлэхээр үүрэг амлалт авч, 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний Ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын 2016 оны 204 дүгээр тогтоолоор баталсан боловч харамсалтай нь өнөө хүртэл хэрэгжсэнгүй. 

2020 оны тавдугаар сард товлогдсон НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн 36 дахь хуралдаанаар Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн байсан нь КОВИД-19 цар тахлын улмаас 11 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл хойшлоод байна. Манай байгууллага Монголын Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумтай хамтран UPR–ын гурав дахь хэлэлцүүлэгт зориулсан тайлан бэлтгэж, НҮБ-ын ХЭЗ-д илгээсэн билээ. Энэ тайланд дурдсанаар ХЭЗ-ийн өмнөх зөвлөмжийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ иргэдийн төрийн байгууллагаас мэдээлэл авах эрхийг хангахын тулд Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төрийн ба албаны нууцын тухай хуульд шаардлагатай өөрчлөлт хийх, иргэдийн халдашгүй дархан байдлыг хамгаалахын тулд Өгөгдөл хамгаалах хууль батлах зэрэг долоон зөвлөмжийг багтаасан юм. 

Монгол Улс UPR–ын ээлжит хэлэлцүүлгийн өмнө НҮБ-ын ХЭЗ-ийн үзэл бодлоо илэрхийлэх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой арга хэмжээ авч, дорвитой ахиц гаргах шаардлага тулгарч байна. Иймд танай намын зүгээс УИХ-д суудал авсан тохиолдолд ирэх дөрвөн жилд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг улам баталгаажуулахын тулд НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүдийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх чиглэлээр бодитой санал санаачилга гарган, шийдвэртэй алхам хийхийг уриалж байна. 

Үүний тулд сонгуулийн сурталчилгааныхаа явцад иргэдийн эрх, эрх чөлөөгөө эдлэхийн үндэс нь болсон үзэл бодлоо баримтлах, илэрхийлэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжих чиглэлээр тодорхой амлалт авч, улс төрийн хүсэл зоригоо харуулахыг эрхэмлэн хүсч байна. Та бүхний идэвх зүтгэлээр Монгол Улс Үндсэн хуульдаа заасны дагуу иргэдийнхээ эрх, эрх чөлөө, ялангуяа үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэлтэй байх, чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэлтэй байх эрхийг тууштай дэмжигч ардчилсан орон болохоо олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө батлан харуулна гэдэгт итгэж байна. 

Глоб Интернэшнл Төв нь 1999 онд байгуулагдсан цагаасаа эхлэн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэлтэй байх эрхийг хөхиүлэн дэмжих, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, хэвлэлийн эрх чөлөөг сахин хамгаалах, сайн засаглал, ил тод, хариуцлагатай байдлыг дэмжих, олон нийтийг чадавхжуулах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллага юм. Иймээс манай байгууллага нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангах чиглэлээр НҮБ-ын ХЭЗ-өөс Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд анхаарлаа хандуулан, оролцогч талуудтай бүхий л талаар хамтран ажиллахыг эрмэлзэж байна.

ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТӨВ

2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр