“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага болох Глоб интернэшнл төв нь УИХ—ын 2020 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Мониторингийн зорилго нь УИХ-ын 20 оны сонгуулийн үеэр ХМХ-ийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, ХМХ-ээр явуулж буй сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буйг олон нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэх, Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ, СЕХ-ны хамтран баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих” журмын хэрэгжилтэд хяналт тавих явдал юм.
УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэрх телевизийн мониторингд МҮОНТ, ТV9, MN25, NТV, UBS гэсэн 5 телевизийг хамруулав. Дээрх телевизүүдийг сонгохдоо Максима ХХК-ны судалгаанд суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх албан ёсны эрхтэй зэрэг шалгуурыг үндэслэв.
6 сарын 2-23-ныг дуустал үргэлжлэх 3 үечлэлээр хийгдэж буй судалгааны нэгдүгээр үе буюу 6 сарын 2-07-ны өдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн судалгааны урьдчилсан дүнг танилцуулж байна.
Нэгдүгээр үе буюу 6 сарын 02-07
1. Судалгааны хугацаанд 5 телевизийн 552 цаг 29 минут 15 секундын нэвтрүүлэгт мониторинг хийснээс 73 цаг 04 минут 29 секунд нь буюу 14% нь сонгуультай холбоотой мэдээлэл байв.
МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн 44%-ийг МАН, 30%-ийг МАН-ын мэдээлэл эзэлсэн байна. Харин бусад телевизүүдийн нийт дүнгээс харахад МАН-ын тухай мэдээлэл дунджаар 48%-иар давамгайлжээ. Таван телевизийн мэдээний хөтөлбөрөөр МАН 53%, АН 31%-ийг эзэлж байна. Бие даагчдын талаарх мэдээлэл МҮОНТ дээр 11%-ийг эзэлсэн бол арилжааны телевизүүдээс “TV9” 8%-тай тэнцэх цаг мэдээлсэн нь хамгийн өндөр байна.
2. Нийт 5 телевизийн дунджаар төвийг сахисан мэдээлэл давамгайлсан нь 56% байна. МҮОНТ-ийн мэдээллийн 83% нь төвийг сахисан хандлагатай байсан бол сөрөг мэдээлэл 15% байна. Арилжааны сувгийн хувьд “UBS” телевизийн мэдээллийн 73% нь эерэг хандлагатай, МN25 телевизийн мэдээллийн 9% сөрөг өнгө аястай байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болов.
3. МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээлэлд далд сурталчилгаа өмнөх сонгуулиудтай харьцуулахад харьцангуй буурсан буюу 0.1%-ийг эзэлж байгаа нь сайшаалтай юм. Харин арилжааны телевизүүдийн далд сурталчилгаа 8-25%-ийг эзэлж байна.
4. Телевизүүдийн далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэлд МАН 52%-иар тэргүүлж байгаа бол АН 19%-иар удаалж байна.
5. Телевизүүд сонгуулийн хуулийн цагийн хязгаарлалтыг чанд баримталж байгаа нь мониторингоор харагдаж байна. Сонгуулийн тухай хуулийн 46.6 /60 минут/, 46.7 /15 минут/-д заасныг зөрчсөн тохиолдол илэрсэнгүй.
6. Сонгуулийн тухай хуулийн 46.15, 46.17 дахь заалтыг үндэс болгон мэтгэлцээн зохион байгуулах, сонгогчдын боловсролд зориулсан хараат бус сэтгүүл зүйн бүтээл бэлтгэн нэвтрүүлж байна. Гэвч телевизүүдийн зохион байгуулж буй мэтгэлцээн олон улсын хэм хэмжээнд нийцсэн, зарчмын дагуу бэлтгэгдэхгүй байна.