“Телевизийн мэтгэлцээн хэрхэн зохион байгуулах вэ?” сургалт боллоо

Глоб Интернэшнл төвөөс 2020 оны 5 сарын 19-22-ны өдрүүдэд сэтгүүлчдэд зориулан “Телевизээр сонгуулийн мэтгэлцээн хэрхэн зохион байгуулах вэ?” сургалт зохион байгууллаа. Сургалтад МҮОНТ болон хувийн хэвшлийн нийт 14 сэтгүүлч оролцож “Ардчилсан сонгууль” болон “Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг”-ийн талаарх суурь мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ “Сонгуулийн мэтгэлцээн хэрхэн зохион байгуулах вэ?” хоёр өдрийн сургалтад хамрагдлаа. 


Телевизийн мэтгэлцээн бол дэлгэцийн урлаг юм. Улс орнуудад сонгуулийн мэтгэлцээн хамгийн олон үзэгчдийг татдаг. Мэтгэлцээн зохион байгуулахад дэлгэцэнд хэрхэн зөв зохистой, цэгцтэй ярих вэ, асуултаа хэрхэн зөв тавих вэ гэх мэт бэрхшээл тулгардаг. Мэтгэлцээнд улс төрийн намын төлөөлөл, нэр дэвшигчдийг хэрхэн урих, оролцож буй хүнээ эвгүй байдалд оруулахгүйн тулд яах вэ, ямар асуулт тавих вэ зэрэг нарийвчилсан агуулгын хоёр өдрийн хөтөлбөрт багтаан сургалтыг зохион байгууллаа. Сургалтын сургагч багшаар МУБИС-ийн Улс төр судлалын багш Э.Гэрэлт-Од, ГИТ-ийн тэргүүн Х.Наранжаргал, ХУИС-ийн сэтгүүл зүйн тэнхмийн багш Л.Ариун нар ажиллав. 



Энэхүү сургалтыг Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн үүрэг оролцоог зохистой, тэнцвэртэй, хүртээмжтэй болгоход нөлөөлөх зорилгоор “УИХ-ын 2020 оны сонгуульд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүргийг хөхиүлэн дэмжих нь” төслийн хүрээнд зохион байгуулж байна. 

Сургалтын талаарх сэтгэгдлээ МҮОНТ-ийн сэтгүүлч Д.Бямбацэцэг хуваалцсаныг энд дарж үзнэ үү.