Үнэн бодит мэдээллээр хангагдах эрхийн төлөө шийдэмгий өөрчлөлт хийхийг нийгмийн сүлжээний эздэд уриаллаа

Эх сурвалж: www.rsf.org

Үнэн бодит мэдээллээр хангагдах эрхийн төлөө шийдэмгий өөрчлөлт хийхийг Google, Facebook, Apple, Twitter, Microsoft, Amazon зэрэг компаниудын удирдлагуудад уриаллаа. Ардчиллын үндсэн зарчимд тулгуурлан цахим платформуудын эгэх хариуцлага, мэдээллийн үнэн бодит байдлыг сайжруулахад шийдэмгий өөрчлөлт хийхийг интернэтийн ачаар өөрийн эрх мэдэл, эд баялгийг олж авсан цахим платформ, нийгмийн сүлжээний эзэд болох Сундар Пичай, Марк Цукерберг, Тим Күүк, Жэк Дорсей, Брэд Смит болон бусад эрхмүүдэд хандаж олон улсын байгууллагууд уриалга гаргалаа. Бид богино хугацаанд компанид нь учрах зардлыг үл харгалзан үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний бүрэлдэхүүн хэсэг болох үнэн бодит мэдээллээр хангагдах эрхийг баталгаажуулахад нэн шаардлагатай арга хэмжээнүүдийг авахыг дээрх эрхмүүдээс хүсч байна. 

Та бүхний удирддаг Google, Facebook, Apple, Twitter, Microsoft, Amazon зэрэг компаниуд нь олон нийтийн цахим орон зайг зохицуулахуйц парламент, шүүхийн эрх мэдлийг атгаж буйг та бүхэн ч хүлээн зөвшөөрч байгаа. Хэрэглээний хатуу нөхцөлүүд болон “журам бол хууль” гэсэн ухагдахуунаараа та нар олон нийтийн хэлэлцүүлгийн дүрэм журам, суурь бүтцийг тодорхойлж байна. Энэ бол угтаа хууль тогтоогчдын албан ёсны (энгийн үед) ажил үүрэг юм. Гэвч та нар ардчилсан төрийн байгууламж, хууль тогтоомжийн дагуу ногдуулдаг горим, хяналт шалгалт, тэнцвэрт байдал, ил тод байдлын үүрэг хариуцлагаас ангид байдаг. Та нар ямар ч хариуцлага хүлээхгүй атлаа бидний нийгэм, бидний эрх чөлөө, бидний амьдралын дийлэнх хэсэгт хэмжээлшгүй их нөлөө үзүүлж байна.

Заримдаа та нар өөрсдийн эрх мэдэл, учир шалтгаан нь болж буй нийгмийн үзэгдэлдээ толгой нь эргэсэн байдалтай үзэгддэг. Гэвч мэдээллийн эмх замбараагүй байдал үүсч, үүрэг хариуцлага үгүй болсноор ардчилсан оршихуй, иргэний эв найрамдал, мэдээллийн сэтгүүл зүй болоод хүн бүрийн худлаас үнэнийг ялгах аль эсвэл хэвшмэл үзэл бодлоосоо ангижрах үндсэн чадваруудад аюул учирч эхэллээ.  Платформуудын ашиг сонирхлын дагуу контентуудыг шатлан харуулах альгоритм нь сурталчилгааны бүтээгдэхүүнүүдэд ч санамсаргүйгээр ашгаа өгч байдаг. Хяналт ажиглалтын аргачлалуудын ачаар нууц мэдээллүүдийг олж авах боломж нээгдэж буй ч үүний эсрэг талд мэдээллийг ил болгох замаар олон нийтийн ашиг сонирхолд үйлчлэхийг хичээж буй мэдээний сэтгүүл зүй улам цөхөрч байна.

Ковид-19 вирусийн дэлхий дахины тархалт нь мэдээлэлтэй байх эрх буюу үнэн бодит мэдээллийн ач холбогдлыг бидэнд таниулсан билээ. Цар тахлын талаарх хуурамч мэдээллүүд бол мэдээллийн эмх замбараагүй байдлын нэг шинж тэмдэг юм. “Баримтат үнэн”-д суурилаагүй олон нийтийн хэлэлцүүлгүйгээр бид нийтийн эрүүл мэндийн хямрал, зэвсэгт мөргөлдөөн, терроризм, авлига, ялгаврлал, хүний эрхийн зөрчлүүд, дэлхийн дулаарал, биологийн төрөл зүйлийн хорогдол, зохион байгуулалттай гэмт хэрэг зэрэг дэлхийн болоод дотоодын сорилтуудад үр дүнтэйгээр анхаарч чадахгүй билээ. 2018 оны намар бидний боловсруулсан Мэдээлэл ба ардчиллын тухай олон улсын тунхаг бичгийн өмнөтгөлд дурдсанчлан “Мэдлэг нь хүн төрөлхтөний хувьд биологи, сэтгэл зүй, нийгэм, улс төр, эдийн засгийн чадвараа дээшлүүлэхэд нэн шаардлагатай” юм.

Мөн тус тунхагт дэлхий дахины мэдээлэл харилцаа холбооны орон зай нь “өнөө цагийн сорилтуудад анхаарч, өөрсдийн нэгдмэл хувь заяагаа урьдчилан таамаглах, ирээдүйн шинэ үеийн ашиг сонирхол, эрхийг харгалзан үздэг дэлхийн тогтвортой хөгжлийг бий болгоход дэм үзүүлэх бидний чадавхыг хүчирхэгжүүлэн хамгаалах ёстой” гэж тусгасан байдаг. Энэхүү хэлэлцүүлгийн орон зай нь хүн төрөлхтний “нийтлэг сайн сайхан” юм. Бидний боловсруулсан тунхагт үндэслэн НҮБ-ын Ерөнхий Ассамбалейн нэмэлт арга хэмжээний хүрээнд Мэдээлэл ба ардчиллын төлөөх олон улсын түншлэлд 36 орон гарын үсэг зурсан шалтгаан нь ч энэ билээ. Бидний санаачилгын үр дүнд “үнэн бодит мэдээлэл олж авах явдлыг хөхиүлэн дэмжихийн зэрэгцээ уншигчдыг төөрөгдүүлэх зорилготой хуурмаг мэдээллийн түгээлттэй тэмцэхийн тулд (...) ил тод эгэх хариуцлагын зарчмыг” хүндэтгэхийг эдгээр ардчилсан орнууд шавдуулж байна.


Та бүгдийн компани “нийтлэг сайн сайхныг” хүндэтгэж дэмжих нь чухал бөгөөд үүний тулд таны үйлдлүүд зарчимд тулгуурласан хамтын санаачилгад суурилсан байх ёстой. 

Иймд бүтцийн хэмжээнд буюу хайлтын системээрээ үнэн бодит мэдээ, мэдээллийн эх сурвалжийг сурталчлан дэмжихийг та бүхэнд уриалж байна. Жишээлбэл, Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллагаас эхлүүлсэн өөрийн зохицуулалтын төсөл болох Сэтгүүл зүйн итгэлийн санаачилгыг хэрэгжүүлж болно. Энэхүү санаачилгад 120 хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эвлэл, хүний эрхийн байгууллагууд, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд болон цахим платформууд нэгдээд байгаа билээ.

Мөн та бүгдийг есөн оронд тархан байрласан 11 байгууллага, судалгааны болон тинк танк төвүүдийн хамтран байгуулсан Мэдээлэл ба ардчиллын форумтай хамтран ажиллахыг урьж байна. Энэхүү форум нь 2019 оны 11-р сард байгуулагдсан бөгөөд дээр дурдсан түншлэлийн хэрэгжилтийг ханган ажиллах юм.  Мөн энэхүү хараат бус хуулийн этгээдийн бас нэг зорилго нь нийтийн орон зай ухагдахууны хэмжээнд өөрчлөгдөж буйн улмаас үүссэн мухардмал байдлаас гаргахад оршино. Түүнчлэн зохицуулалт ба өөрийн зохицуулалтын зөвлөмж боловсруулах болон хуульчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, иргэний нийгмийн төлөөллүүдийг нэгтгэх явдал билээ. Иймд энэ хямралыг амжилттай давахаас эхлээд үүнийг даган гарах аливаа асуудлаас зайлсхийхийн тулд иргэний нийгмийг тэргүүндээ тавьсан манай байгууллагатай хамтран ажиллахыг урьж байна.

Та бүхэн коронавирусийн талаарх хуурмаг мэдээлэл, цуурхлыг таслан зогсоохын тулд урьд хожид байгаагүй арга хэмжээ авч чадсанд бид ч талархаж байна. Гэвч та бүгдийн эхлүүлсэн болон дэмжсэн төслүүд нь энэхүү нийгмийн үзэгдлийг хязгаарлахад хангалтгүй учир суурь бүтцийг нь цогцоор дахин харах шаардлагатай байна. Тиймээс аль болох үнэн бодит, хүлцэнгүй, нээлттэй олон нийтийн хэлэлцүүлгийг бий болгохуйц дэлхийн хэмжээний суурь бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх үүднээс томоохон алхам хийхийг та бүгдэд уриалж байна.

 

Гарын үсэг зурсан:

RSF-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Комиссын дарга Кристоф Делуар

Нобелийн энх тайвны шагналтан, Комиссын дарга Ширин Эбади

Цахим сэтгүүл зүйн төлөөх Tow Center-ийн захирал Эмили Белл 

Хүний эрхийн төлөөх идэвхтэн, хуульч Тень Бяо

Digital Rights Foundation-ийг үүсгэн байгуулагч Нихат Дад

Cumhuriyet-ийн ерөнхий эрхлэгч асан Кан Дюндар

Collège de France-ийн хүндэт профессор Мирэй Делмас-Марти

Стэнфорд Их сургуулийн профессор Фрэнсис Фукуяама

Constructive institute-ийн үүсгэн байгуулагч Ульрих Хаагеру

Сахаровын шагналтан Наува Ибрахим

CNRS-ийн тэргүүн бөгөөд гүйцэтгэх захирал Антуан Путих

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар асан Нави Пиллай

Rappler сайтын гүйцэтгэх захирал, сэтгүүлч Мариа Ресса

Нобелийн эдийн засгийн шинжлэх ухааны шагналтан Амартяа Сен

Нобелийн эдийн засгийн шинжлэх ухааны шагналтан Жосеф Стиглиц

Нобелийн уран зохиолын шагналтан Марио Варгас Лоса

Ethical Journalism Network-ийн үүсгэн байгуулагч Эйдэн Уайт

Зохиолч, сэтгүүлч Михайл Зигар