Глоб Интернэшнл Төвийн тэргүүн Х.Наранжаргал: 2020 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан тулга үг

2020 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал

Тулга үг 

    Хэвлэлийн эрх чөлөө бол иргэн таны эрх чөлөө. Айдас үгүй, зусар үгүй чөлөөт, хараат бус, олон ургальч мэргэжлийн сэтгүүл зүй таны үнэн бодитой мэдээлэлтэй байхад ус агаар шиг хэрэгтэй. Иймээс энэ өдөр бол таны, бидний өөрийнхөө эрх  чөлөөнд тулгарч буй асуудлыг хэлэлцэн, тунгаан шүүх учиртай өдөр билээ. 

    Монгол Улс Үндсэн хуулийнхаа гуравдугаар зүйлээр иргэн таны төрийн хэрэгт шууд оролцох эрхийг баталгаажуулсан. Та мэдээлэлгүй бол төрийн хэрэгт шууд оролцох, өөрийн сонгосон элч төлөөлөгчийнхөө эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлж буйд хяналт тавих, буруу үйлдлийг нь шүүмжлэх, авилга, хээл хахуулийг илчлэн хариуцлага тооцох, нэхэх боломжгүй болно. Мэргэжлийн сэтгүүл зүй, сэтгүүлчид айдасгүй, аюулгүй, хамгаалагдсан нөхцөлд л иргэддээ үйлчилдэг төрийн цэвэр тунгалаг байдал, эрүүл саруул нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулж чадна. Энэ утгаараа хараат бус хэвлэл бол тогтвортой хөгжлийн хурдасгуур юм.

    Энэ жилийн ДХЭЧ-ний өдөр нь НҮБ-ын 75 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. 75 жилийн өмнө дэлхийн 46 улс үндэстний төлөөлөгчид дөрөв, тавдугаар сард АНУ-ын Сан Франициско хотноо хуран чуулж, НҮБ-ын дүрэм журмыг хэлэлцэн баталсан билээ. Энэ жил НҮБ-ын өмнө үзэл бодло илэрхийлэх эрх чөлөөний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих эрх бүхий төрөлжсөн байгууллага болох ЮНЕСКО-гийн үзэл баримтлалын хүрээнд дэлхийн хэмжээнд болон дотооддоо нийтээрээ хэлэлцвэл  зохих гурван дэд сэдвийг “Эмэгтэй, эрэгтэй сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын аюулгүй байдал”, “Улс төр, арилжааны нөлөөллөөс ангид хараат бус, мэргэжлийн сэтгүүл зүй”, “Хэвлэл мэдээлийн бүхий л хүрээн дэх жендэрийн тэгш байдал“ хэмээн тодорхойлжээ. 

    Энэ жилийн ДХЭЧ-ний өдөр хоёр онцлогтой. Нэгдүгээрт, дэлхий нийтийг цочирдуулсан шинэ титэм вирус (COVID 19)-ын цар тахалтай  тэмцэх хүн төрөлхтөний хичээл зүтгэл шинэ нөхцөл,шинэ сорил, шинэ шалгуурыг шаардах боллоо.  Монгол улсын шуурхай авч хэрэгжүүлж буй арга хэмжээ дэлхийн шилдэг жишээнд дурдагдаж байна. Хоёрдугаарт, манай улсад УИХ-ын сонгуулийн санал хураалт 2020 оны 6-р сарын 24-ны өдөр  товлогдсон энэ цаг мөчид энэ жилийн ДХЭЧ-ний өдрийн “Улс төр, арилжааны нөлөөллөөс ангид хараат бус, мэргэжлийн сэтгүүл зүй” хэмээх дэд сэдэв манай улсын хувьд тун ч цагаа  олжээ.

    Айдас үгүй сэтгүүл зүйн тухай өнөөдөр онцлохдоо Сэтгүүлчдийн аюулгүй байдал, тэдний эсрэг үйлдэж буй гэмт үйлдлийг ял шийтгэлгүй үлдээж буйтай тэмцэх талаарх НҮБ-ын Үйл ажиллагаанаы төлөвлөгөөг хэрэгжүүлэх шалгуур үзүүлэлтээс иш татая. 2013 оны 4-р сард ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх Зөвлөл 191 дэх чуулганаараа 5 үндсэн, 18 дэд шалгуур үзүүлэлт баталсан билээ. 

Илэрхийллийн эрх чөлөөний зэрэгцээ хүний амьд явах, шударга ёсны эрх, мөн хувь хүний аюулгүй байдал нь олон улсын гэрээ конвенци, арга хэрэгслээр хүлээн зөвшөөрөгдсөн, баталгаажсан хүний язгуур эрх юм.  Эдгээр эрх нь мэдээж хүн бүрт хамаатай. Энэ эрхүүд сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхлэгчдэд доод тал нь дор дурдсан гурван шалтгаанаар чухал юм. Үүнд:

1. Сэтгүүлчдийн аюулгүй байдал хангагдаагүй, тэд хамгаалагдаагүй бол санаа бодол, үзэл бодол, мэдээл солилцох олон нийтийн талбарын хувьд хэвлэл мэдээллийн мэргэжлийн үүргээ биелүүлж чадахгүйд хүрнэ 

2. Аллага, хүчирхийлэл үйлдэгчид шийтгэл хүлээгээгүй бол өөрийн цагдан цензурт автаж, сэтгүүлчид тодорхой сэдвийг сурвалжилж мэдээлэх нь хэтэрхий аюултай гэж итгэхэд хүрнэ 

3. Сэтгүүлчид олны өмнө ил байдаг.  Сэтгүүлч халдлагад өртсөнийг, ялангуяа буруутан нь ял шийтгэлгүй үлдэж буйг нийгмийн гишүүд хараад өөсрдөө үгээ хэлэхэд аюулгүй гэдэг мэдрэмж үгүй болно 

    Ийм ч учраас сэтгүүлчдийн аюулгүй байдал бол хүний эрхийн чухал асуудал бөгөөд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө өргөн хүрээнд эдлэхийн төвд нь оршдог. Хараат бус сэтгүүл зүйг хамгаалахад чиглэгдсэн энэ жилийн хүчин чармайлт нь 2019 оны ДХЭЧ-ний өдрийг тэмдэглэх үндсэн санаа, тухайлбал  сонгуульд хэвлэл мэдээллийн оруулах хувь нэмрийг бэхжүүлэх, хуурамч мэдээлэлтэй тэмцэхэд тулгуурласан нь олзуурхууштай.

    Эмэгтэй сэтгүүлч, жендэрийн тэгш байдалтай холбоотой хоёр дэд сэдэв ч мөн бидний тулгамдсан асуудлын нэг юм.  Эмэгтэй сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудалтай холбоотой анхны суурь мэдээллийг бид өнгөрсөн жил Монголын Хэвлэлийн Зөвлөлтэй хамтран хийсэн сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгааны үеэр цуглуулсан.  

    Хэвлэл мэдээллийн байгууллагын эрхлэгч, редакцийн бусад гишүүдийг айлгаж, дарамтлах, ажил хэргийн шалтгаанаар утсаар тагнаж, чагнах, гэр бүлийн гишүүдийг нь айлгаж, дарамтлах байдал эмэгтэй сэтгүүлчдэд илүү тохиолдож байсан бол эрэгтэй сэтгүүлчдийг хүчний байгууллагаас эвсэл өөр эрх мэдэлтэй, хүч илүү хүмүүсээр айлгаж дарамтлах байдал илүүтэй байжээ.  

    Эх сурвалж оройн цагаар хоолонд урих, хувийн чат үлдээх, утсаар ярих,  болзоонд урих, секс санал тавих зэргээр бэлгийн дарамтын шинжтэй үйлдэл гаргаж байсан гэж 5 сэтгүүлч тутмын нэг хариулсан. Ийнхүү дарамтад өртөж байсан сэтгүүлч дунджаар 4 удаа ийм  байдалд орсон нь түгшүүртэй мэдээлэл юм. Мөн 5 сэтгүүлч тутмын нэгийг түлхэх, цохих гэх зэргээр хөнгөн болон хүнд гэмтэл учруулж байсан ба нэг сэтгүүлч дунджаар 3 удаа ажил үүргээ гүйцэтгэж яваад дээрх нөхцөлд орж байжээ. 

    Бие эрхтэнд халдах, ажлын байрны бэлгийн дарамт 25 хүртэлх насны залуу сэтгүүлчдэд илүүтэй тохиолдсон байна. Харин бие эрхтэнд ямар нэг байдлаар халдаж байсан тохиолдол эмэгтэй сэтгүүлчдэд эрэгтэйчүүдээс хоёр дахин их буюу дөрвөн удаагийн давтамжтай тохиолджээ. Энэ суурь мэдээлэлд суурилан цаашид нарийвчилсан судалгаа хийж, бодлого боловсруулах шаардлагатай. 

    Зусар үгүй сэтгүүл зүйн хувьд, манайд байдал улам хүнд болж байгааг бид бүгдээрээ анзарч байгаа.  Хэвлэл мэдээллийн жижиг зах зээл дээр багталцаж ядсан олон ХМХ-ийн эзэд нь улс төрч, улс төрд  ойрхон бизнсеийн бүлэглэлүүд байдгийг бид бэлнээ гадарлана. Улс төр, арилжааны  ашиг сонирхол бидэнд ирэх ёстой үнэн мэдээлэлд саад учруулдаг. Хэвлэл мэдээлэл иргэнд биш, мөнгөд үйлчилж эхлэхээр шударга сэтгүүл зүй үгүй болно.  Энэ сорил бэрхшээлийг даван туулахад иргэн таны оролцоо, шаардлага туйлын чухал болохыг Хэвлэийн эрх чөлөөний энэ өдрүүдэд бүгдээрээ эргэцүүлэн бодъё.

    2019 оны тавдугаар сараас хойших хугацаанд хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинд томоохон өөрчлөлт гарлаа. УИХ-аас Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Мэдээлэл харилцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлав.  Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар радио, телевизийн өмчлөлийг ил тод болгох, төвлөрлийг сааруулах зүйл заалт орсон нь сайшаалтай. Харамсалтай нь, аль ч хуулиар нь Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны хараат бус байдлыг баталгаажуулсангүй. Байгалийн баялгийн нэг адил та бидний өмч болох долгион ашиглах тусгай зөвшөөршөл олгодог, цуцалдаг, үйл ажиллагаанд хяналт тавьдаг энэ байгууллага Засгийн газрын хяналтад байх нь ёсгүй. Энэ байгууллага шийдвэр гаргахдаа радио, телевизийн агуулгад хяналт тавих эрх бүхий төрийн байгууллагуудын мэдэгдэлд тулгуурладаг нь  зусар үгүй сэтгүүл зүйд харш юм.  

Нөгөөтэйгүүр, сонгуулийн үеэр сонгогчдод зориулсан сонгуулийн хараат бус сэтгүүл зүйн бүтээл та бүхэнд очих боломж хомс байгаа. Учир нь, хэвлэл мэдээллийн сурталчилгааны заалтууд хэвлэл мэдээллийг үйл ажиллагааг минь зогсоох байх, тусгай зөвшөөрлийг минь цуцлах байх гэсэн болгоомжлол, айдас төрүүлдэг. Сонгогчид мэдээлэлтэй, мэдлэгтэйгээр   сонгуульд оролцож, зөв сонголт хийх, сонгуулийн булхай, луйвар, авилгыг эрэн сурвалжилж илчлэхэд  хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг өндөр тул шударга, чөлөөт сонгуулийн нэг чухал нөхцөл болдог. 

    Сонгууль тухайн хэвлэл  мэдээллийн байгууллагын үнэн дүр төрхийг илэрхийлдэг гэж болно.  Сонгуулийг тухай улс орны улс төрийн соёл, улс төрчдийн ёс зүйн шалгуур гэж болно. Гэтэл улс төрчид сонгуулийн үеэр мэргэжлийн хэвлэл мэдээлэлд хяналт тогтоох, эсвэл нийгмийн хэвлэл мэдээлэл гэх мэт өөр суваг ашиглахыг эрмэлзэж эхэлсэн нь  мэргэжлийн сэтгүүл зүйн үр нөлөөг бууруулахад нөлөөлж байна.  Сонгуулийн үеэр үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, түрмэмгийллийг өөгшүүлсэн агуулгууд, хуурамч, хуудуутай, дэгс мэдээлэл нийгмийн хэвлэл мэдээллээр дүүрэн болдог. Харамсалтай нь, энэ нь улс төрчдийн санаачилга, захиалга байдаг. Мэргэжлийн хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид ийм туйлшрал төөрөгдүүлэлт, өдөөн  хатгалтыг дэвэргэх бус, харин засч залруулахад мэргэжлийн үүднээс хувь нэмэр оруулах ёстой. 

    Сонгуулийн үеэр сэтгүүлчид маань өөрөө бас сонгогч гэдгээ бүү мартаарай. Та улс орон, үр хүүдийнхээ ирээдүйн төлөө онцгой хариуцлага хүлээж байгаа шүү. Иймд мэргэжлийн ёс зүйн зарчмаа баримтлан ухамсартай, хариуцлагатай ажиллаарай. Мөн энэ жилийн ДХЭЧ-ний “Хэвлэл мэдээлийн бүхий л хүрээн дэх жендэрийн тэгш байдал” гуравдах дэд сэдвийг санаж, мэдээ, мэдээлэлдээ эмэгтэй нэр дэвшигчдийн тухай хэвшмэл ойлголтыг бүү өөгшүүлээрэй гэж хүсье.

    Цар тахалтай холбогдуулан НҮБ, олон улсын хүний эрхийн байгууллагууд энэ хүнд нөхцөлд хүний эрх зөрчигдөхөөс сэргийлэх талаар бодлогын бичиг баримт, удирдамж боловсруулж байна. Тэдгээр зөвлөмж, хариу үйлдэлд үндэслэн манай байгууллага “КОВИД -19 ба Хэвлэлийн эрх чөлөө” эмхэтгэл гаргалаа. Үүнийг та бүхэн бүрэн эхээр нь манай цахим хуудаснаас авч уншаарай. Тэдгээр бичиг баримтад “Онц байдлын арга хэмжээ, зохицуулалтыг авч хэрэгжүүлэхдээ хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлахаас зайлсхийх, хямралтай холбоотой бүхий л төрлийн мэдээ, мэдээллийг сэтгүүлчдэд нээлттэй байлгах, засгийн газрын төөөлөгчид болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд иргэдийг мэдээллээр хангахдаа сэтгүүлчдийн шүүмжлэх эрхийг зөрчихгүй байх-ыг сануулсан байна.  УИХ-аас 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр “Коронавируст халдвар (COVID-19)-ын  цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хууль баталж, Зөрчлийн тухай хуулийн 5.13.1-д “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюул, нийгэмд үүссэн бусад эрсдэлийн үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн бол хүнийг 500.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 5 сая төгрөгөөр торгох”-оор болов.

    НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлөөс 1984 онд баталсан Сиракузагийн зарчмууд, НҮБ-ын Хүний Эрхийн Хорооны онц байдлын тухай болон чөлөөтэй зорчих эрхийн тухай Ерөнхий тайлбар зэрэгт “Хүн амыг хамгаалахад чиглэсэн аливаа арга хэмжээ гурван талт зарчим буюу хууль ёсны байх, зайлшгүй байх, хэм хэмжээндээ байх зарчмуудад нийцсэн байвал зохино” гэсэн билээ. Цар тахалтай холбоотой хийгдсэн эрх зүйн өөрчлөлт нь эдгээр зарчимд төдийлэн нийцээгүй тул практик дээр иргэдийн эсрэг урвуулан, хэтрүүлэн ашиглах вий гэсэн түгшүүр байна. Энэ цаг үед гарсан хууль бус, буруу үйлдэл, авлига, хээл   хахуулийн тухай мэдээлэл түгээсэн, шүгэл үлээсэн тохиолдлуудыг цар тахалд хамаатуулан, наахгүй, нялзаахгүй байхыг анхарахад хүчний байгууллага, шүүхийн шударга шийдвэр чухал билээ. 

ЮНЕСКО-гоос “ КОВИД -19 цар тархлын тухай хуурамч мэдээллийн учрыг тунгаах нь” хэмээх бодлогын бичиг баримт боловсруулсан. Үүнд хуурамч мэдээллийн дөрвөн  хэлбэрийг тодорхойлсон байна. 

1. Сэтгэл эмзэглүүлсэн өгүүлэмж, бичвэр

2. Зохиомол цахим хуудас, захирангуй, дарангуй этгээд

3. Залилан хувиргасан зохиомол, хам сэдэвтэй холбогдолгүй дүрс, дүрс бичлэг

4. Шүүн тунгаагүй, зориуд зохион байгуулсан хуурамч мэдээллийн аянууд 

Хуурамч мэдээлэлд хариу үйлдэл хийх 4 бүлэгт багцалсан арван зөвлөмж санал болгосон байна. Манайх тусдаа сургалт явуулна. 

Үндсэн сэдвийн хувьд хуурам мэдээллийн агуулга:

1. Өвчний уг гарвал, тархац

2. Худал, төөрөгдүүлсэн тоо баримт

3. Эдийн засгийн үр нөлөө

4. Олны итгэл хүлээсэн сэтгүүлч, мэдээ түгээдэг хэвлэл мэдээллийг гутаах, шившиглэх

5. Өвчний шинж тэмдэг, оношлогоо, эмчилгээ

6. Нийгэм, эрүүл мэндэд үзүүлэх үр нөлөө

7. Улс төржилт Ашиг хонжоо

8. Луйврын эдийн засгийн ашиг хонжоод хөтлөгдсөн агуулга

9. Оддын өвчний тухай хуурамч мэдээлэл

    Айдас үгүй сэтгүүл зүйд эрх зүйн цензур халтай. Нэмэлт өөрчлөлт хийсэн Эрүүгийн хуульд худал мэдээлэл тараах тухай шинэ зүйл заалт орж, Зөрчлийн тухай хуулийн “Гүтгэлэг” хэмээх зүйл заалт хүчингүй болжээ. Гэсэн хэдий ч хуулийн зохицуулалт дээрдсэнгүй. Учир нь гүтгэлэг бол худал мэдээлэл юм. Үг сольсноор агуулга, чанар нь өөрчлөгдөөгүй тул үүнийг улс төрийн заль мэх гэж болно. Эрүүгийн хуулийн 14.8.1 дүгээр зүйлээр “Cонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах” гэсэн гэмт хэргийн зохицуулалт бий.  Эдгээрийг иргэд, сэтгүүлчдийн эсрэг овжин ашиглах вий гэсэн болгоомжлол байна. 

    2020 оны 11-р сарын гуравны өдөр НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн 36 дахь хуралдаан дээр Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын ээжилт дүгнэлт хэлэлцүүлэг (UPR) болно. Анх 2020 оны 5-р сарын тавны өдөр товлогдсон энэ уулзалт цар тахлын улмаас  хойшлогдсон билээ.  Бид үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төрийн бус байгууллагын тайланг сэтгүүлч, сэтгүүл зүйн эрдэмтэн багш, хэвлэл мэдээллийн төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан бэлтгэж, Хүний Эрхийн ТББ-ын Форумын тайлангийн нэг хэсэг болгон илгээсэн юм. Харамсалтай нь, үзэл бодлоо, илэрхийлэх эрх чөлөөний талаар ХЭЗ-ийн өмнөх хуралдаанаас өгсөн 8 зөвлөмж хэрэгжээгүй байна. 

    Монгол Улс 2019 оны 7-р сард болсон НҮБ-ын Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад ТХЗ-ын хэрэгжилтийн талаарх анхны Үндэсний сайн дурын илтгэлээ тавьж хэлэлцүүлсэн юм. ТХЗ-ын 16 дахь зорилтын 10 дахь дэд зорилтод “Үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн олон нийтийг мэдээлэл олж авах боломжоор хангах, үндсэн эрх чөлөөг хамгаалах” гэж заасан билээ.  Манай улсад энэ дэд зорилт сайн хэрэгжихгүй байгаа нь харамсалтай. 

    Эцэст нь цар тахлын энэ хямралт нөхцөлд тэргүүн эгнээнд манлайлан зогсож буй бүх хүмүүст талархал илэрхийлж, та бүхнээр бахархаж буйгаа илэрхийлье. Сэтгүүлчид маань бүх цагт үед тэргүүн фронтын дайчид байдаг. Та бүхнийг иргэдэд мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх үүргээ ёс төртэй биелүүлж буйг харахад таатай, сайхан байна. Цаг завгүй энэ  ажлынхаа явцад өөрсдийнхөө эрүүл мэндэд сайн анхаарай.  

Глоб Интернэшнл Төвийн тэргүүн Х.Наранжаргал