КОВИД-19 ба Хэвлэлийн эрх чөлөө

Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 буюу коронавируст халдварын тархалтын улмаас сая сая хүний амь нас, эрүүл мэндэд онц ноцтой эрсдэл учирч байна. Олон улсын хуулиар хүний эрүүл мэнд дээд түвшинд хүрсэн байх эрхийг баталгаажуулж, засгийн газруудад нийгмийн эрүүл мэндэд учрах аюул заналаас хамгаалах арга хэмжээ авах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийг үүрэг болгосон билээ. Үүний дагуу, засгийн газрууд КОВИД-19 цар тахлын эсрэг онцгой арга хэмжээ авахаас аргагүй байдалд хүрч байна. Энэ цаг үед дэлхий нийтээр нэг талаас нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, нөгөө талаар, хүний эрхийг хөсөрдүүлэхгүй байх хүндхэн сорилттой тулгараад байна.

Нэгдсэн Үндэсний Байгууллага тэргүүтэй олон улсын байгууллагуудын зүгээс дэлхий даяар эв санааны нэгдэлтэй байж, бүх нийтээр хүчирхэг, олон талт, нэгдмэл хандлага бий болгохын төлөө хамтын хүчин чармайлт гаргахыг уриалж, энэхүү хямралт үед нэн ялангуяа иргэний болон улс төрийн эрхийг хүндэтгэн сахихын чухлыг онцолж байна.

Гэтэл зарим засгийн газрын зүгээс цар тахлыг далимдуулан дарангуйллыг бэхжүүлэх, олон улсын хүний эрхийн хуулийг зөрчин эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах явдал удаа дараа гарч байна. Хэт мөрдөн тагнах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэлтэй байх эрхийгхөсөрдүүлэх, олон нийтийн оролцоонд хязгаар тогтоох нь нийтлэг болж байна. Мөн идэвхтнүүдийн дуу хоолойг нухчин дарах, эрх мэдэлтнүүдийг нийгмийн хэвлэл мэдээллээр шүүмжлэхийг таслан зогсоох үүднээс хууль тогтоомжид дарангуйллын шинж агуулсан нэмэлт өөрчлөлт оруулах явдал ажиглагдаж байна.

Үүнээс гадна, мөрдөн тагнах технологийг КОВИД-19 тархалтыг хянах, хорио цээрийн хуулийг дагаж мөрдөх зорилгоор ашиглахдаа хувийн нууцын эрхийг зөрчиж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандаж, энэхүү цар тахлын улмаас хүний эрх тал бүрээр зөрчигдөж байгааг сануулан, ялгаварлан гадуурхах, үзэн ядах үг хэллэг тараах, хэт туйлшрах зэрэг хандлага гарч, эрх мэдлээрээ сүрдүүлэн далайлгах, хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдах явдал ихэссээр байгааг анхаарууллаа.

НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын дагуу, хүний эрхийг зарим талаар хязгаарлаж болох боловч энэ нь заавал хуулийн дагуу байх, зайлшгүй байх, тодорхой цаг хугацаатай байх, зорилгодоо хүрэхэд хэм хэмжээндээ байх бөгөөд үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийг хамгаалах шаардлагаас үүдэн гарсан байх ёстой.

Дэлгэрэнгүйг энд дарж унших боломжтой