ЮНЕСКО-оос 2020 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан үзэл баримтлалын баримт бичиг

Айдас үгүй, зусар үгүй сэтгүүл зүй


1. Танилцуулга

Хараат бус хэвлэл мэдээллийн учир холбогдол

ЮНЕСКО нь 2020 оны тавдугаар сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр (ДХЭЧӨ)-ийн 27 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан чиглүүлэх гэж байна. ЮНЕСКО, Нидерландын Вант Улстай хамтран Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний асуудлаарх бага хурлыг дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд олон улсын энх тайван, шударга ёсны төлөөх үйлсээрээ нэрд гарсан Гааг хотын Дэлхийн Форумын байранд зохион байгуулахаар төлөвлөж байв. Гэвч КОВИД-19-ийн тархалтын улмаас тус бага хурлыг мөн байранд аравдугаар сарын 18-20-ний өдрүүдэд товлолоо. Ийнхүү Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг арваннэгдүгээр сарын 2-ны өдөр тохиодог Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох Олон улсын өдөртэй хамтатган тэмдэглэх юм.  

Энэ жил хараат бус сэтгүүл зүйг хамгаалан бэхжүүлэхэд гол анхаарал төвлөрч байна. Ингэхийг оролцогч тал бүрт, түүн дотроо засгийн газрууд, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, шүүх засаглал, эрх зүйн салбарынхан, интернэт бизнес эрхлэгчид, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид болон залууст уриалж байна. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр мэргэжлийн сэтгүүл зүй, түүний үндэс болсон хараат бус мэдээний хэвлэл мэдээллийн хэрэгслийг чанаржуулахад гаргасан амжилтыг мөн цохон тэмдэглэнэ. 

Хараат бус байдал нь чөлөөт, хараат бус, олон ургальч хэвлэл мэдээллийн хөгжлийн төлөөнөө 1991 онд батлагдаж, хожим нь 1993 онд НҮБ-ыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг зарлан тунхаглах сэдэл өгсөн Виндхукийн Тунхаглалын амин сүнс юм. Уг Тунхаглалд зааснаар, хэвлэлийн эрх чөлөөг хангахын тулд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах хүчтэй хууль тогтоомжоос гадна хэвлэл мэдээллийн олон ургальч үзэл, редакцийн хараат бус байдлыг хангахуйц орчин шаардлагатай байна. 

Хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах зайлшгүй нөхцөл болсон хараат бус байдлыг ийнхүү хангах шаардлагатайг онцлон тэмдэглэх нь өдгөө цагаа олсон хэрэг билээ. Учир нь хэвлэл мэдээллийг хянах арга улам нарийсан, эрчимжиж буй нь олон нийтэд үнэн зөв мэдээлэл, хамтын оролцоот санаа бодол болон соёлын илэрхийллийн олон төрлийг хүргэх сэтгүүл зүйн үүрэгт заналхийлж байна.  Гэсэн хэдий ч, редакцийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлж буй хараа хяналтаас сэтгүүл зүйг чөлөөлөх замаар бодит байдлыг Виндхукийн туйлын зорилгод дөхүүлэх чиглэлээр хөдөлгөөн идэвхжиж байна. Ингэх нь хүн төрөлхтөн Тогтвортой хөгжлийн зорилтууд (ТХЗ)-д хүрэхэд амин чухал. ТХЗ нь энх тайван, шударга ёс, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх зорилгыг агуулсан бөгөөд үүнд хэвлэлийн эрх чөлөө чухал үүрэгтэй. 

Хараат бус мэргэжлийн сэтгүүл зүй, хараат бус шүүх засаглалын хамтаар төрийн эрх мэдлийг хувийн эрх ашгийн төлөө эрхшээлдээ оруулахаас сэргийлэхэд онцгой ач холбогдолтой. Эдгээр салбарыг дэмжин хамгаалсан нөхцөлд эрх баригчид болон үүрэг хүлээгчдийн хүний эрхийг хамгаалах, тогтвортой хөгжлийг урагшлуулахын төлөөх эгэх хариуцлагыг бэхжүүлэхэд тустай. 

ДХЭЧӨ 2020-ын үндсэн санаатай НҮБ-ын 75 жилийн ой давхцаж байна. Энэхүү ойг тохиолдуулан, Гишүүн орнуудын зүгээс энх тайван, хүний эрхийн түгээмэл хэм хэмжээг баримтлахад нэн шаардлагатай олон талт байдлыг дэмжихээ илэрхийлээд байна.  Ингэх нь ДХЭЧӨ-ийг тэмдэглэн өнгөрүүлэхэд Гишүүн орнуудын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж бүрдүүлэхийн зэрэгцээ олон талт эвсэл холбоодыг хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг хангахад амин чухал хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалахад түлхэц үзүүлнэ. 

2. ДХЭЧӨ 2020-ын үндсэн санааг товчоор

Эдүгээ сэтгүүлчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд саад хийх, ингэхдээ мэдээллийн урсгалд нөлөөлөх зорилгоор хэвлэл мэдээллийг эрхшээлдээ оруулах, заналхийлэхийг завдагчдын зүгээс сэтгүүл зүйд төрөл бүрийн дарамт учруулсаар байна. Мөн түүнчлэн, өнөөгийн мэдээлэл харилцааны технологийн хувьсгал болоод томоохон интернэт компаниудын өсөлт хөгжил хараат бус сэтгүүл зүйг бас нэгэн сорилттой тулгаруулж, цаашилбал, хэвлэлийн эрх чөлөөний нийгмийн үнэ цэнийг бууруулж байна. Эдгээр өөрчлөлтийн улмаас сэтгүүл зүйн нийгэмд гүйцэтгэх үүрэг урьдийнхаас илүү үнэ цэнэтэй, өвөрмөц болж байгаа учраас дэлхий даяар хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн хараат бус байдлыг дэмжих үйл хэрэг эрчимжсээр байна. 

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд улс төр, эдийн засгийн хараа хяналт тавьж, мэдээг эрхшээлдээ авдаг байсан түүхтэй. Ингэхдээ, хэвлэл мэдээллийг төрийн эзэмшилд аваад зогсохгүй үүнийгээ хэвлэл мэдээллийн магнатууд, хэвлэл мэдээллийн монопольчлол, зар сурталчилгааны нөлөөлөл, олон нийтийн харилцааны төөрөгдүүлэлт зэрэг аргаар гүйцэлдүүлдэг байв. Сүүлийн үед зар сурталчилгаанаас хамааралтай мэдээллийн хэрэгслийн бизнес интернэт компаниудад байр сууриа алдаж буйн улмаас удаан үргэлжилж буй эдгээр сорилт эрчимжиж байна. Үүний зэрэгцээ, хэвлэл мэдээлэл дэх эр жендэрийн давамгай байдал нь редакцийн халдашгүй бүрэн бүтэн байдалд сөргөөр нөлөөлөх бас нэгэн хүчин зүйл болж байна. 

Сэтгүүл зүйн хараат бус байдлын талаар анхаарвал зохих асуудал өдгөө хүрээгээ тэлсээр байна. Үүнд, томоохон интернэт компаниуд сэтгүүл зүйн, соёлын контентын гол харгалзагч болж, тэдний нэг хэсэг нь олон нийтийг хуурч төөрөгдүүлэх зорилгоор санаатайгаар түгээсэн хуурамч мэдээлэл, үзэн ядах үг хэллэг зэргийг өөгшүүлсэн бизнесийг сэтгүүл зүйн нэр хүндэд хохирол учруулан эрхэлж байна. 

Дайралтын бай болсон мэдээллийн хэрэгслүүд, хувь сурвалжлагчдын эсрэг өш хонзонд турхирах, нэн ялангуяа эмэгтэй сэтгүүлчид, уран бүтээлчдийг халдлагад өртүүлдэг цахим сувгуудаар дамжуулан өдөөн хатгах явдал тэргүүлж байна. 

Энэ бүгд хувийн эрх мэдэл бүхий ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөхөд хүргэдэг. Эдгээр хүчин зүйлс сэтгүүл зүйн мэргэжлийн хэм хэмжээг доройтуулж, хувь хүмүүсийн авч байгаа мэдээлэл болон соёлын контентын мөн чанарыг гажуудуулдаг. Ингэснээр “олон нийтийн мэдээлэлтэй байх эрх, үндсэн эрх чөлөөгөө эдлэх” нийгмийн хэрэгцээг хүлээн зөвшөөрсөн Тогтвортой хөгжлийн 16.10 дахь зорилтын амин сүнснээс хол ухрах үр дагавартай. 

Үүний зэрэгцээ дэлхий даяар хэвлэл мэдээллийн хараат бус байдлын өмнө тулгарах уламжлалт болон шинэ тутам сорилтыг даван туулах үр дүнтэй стратеги боловсруулж байна. ДХЭЧӨ 2020 нь илчлэн таниулах, тэмдэглэн өнгөрүүлэх, эдгээр шалгуураас суралцах боломж юм. 


Үзэл баримтлалын баримт бичгийг бүрэн эхээр нь энд дарж татаж авч болно.

Англи хэлээр энд дарж үзнэ үү.