Хэвлэлийн эрх чөлөөний 2020 оны индексийн үндсэн илэрцүүд

Норвеги улс дөрөв дэх жилдээ индексийг тэргүүлсэн бол Финлянд мөн л энэ жил аман хүзүүдэж байна. Тэднийг Дани улс (2 байр ахиж 3-рт) удаалсан бол кибер-дарамт нэмэгдсэн гэсэн үндэслэлээр Швед (1 байр ухарч 4-рт) болон Нидерланд (1 байр ухарч 5-рт) улс тус тус ухарч бичигдлээ. Индексийг төгсгөлөөс нь харвал, Хойд Солонгос (1 байр ухарч 180-рт) улс ухарч Туркменистаны байрыг эзэлснээр хамгийн сүүлд бичигдэж, Африкийн орнуудаас Эритри (178-рт) улс хамгийн муу үзүүлэлттэй нь хэвээр байна.

2020 оны индексийн эрэмбээр хамгийн том ахиц үзүүлсэн орнууд нь Малайз (101-рт) болон Мальдив (79-рт) улс байсан ба 22 болон 19 байраар тус тус урагшилсан нь сонгуулийн санал хураалтын ачаар засгийн газартаа сэлгээ хийсний эерэг үр дүн байв. Гэнэтийн ахицаараа тэдний араас бичигдэж буй дараагийн улс бол Омар аль-Башарын дэглэмд төгсгөл тавьснаар 16 байраар урагшилж эрэмбэлэгдсэн Судан (159-рт) байлаа. Ухралтаараа тэргүүлсэн орнуудын жагсаалтыг Гайти улс 21 байраар ухарч 83-рт бичигдсэнээр манлайлж байна. Өнгөрсөн хоёр жилийн турш тус улсад үргэлжилж буй үндэстний хэмжээний харгис эсэргүүцлийн тэмцлийн үеэр сэтгүүлчид бай болсоор байгаа юм. Уналтаараа Гайтигийн араас бичигдэж буй хоёр улс бол хэвлэлийн эрх чөлөөнд халдах явдал нэмэгдэх болсон Коморос (19 байр ухарч 75-рт) болон Бенин (17 байр ухарч 113-рт) байв.   

Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагаас дэлхийн хэмжээнд хэвлэлийн эрх чөлөөний түвшинг хэмждэг “дэлхийн индикатор” 2020 онд үл ялиг буюу 0.9 хувиар өслөө. Гэвч  энэхүү хэмжүүр бий болсон цагаас хойш буюу 2013 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх үзүүлэлт нийт 13 хувиар буураад байгаа юм. Хэвлэлийн эрх чөлөөний газрын зурагт цагаанаар буюу хэвлэлийн эрх чөлөө “сайн” орнуудын эзлэх хэмжээ огт өөрчлөгдөлгүй найман хувьд хадгалагдсан бол хар өнгөөр тэмдэглэгдсэн буюу нөхцөл байдал “маш муу” орны тоо хоёр хувиар нэмэгдэж нийт газрын зургийн 18 хувийг эзлэх боллоо.

Индекс бүс бүсээрээ

Европын Холбооны болон Балканы зарим орнуудын бодлогыг эс тооцвол Европ нь хэвлэлийн эрх чөлөөнд хамгийн таатай тив хэвээр байна. Бүсийн хүнд жингийн тоглогчид болох АНУ болон Бразил хэвлэл мэдээлэлд дайсагнасан байдлаараа жишиг орнууд болж буй ч Америк тив (Хойд, Төв, Өмнөд) удаах байрт бичигдэж байна. Харин 3-рт бичигдэж буй бүс нутаг болох Африк тивийн хувьд юу юунаас илүүтэйгээр дур зоргоороо баривчлах явдал болон цахим халдлагын улмаас хойш ухарсаар байна. 

Хэвлэлийн эрх чөлөөний зөрчлийн оноо нь хамгийн ихээр буюу 1.7 хувиар нэмэгдсэн бүс нутаг нь Ази-Номхон далай байв. Бүсийн хэмжээнд загвар болж байсан Австралийн (5 байр ухарч 26-рт) хувьд мэдээллийн нууц эх сурвалж болон эрэн сурвалжлах сэтгүүл зүйд учруулж буй хөнөөлөөрөө тодорхойлогддог болж байна. Үүнээс гадна бүсийн хэмжээнд хэвлэлийн эрх чөлөөний зөрчлийн оноо өсөхөд хувь нэмрээ оруулсан хоёр улс бий. Тэдний нэг болох Сингапурын (158-рт) хувьд Жорж Орвеллын зохиолд гардагтай адилтгахуйц “хуурамч мэдээ”-ний тухай хууль баталснаар долоон байр ухарч хэвлэлийн эрх чөлөөний газрын зурагт хар өнгөөр тэмдэглэгдэх боллоо. Нөгөө бүс нутаг нь ардчиллын төлөөх бүх нийтийн жасгаалын үеэр сэтгүүлчдэд ёс бусаар хандасныхаа улмаас долоон байр ухарсан Хонконг байлаа. 

Бүсийн хэмжээний үнэлгээгээр Зүүн Европ/Төв Ази сүүлээсээ хоёрдугаарт бичигдсэн хэвээр байгаа бол Ойрх Дорнод болон Хойд Африкийн нь сэтгүүлчдийн хувьд хамгийн хөнөөлтэй бүс хэвээр байна. Алжир (5 байр ухарч 146-рт) дахь RSF-ийн сурвалжлагчийг хорьсон явдал нь зарим орны эрх мэдэлтнүүд Ковид-19 цар тахлыг далимдуулан хараат бус сэтгүүлчдээс хэрхэн хариугаа авч буйн илэрхийлэл боллоо.