Глоб Интернэшнл төв Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсгээс гарлаа

Глоб Интернэшнл төв Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулах Ажлын хэсгээс чөлөөлөгдөх саналаа Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдоржид 2020 оны 2 сарын 19-ний өдөр хүргүүллээ. Учир нь Ажлын хэсгийн одоогийн хувилбар нь дэвшилтэт зарим зүйл агуулсан боловч нарийвчилсан зохицуулалт үгүй, мөн олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмуудтай зөрчилдөж буй бөгөөд ойлголтын зөрүүтэй асуудлууд байна хэмэээн үзэж байна.  

Манай байгууллага Ажлын хэсгээс гарах саналаа ХЗДХЯ-нд хүргүүлсэн ч цаашид хуульч, шинжээчдийн хараат бус баг бүрдүүлж, 2020 оны 2-р сарын 18-нд хүлээн авсан хуулийн төслийн сүүлчийн хувилбар, эсвэл Ажлын хэсгийн эцэслэж, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу олон нийтийн санал авахаар цахим хуудаст нийтэлсэн хувилбар дээр албан ёсны санал дүгнэлтээ өгөх болно. Ингэхдээ өнгөрсөн 20 жилийн туршлага мөн өмнө боловсруулсан төслүүдэд ЕАБХАБ (OSCE) болон олон улсын бусад байгууллагын өгсөн зөвлөмжүүдийг үндэслэн санал дүгнэлт өгөх болно. 

Глоб Интернэшнл төв Монгол Улсын Үндсэн хууль, манай улсын нэгдэн орсон гэрээ конвенцид нийцсэн, ардчиллын зарчмаас ухрахгүй байхад анхаарна гэсэн зарчмыг баримталж ажилладаг.  

Хуулийн төсөл боловсруулах, эцэслэх үйл явц ямар нэг хувь хүн, бүлэг, байгууллагын эрх ашгаас ангид, Монголд ёс зүйт, хариуцлагатай, эгэх хариуцлага бүхий хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйг хөхиүлэн дэмжих зөв санаа зорилгод түшсэн, иргэдийнхээ үнэн мэдээлэлтэй байх эрх ашигт нийцсэн байх ёстой. 

Өнгөрсөн хугацаанд бид Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн төсөл боловсруулах болон үндэсний зарим бодлого, хөтөлбөр, үйл ажилагааны төлөвлөгөө хэрэгжүүлэхэд ХЗДХЯ-тай нягт хамтран ажиллаж ирсэн. 

ХЗДХЯ-аар ахлуулсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулах Ажлын хэсэг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/203 тоот тушаалаар байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарын хэд хэдэн төрийн бус байгууллагууд багтан ажиллаж байгаа юм.