Сэтгүүлч гэж хэн бэ?

ЮНЕСКО Сэтгүүлчдийн аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтийг боловсруулсан ба түүний хэсгээс дор дурдав. 

    Цахим агуулга хаа сайгүй нэмэгдэж буй энэ ертөнцөд сэтгүүлч гэх нэр томъёо өргөн хүрээтэй болж, зөвхөн мэргэжлийн байгууллагад албан ёсоор нэгдсэн, эсвэл хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хамардаг байснаа больсон гэдгийг  ойлгох нь чухал юм.  НҮБ-ын Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний Тусгай илтгэгчийн 2012 оны тайланд Сэтгүүлч бол нийгмийн салбаруудад, эсвэл  нийгэмд бүхэлд нь мэдээлэл өгөхийн тулд үйл явдлыг ажиглаж,  тодорхойлон  тайлбарладаг, баримтжуулдаг,  мөн нийгэмд нөлөө үзүүлж буй үйл явдал, мэдэгдэл, бодлого, төлөвлөгөөнд шинжилгээ хийж, ийм мэдээллийг системд оруулах,  баримт сэлт цуглуулах зорилготой хүн хувь юм” гэжээ.

    ЮНЕСКО-гийн Мэдээлэл Харилцааны Хөгжлийн Олон Улсын Хөтөлбөр (МХХОУХ)-ийн  2012 оны 3-р сарын 23-ны шийдвэрт “Олон нийтийн эрх ашиг бүхий сэтгүүл зүйн үйл ажиллагаанд татагдан оролцдог сэтгүүлч, хэвлэл мэдээлийн ажилтан, нийгмийн сүлжээний туурвигчид”  гэж томъёолсон. 2014 оны 11-р сард Мэдээлэл харилцааны хөгжлийн олон улсын хөтөлбөр ( МХХОУХ) -ийн Засгийн газар хоорондын Зөвлөлийн 29-р чуулганаар “Сэтгүүл  зүйн үйл ажиллагаанд татагдан оролцдог сэтгүүлч, хэвлэл мэдээлийн ажилтан, нийгмийн сүлжээний агуулга туурвигчид” хэмээн өөрчлөн томъёолсон билээ. Энэ утгаар, сэтгүүлчдэд сурвалжлагч, гэрэл зургийн сурвалжлагч, агуулга туурваихад дэмжлэг үзүүлдэг  ажилтан, хүйн хэвлэл мэдээллийн идэвхтэн, иргэний сэтгүүлчид багтана. Өөрөөр хэлбэл, нийгмийн сүлжээ, цахим хэвлэл мэдээллийн бүх хэрэглэгч бус олон нийтийн эрх ашиг бүхий агуулгын үлэмж хэсгийг туурвигч, эрхлэгч, түгээн дэлгэрүүлэгчид багтана” гэжээ.  

    Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны Үндсэн хуулийн  “Гишүүнчлэл” хэмээх бүлгийн 4.а зүйлд “Сэтгүүлч гэж ажлын цагийнхаа дийлэнхийг сэтгүүлзүйн мэргэжлийн үйл ажиллагаанд зориулдаг, орон тооны, эсвэл чөлөөт байдлаар орлогынхоо ихэнхийг энэ ажлаас олдог хүнийг хэлнэ”. Энэ бүлгийн 5-р зүйлд “Ердийн гишүүнчлэлийн хувьд ажил олгогчдыг хамруулдаг сэтгүүлчийн эвлэл холбоо, эсвэл мэргэжлийн бусад тусгай салбарт үйл ажиллагаа явуулдаг эвлэл холбоонд ОУСХ-ны гишүүнчлэл нээлттэй бус” гэсэн байдаг. 

Сэтгүүлчдийг бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох 

    Олон улсын хэм хэмжээгээр хэвлэл мэдээллийн ажилтнуудад тусгай зөвшөөрөл олгох, бүртгэхийг хориглодог. “Сэтгүүл зүй бол мэргэжлийн, бүтэн цагаар ажиллаж буй сурвалжлагч, шинжээч, мөн блогчид, хэвлэл болон интернет, өөр бусад хэрэгслээр өөрөө хэвлэн нийтлэл эрхлэгчдийг хамарсан өргөн хүрээтэй, олон тооны тоглогчдын дунд хуваагддаг үйл ажиллагаа бөгөөд улсын бүртгэлийн ерөнхий тогтолцоо, сэтгүүлчдийг лицензжүүлэх нь 3 дахь хэсэгт үл нийцнэ. Хязгаарлагдмал итгэмжлэх үнэмлэх олгох нь тодорхой газар, үйл явдалд нэвтрэх давуу эрх олгож байгаагаар зөвшөөрөгдөнө.  Ийм зохион байгуулалт нь 19-р зүйл, Пактын бусад зүйл заалтад нийцсэн, үл ялгаварлах зарчим, бодит шалгуурт үндэслэгдэх бөгөөд сэтгүүл зүй бол  өргөн хүрээтэй, олон тооны тоглогчдын дунд хуваагддаг үйл ажиллагаа болохыг анхааралдаа авах ёстой” . 

 Европын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгч Могенс Бличер Бгергард:


Зургийг https://freeeuropean.media


    Сэтгүүл зүй бол чөлөөт мэргэжил юм.  Сэтгүүлчдэд батламж (сертификат) олгох, эсвэл  хэн сэтгүүлч байхыг тодорхойлох аливаа оролдлого нь хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж буй хэрэг. Сэтгүүлчдийг хамгаалах, хэвлэлийн эрх чөлөөнд аливаа нөхцөлгүйгээр бүрэн дэмжлэг үзүүлэх нь Засийн газрын үүрэг юм.  Мэдээжийн хэрэг  сэтгүүлч, хэвлэл мэдээлэл ёс зүйн асуудал, өөрийн зохицуулалтаа  өөрсдөө хариуцах үүрэгтэй. Энэ бол Засгийн газрын үүрэг биш. 19-р зүйл байгууллагын “Олон улсын хэм хэмжээ: Хэвлэл мэдээллийн бaйгууллагын ажилтнуудын зохицуулалт”  -аас дор дурдав. 

    Сэтгүүлчдэд тусгай зөвшөөрөл олгох нь сэтгүүлзүйн мэргэжлийн хүртээмжийг хязгаарлаж буйгаараа дэмжлэг болохоосоо илүү хор уршигтай. Хуульч, эмч нартай харьцуулахад, сэтгүүлчийн үйл ажиллагаа бол мэдээлэл, үзэл санаа  хайх, хүлээн авах, түгээх тусгайлан хамгаалагдсан хүний эрх бөгөөд энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм” гээд “ энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийн зөрчил мөн” гэжээ. 

Сэтгүүлчдийн гишүүнчлэл

Хүн бүр өөрийн санаа бодлыг аливаа арга хэрэгсэл, аливаа хэлбэрээр мэдээлэн харилцах эрхтэй. Гишүүнчлэлтэй байхыг албадах, эсвэл сэтгүүлзүйн дээд боловсролтой байхыг шаардах нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хууль бус хязгаарлалт юм . 

Канадын Эрх зүйн ба Ардчилал төвийн үүсгэн байгууагч, захирал Тоби Мендел:


    Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх нь тусдаа хоёр эрх юм. Эхний эрхийн хувьд, хүн бүр сэтгүүлзүйн үйл ажиллагаа эрхэлж болно гэдэг нь ойлгомжтой. Хоёр дахь эвлэлдэн нэгдэх эрхийн тухайд гэвэл, сэтгүүлчид өөрсдийн хүссэнээр ямар зохион байгуулалтад орох нь тэдний эрх юм. Сэтгүүлчдийг ямар нэг холбооны гишүүнчлэлтэй байхыг албадах нь хэвлэлийн эрх чөлөөний зөрчил болохын тодорхой нэг тохиолдол нь Коста Рика байсан бөгөөд 1985 оны 11-р сарын 13-ны Америк Дундын  Хүний Эрхийн шүүхийн шийдвэр хамгийн шилдэг жишиг тогтоосон билээ. 

 19-р зүйл байгууллага “Олон улсын хэм хэмжээ: Хэвлэл мэдээллийн ажилтнуудын зохицуулалт”  хэмээх бодлогын бичиг баримтаа мөн Коста Рикагийн тохиолдлыг жишээ татан, Америк Дундын Хүний Эрхийн Шүүхийн шийдвэрээс иш татжээ. Үүнд:

Сэтгүүлчдийг мэргэжлийн эвлэл холбооны гишүүн байхыг хүчээр тулгах нь эмзэг асуудал юм. Практик дээр сэтгүүлчид сайн дураараа ийм байгууллагад идэвхтэйгээр нэгдэх, эсвэл өөрсдөө дундаа шинэ бүлэг хэсэг байгуулдаг.  

Холбоо, үйлдвэрчний эвлэл байгуулах нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, ИБУТЭТОУП-ын 22-р зүйлээр баталгаажуулсан тусдаа хүний эрх юм. Сэтгүүлчдийн эвлэл холбоо нь хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүдийн  ажиллах нөхцөлийг сайжруулахад тустай, мөн сургалт хийх, гишүүддээ үйлчилдэг ёс зүйн зарчим батлах замаар гишүүдийнхээ мэргэжлийн ба ёс зүйн хэм хэмжээг нэмэгдүүлэхэд туслах боломжтой. 

Эрх зүйн ба өөрийн зохицуулалтын олон улсын хэм хэмжээний талаарх дэлгэрэнгүйг энд дарж танилцана уу.