Мэдээлэлтэй байх эрхийг ашиглах нь- Сэтгүүлчдэд зориулсан сургалт боллоо

Эрэн сурважлах сэтгүүл зүй: Мэдээлэлтэй байх эрхээ эдлэх, Тогтвортой Хөгжлийн Зорилгын 16.10 дахь дэд зорилтын хоёрдугаар шалгуур үзүүлэлтийн тухай тайлагнах зорилтын хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд зориулсан сургалтыг Глоб Интернэшл төв ЮНЕСКО-гийн  Бээжин дэх Төлөөлөгчийн газар, Нидерландын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 2019 оны 9 сарын 5,6-ны өдөр зохион байгууллаа. 

Хөтөлбөрийг нээж ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал нар үг хэллээ. Мөн сургалтын чиглүүлэгч багшаар Канадын “Хууль ба ардчилал” төвиийн тэргүүн Тоби Мэндель ажиллалаа. 


Сургалтад хамрагдаж буй сэтгүүлчид ажил үүргээ хэвийн гүйцэтгэж, олон нийтийг мэдээллээр хангахын төлөө ажиллаж байхдаа хүссэн мэдээллээ авч чадахгүй байх тохиолдол олон байдаг. Тиймээс энэ сургалтад хамрагдаж, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн талаар мэдлэгтэй болж мөн энэ хуулийн хэрэгжилтийн талаарх олон улсын туршлагаас суралцахыг хүссэн хэмээн тодотгож байлаа. Мөн энэхүү сургалтад их дээд сургуулийн сэтгүүл зүйн багш нар хамрагдаж байгаагаараа онцлог юм. 

ЮНЕСКО-гийн  Бээжин дэх Төлөөлөгчийн газар, Нидерландын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Глоб Интернэшнл Төвөөс зохион байгуулсан “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй: Мэдээлэлтэй байх эрхээ эдлэх, Тогтвортой Хөгжлийн Зорилгын 16.10 дахь дэд зорилтын хоёрдугаар шалгуур үзүүлэлтийн тухай мэдээлж, сурвалжлах нь” сэдэвт сургалтад хамрагдсан сэтгүүлчид цаашид Тогтвортой Хөгжлийн Зорилгын 16.10 дахь дэд зорилтын хоёрдугаар шалгуур үзүүлэлт буюу олон нийтийн мэдээлэл авах эрхийн чиглэлээр мэдээ мэдээлэл бэлтгэх, хамтран ажиллах “Хэвлэл мэдээллийн түншлэл” байгуулан ажиллахаа илэрхийллээ. 


Мэдээлэлтэй байх эрх бол ТХЗ-ын “Төрийн байгууллагын мэдээллийн хүртээмжийг хангах, суурь эрх чөлөөг хамгаалах” гэсэн 16.10 дахь дэд зорилтын хүрээнд багтаж байгаа бөгөөд аль аль нь зөвхөн зорилтоор зогсохгүй тогтвортой хөгжлийн чиглүүлэгч хүчин билээ. ТХЗ-ын 16.10 дахь дэд зорилт нь 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтын тухай мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, тэдгээрийг бүхэлд нь хэрэгжүүлэхэд нэн чухал үүрэгтэй.  Гагцхүү мэдээлэлтэй иргэд л эерэг өөрчлөлтийн төлөө утга учир бүхий дэвшилд хүрэхийн тулд нөлөөллийн үйл ажиллагаа явуулж,  мониторинг  хийхэд оролцох чадавхитай болно. Ийм ч учраас  ТХЗ-ын 16.10 дахь дэд зорилт, түүнчлэн өргөн утгаар 2030 хүртэлх зорилтуудыг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид чухал үүрэгтэй.  Монгол Улс 2011 оны 6-р сарын 16-нд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль баталж, иргэдийнхээ төрийн байгууллагаас мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан билээ. Монгол Улс энэ онд анх удаа ТХЗ-ын хэрэгжилтийн тухай Үндэсний сайн дурын илтгэл  бэлтгэж, 7 -р сард Нью Йорк хотноо болсон НҮБ-ын Улс төрийн өндөр хэмжээний жил тутмын чуулга уулзалтаар хэлэлцүүлсэн билээ. Тус илтгэлд “...олон нийтийн үйл ажиллагааны ил тод байдлыг баталгаажуулах, мэдээлэл авах, мэдээллийн ил тод байдлыг хангах асуудлыг улам сайжруулах шаардлагатай байна” хэмээжээ. 


Энэхүү сургалтын хөтөлбөрт “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн хууль”, түүний хэрэгжилт, мэдээллийг албан ёсоор хүсэлт гаргах, мэдээлэлтэй байх эрхийн ач холбогдол, мэдээлэл авахад төрийн албан хаагч хүндрэл учруулвал яах вэ,  ТХЗ-ын талаарх тойм мэдээлэл, Зорилт 16 –гийн 10 дахь дэд зорилтын хоёрдугаар шалгуур үзүүлэлт, Хуурамч мэдээллийн тухай ойлголт, баримтыг нягталж шалгах нь зэрэг сэдвээр сургалтыг зохион байгууллаа.