Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийн тайланг НҮБ-ийн хүний эрхийн зөвлөлд хоёр дахь удаагаа илгээнэ

Глоб Интернэшнл төв Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийн тайланг НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд хоёр дахь удаагаа илгээхээр бэлтгэж байна. Энэхүү тайлан нь НҮБ-ын  гишүүн 192 улс орон бүр хүний эрхийн төлөв байдлаа дөрвөн жил тутамд дүгнэн тайлагнадаг механизм бөгөөд үүнийг UPR буюу Universal Periodic Review хэмээн нэрлэдэг. Монгол улс энэ жил UPR-ийн 3 дахь циклийн тайлангаа хэлэлцүүлэхээс гадна өмнөх цикл буюу 2015 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийг манай улс хэрхэн хэрэгжүүлсэн талаар тайландаа тусгах юм. 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд UPR-ийн тайланг илгээж, үүний дараа Засгийн газар тайлангаа мөн илгээх юм. 

Иймд хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум (ХЭФ)-ийн гишүүн байгууллагууд UPR-д илгээх тайлангаа бэлтгэж холбогдох төрийн байгууллагуудад танилцуулах, зөвлөлдөх уулзалтыг 2019 оны 8 сарын 28-ны өдөр ГХЯ-ны Зөвшилцөл танхимд зохион байгуулав.

Энэ үеэр Глоб Интернэшнл төв Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийн тайланг холбогдох төрийн байгууллагуудад танилцууллаа. Өмнөх хэлэлцүүлэг буюу 2015 онд өгсөн нийт найман зөвлөмж өнөөдрийн байдлаар хэрэгжээгүй байна. Иймд үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хүрээнд дараах асуудлуудыг тайландаа тусган бэлтгэж байна. 

- Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн харилцааг зохицуулсан үндэсний хууль тогтоомжийг ИБУТЭОУП-д нийцүүлэх

- Нэр төр гутаах үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохгүй байх

- Сэтгүүлчдийн мэдээллийн эх сурвалж болон шүгэлдэгчийг хамгаалах

- ИБУТЭОУП-ын 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлахад баримтлах шалгуур”-ыг хуульчлах

- Иргэдийн хувийн мэдээллийн хамгаалалт