Глоб Интернэшл төв мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор “UPR”-ийн тайланг бэлтгэж байна

Манай улс UPR (Universal Periodic Review) буюу Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлгийн тайланг энэ жил гурав дахь удаагаа бэлтгэн илгээх гэж байна. ЮПР гэдэг нь НҮБ-ын гишүүн 192 орны хүний эрхийн төлөв байдлыг дөрвөн жил тутам дүгнэн хэлэлцэж, зохих зөвлөмжийг тухайн улс оронд өгдөг механизм юм. Үүнтэй холбогдуулан Хүний эрхийн төрийн бус байгууллагын форум (ХЭТББФ)-ын гишүүд өөрсдийн ажиллаж буй салбар чиглэлийн хүрээнд Монгол улсын хүний эрхийн нөхцөл байдлын тухай тайланг бэлтгэж байна.

   Глоб Интернэшнл төв IFEX буюу Олон улсын чөлөөт илэрхийллийн сүлжээний дэмжлэгтэйгээр “UPR”-ийн тайланг хоёр дахь жилдээ бэлтгэж байна. Өмнөх циклд буюу дөрвөн жилийн өмнө үзэл бодлоо илэрхийлэх эрхийг сайжруулахтай холбоотой найман зөвлөмжийг манай улсад илгээсэн боловч эдгээрийн биелэлт хангалтгүй байгаа юм. Бид өнгөрсөн хугацаанд мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл олж авах эрхийг үнэлэх судалгаа хийсэн бөгөөд тайланд энэхүү судалгааны дүгнэлтээс оруулах болно. Мөн ИБУТЭОУ-ын Пактын 19-р зүйл буюу Мэдээлэлтэй байх эрхийн асуудлаар долоон аймгийн захиргааны байгууллагын төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулсан. 


Энэ жилийн тайланг бэлтгэхдээ холбогдох мэргэжлийн байгууллагын хүмүүсийн оролцоог хангах зарчмыг баримтлан бичиж байна. Тухайлбал сэтгүүл зүйн мэргэжлийн байгууллагууд буюу ТББ, их дээд сургуулийн сэтгүүл зүйн багш, судлаач болон хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй сэтгүүлчдийг хамруулан гурван удаагийн уулзалтыг зохион байгууллаа. Энэ уулзалтын үеэр оролцогчид мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн талаарх өөрсдийн байр сууриа хуваалцсан юм. Мөн орон нутгийн сэтгүүлчдийн байр суурь чухал ач холбогдолтой хэмээн үзэж бид онлайн уулзалтыг зохион байгууллаа. 


ХЭТББФ-ын гишүүд бэлтгэсэн тайлангаа холбогдох төрийн захиргааны байгууллагын төлөөллүүдэд танилцуулах бөгөөд уулзалтыг энэ сарын сүүлээр зохион байгуулахаар төлөвлөөд байна.