Глоб Интернэшнл төв 20 жилийн ойн баяраа тэмдэглэлээ

Мэдлэг, мэдээллийн хүчийг түгээн дэлгэрүүлснээр Монголын ардчилал, иргэний нийгмийг хөхиүлэн дэмжих зорилгоор 1999 онд байгуулагдсан Глоб Интернэшнл төв 20 жилийн ойн баяраа 2019 оны 7 сарын 5-ны өдөр тэмдэглэлээ. 

Өнгөрөгч 20 жилийн хугацаанд Глоб Интернэшнл төв нийт 54 ивээн тэтгэгчдийн, 177 төсөл хөтөлбөрүүдийг Улаанбаатар хотын 8 дүүрэг, 17 аймгийн 30 суманд хэрэгжүүлжээ. Эдгээр төсөл хөтөлбөрүүд иргэд олон нийт, сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллага, хүүхэд залуучууд, хараа хяналтгүй хүүхдүүд, шийдвэр гаргагч, төрийн албан хаагчид зэрэг зорилтот бүлгүүдэд хүрч ажиллажээ. 

Глоб Интернэшнл төв нь олон нийтийн өргөн нэвтрүүлгийн тухай хууль, мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг тус тус лоббидон батлуулж үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба эрх зүйн туслалцаа үзүүлж, 372 сургалт семинарийг зорилтот бүлгүүдэд зохион байгуулсан байна. 


Мөн энэ хугацаанд авлигын эсрэг хууль тогтоомж сурталчлах, мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, шилэн дансны тухай хууль, боловсролын тухай хууль, төсвийн тухай хууль зэрэг иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хууль тогтоомж сурталчлах ажлуудыг хийжээ. 

Үүнээс гадна иргэдийн оролцоотойгоор Монгол орны 11 аймаг, 30 сумдын, 313 иргэдэд сонгуулийн хэвлэл мэдээллийн сурталчилгааны мониторинг, төрийн байгууллагын ил тод байдлын мониторинг хийсэн байна. 

Глоб Интернэшнл төв нь хэвлэл мэдээллийн хөтөлбөрийн хүрээнд 4 аймгийн 10 суманд хүйн радио, 22 суманд цахим хуудас, 36 суманд гар утсаар мэдээлэл дамжуулах систем бий болгож, өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн 21 аян зохион байгуулжээ. 

Мөн урлагаар дамжуулж хүний эрхийн боловсрол олгох иргэдийг чадавхжуулах хөтөлбөрийн хүрээнд “Шекспирийн монгол нөхөд”, “Дэлхий ертөнц бүсгүйчүүдийн нүдээр”, “48 цаг бэсрэг киноны наадам”, “Европийн кино наадам”, “Театр хүний эрхийн төлөө” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. 

Мөн хүний эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, олон нийтийн мэдэх эрхтэй холбоотой 30 орчим нийгмийн зар сурталчилгаа, 12 баримтат кино, авлигын эсрэг хууль сурталчилсан “Ус дээшээ урсдаг” 28 ангит кино бүтээл, 11 цуврал радио нэвтрүүлэг, 12 бэсрэг жүжгийн тавилттай уншлага хийж олон нийт, оролцогч талуудын хүртээл болгосон юм. Мөн 20 жилийн хугацаанд мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хүний эрхийн чиглэлээр 130 гаруй ном гарын авлага бэлтгэн хэвлүүлсэн байна. 

Глоб Интернэшнл төвийн 20 жилийн ойн арга хэмжээнд өнгөрөгч хугацаанд хамтран ажилласан төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын 100 гаруй төлөөллүүд оролцож баяр хүргэж, цаашдын ажилд амжилт хүсэж, нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.