“GSP + механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” Үндэсний чуулган боллоо

Глоб Интернэшнл төв нь ардчиллыг дэлгэрүүлэгч Democracy Reporting International олон улсын байгууллагатай хамтран Европын Холбооны санхүүжилтээр “GSP+ механизмаар дамжуулан хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийг 1.5 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүллээ. 

Үүнтэй холбогдуулж 2019 оны 5-р сарын 23, 24-ны өдрүүдэд үндэсний чуулган зохион байгууллаа. Чуулганд Монгол Улсын 21 аймгийн төлөөлөгч, төрийн байгууллага, ОУ-ын байгууллага, иргэний нийгэм, бизнес, хэвлэл мэдээллийн байгууллагын 80 орчим төлөөллүүд оролцлоо. 

Энэ үеэр төслийн хүрээнд хийгдсэн ажлуудыг танилцуулахын зэрэгцээ төслийн гол зорилтууд болох GSP+ механизмын Монгол дахь ашиглалт, бизнес ба хүний эрхийн уялдаа холбоо, Европын холбооноос олгож буй эдийн засгийн урамшууллын хариуд хүлээж буй үүрэг хариуцлагаас эхлээд төслийн хүрээнд боловсруулсан зөвлөмжүүдийг танилцууллаа. Энэхүү төслийн гол зорилго нь GSP+ механизм буюу Европын Холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системийн талаар олон нийт, тэр дундаа төр, бизнес, иргэний нийгмийн салбарынхны мэдлэг ойлголтыг дээшлүүлж, ашиглалтын хэмжээг нь нэмэгдүүлэх замаар эдийн засаг, хүний эрх, хөдөлмөр эрхийн чиглэлд тодорхой ахиц үзүүлэх явцыг хурдасгах юм. 

Монгол Улсын хувьд 2005 онд өөрийн хүсэлтээ тус системээс ашиг хүртэгч орнуудын нэг болсон. Ингэснээр дотоодын үйлдвэр эрхлэгчид 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европын Холбооны орнууд руу татваргүйгээр экспортлох эдийн засгийн томоохон урамшуулал хүртэх боломж нээгдсэн юм. Харин үүнийхээ хариуд хүний эрх, хөдөлмөрлөх эрх, байгаль орчин, засаглалын нийт 27 олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилтийг хангах үүрэг хүлээх болсон билээ. 

Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал: 

Энэхүү төсөлд 420 хүн, 170 байгууллагын төлөөлөл оролцсон. Мөн 50 гаруй төрийн байгууллага, 100 гаруй хувийн хэвшил, 10 гаруй олон улсын байгууллага хамтран ажилласан. Түүнчлэн сэтгүүлчдийн дунд чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулж,  найман удаагийн захиргааны танхимын уулзалт зохион байгуулсан. GSP + бол худалдааны механизм юм. Энэ системийн хүрээнд хүний эрхийг авч үзэж байгаа нь хүний эрхэд суурилсан бизнесийг бэхжүүлэх, бизнес нь зөвхөн ашгийн төлөө бус аль аль талуудад ээлтэй, нийгэмд үр ашигтай болох хөшүүрэг болж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. 

Европын Холбооны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Элчин зөвлөх Марко Ферри:

GSP+ бол дан ганц бизнесийг дэмжихээс гадна хүний эрх, хөдөлмөрлөх эрх, албадлага, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг зогсоох, сайн засаглалыг тогтоох зэрэг 27 олон улсын конвенцийг хамардаг. Монгол улсын хувьд 2014 оноос GSP+ механизмийг нэвтрүүлсэн. Монголоос нэхмэл, сүлжмэл эдлэл экспортын 93 хувийг эзэлж байна. Ашиглалтийн хувьд 84 хувьтай байна. Энэхүү төслийн зорилго нь дээр дурьдсан 27 конвенц, тэр дундаа 15 нь хүний эрх, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой конвенцийг хэрэгжүүлэхэд Монгол улсыг дэмжин ажиллаж байна. Чацаргана, түүний тос, ботго, сарлагын ноос ноолууран бүтээгдэхүүн, органик гоо сайхны бүтээгдэхүүнийг Европ руу гаргах чиглэлээр дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Энэ зургаадугаар сард бид Трам төслийн хүрээнд худалдааны нээлттэй өдөрлөг зохион байгуулах бөгөөд 6200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй гаргах асуудлыг хөндөн ажиллах болно. Эдгээр 27 конвенцийг Монголд хэрхэн хэрэгжүүлж байгаа вэ гэдэгт Европийн холбооноос баг ирж мониторинг хийнэ. Үүний үр дүнд GSP+ -аас Монгол улс ямар үр дүн хүртэж байна, хэрэгжилт хэр байна зэргийг мэдэх боломжтой юм. Мөн унаач хүүхдүүдийн асуудал, хүний эрхийн хамгаалагчдын байдал, цаазын ялыг нэвтрүүлэхтэй холбоотой нийгмийн маргаанууд, албадан хөдөлмөр зэрэг асуудлуудад мониторинг хийх юм.

“Democracy Reporting International”-ийн хөтөлбөрийн менежер Кайран О Рейлли:

Манай байгууллага гурван жилийн турш Европийн холбооны дэмжлэгтэйгээр хүний эрхийг хөхиүлэн дэмжих чиглэлээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд сэтгүүлчдийн аюулгүй байдал, үг хэлэх эрхтэй холбоотой түгшүүртэй мэдээлэл хүлээн авч байна. 

GSP + механизм аль аль талдаа дэмжлэг үзүүлж байгаа “хоёр хөлт” төсөл юм. Хэрэгжилтэд мониторинг хийх иргэний нийгмийн чадавхийг сайжруулах, хөдөлмөрлөх эрхүүдтэй холбоотой мониторинг хийх, энэ асуудлыг нийгэмд ярих, хэлэлцэх, иргэний нийгмийн байгууллага, Засгийн газар, төрийн байгууллагуудтай зөвлөлдөх боломж олгож байгаагаараа онцлог юм. Үүний үр дүнд ТББ конвенцийн хэрэгжилт ямар байгаад сүүдрийн илтгэл гаргах, мониторинг хийх боломжтой болдог. Энэ төслөөр бид хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн чиглэлийг маш идэвхтэй ярьж эхэлсэн. Тэгэхээр цаашдаа ч сайн ажиллах, ижил төрлийн төсөл хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хүний эрхийг хэрэгжүүлснээр цаашдаа эдийн засгийн үр ашгийг хэрхэн олох вэ гэдгийг олж харах байх.

ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан:

Хүний эрхийг дээдлэх хүндлэх бол хүрэх үр дүн бус процесс юм. 2018 онд манай улс  6 тэрбум долларын экспортоос 248 сая долларын бүтээгдэхүүнийг Европийн Холбоо руу  гаргаснаас 12 сая орчим төгрөгний барааг GSP + хөнгөлөлтөд хамруулсан байна. Тэгэхээр ашиглалт маш муу байна гэж хэлж болж байна. Үүнд дээр бид анхааран ажиллах ёстой гэлээ. 

Монгол Улсын хувьд GSP+ системд нэгдэн орсноос хойш 10 гаруй жил өнгөрч байгаа ч ашиглалтын хувь төдийлэн нэмэгдэхгүй байгаа бөгөөд үүнд иргэдийн мэдлэг ойлголт сул, Европын Холбооноос тавьж буй стандартын шаардлагыг хангахад хүндрэл үүсдэг зэрэг нь голлон нөлөөлж буй талаар төслөөс зохион байгуулсан цуврал сургалт, уулзалтуудад оролцсон хүмүүс онцолж байсан юм. Энэ ч утгаараа одоо зохион байгуулж буй Үндэсний чуулганы нэг чухал зорилт нь иргэд олон нийт, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, бизнесийн салбарынхны дунд GSP+ механизмын талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх явдал билээ. 

Төслийн хугацаанд Глоб интернэшнл төв нь ГХЯ, ХЗДХЯ, НҮБ, ХЭҮК, МҮХАҮТ, Монголын Хуульчдын холбоо, Хэвлэл мэдээллийн зөвлөл зэрэг төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай нягт хамтын ажиллагаатай байсан юм. 

Үүний үр дүнд төслийн багаас иргэний нийгэм, хэвлэл мэдээллийг чадавхжуулах сургалт, сэтгүүлчдийн аюулгүй байдал эрх зүйн орчны мониторинг, мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зурагт хуудас, дүрс бичлэг, нөлөөллийн уулзалтуудаас эхлээд Төв, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Увс аймаг болон Улаанбаатар хотноо тус тус Захиргааны танхимын уулзалтыг амжилттай зохион байгуулсан билээ.