“Хэвлэл мэдээлэл ардчиллын төлөө: Хуурамч мэдээллийн үе дэх сэтгүүл зүй ба сонгууль” сэдвээр хэлэлцүүлэг болно

ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР 2019

Хэвлэл мэдээлэл ардчиллын төлөө:
Хуурамч мэдээллийн үе дэх сэтгүүл зүй ба сонгууль

Хэвлэлийн мэдээ
2019 оны 5 дугаар сарын 2

2019 онд дэлхий даяар "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр"-ийг "Хэвлэл мэдээлэл ардчиллын төлөө: Хуурамч мэдээллийн үе дэх сэтгүүл зүй ба сонгууль" сэдвийн дор тэмдэглэж байна. 2019 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан гаргасан ЮНЕСКО-ийн үзэл баримтлалын баримт бичигт дэлхийн хэмжээнд болон дотооддоо нийтээрээ хэлэлцвэл зохих дараах гурван дэд сэдвийг онцолжээ. Үүнд:

• Цахим эрин үе сонгуулийн мэдээлэл харилцаанд хэрхэн нөлөөлж байна вэ?
• Хэвлэл мэдээллийн ардчилалд гүйцэтгэх үүргийг бууруулах шинэ оролдлого
• Тогтвортой энх тайван, ардчилалд Хэвлэл мэдээллийн оруулах хувь нэмэр, чадавх

Глоб Интернэшнл төв, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр"-ийг тохиолдуулан 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 11.00–16.40 цагт Нээлттэй Нийгэм форумын хурлын танхимд "Хэвлэл мэдээлэл ардчиллын төлөө: Хуурамч мэдээллийн үе дэх сэтгүүл зүй ба сонгууль" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна.

Хэлэлцүүлгийн үеэр Глоб Интернэшнл төвөөс жил бүр уламжлал болгон олгодог "Үнэний төлөө" хэвлэлийн эрх чөлөөний шагналыг гардуулна. Энэхүү шагнал нь олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад хувь нэмэр оруулсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг шагнадгаараа онцлог юм.

Мөн Глоб Интернэшнл төвөөс жил бүр бэлтгэдэг Хэвлэлийн эрх чөлөөний 2018 оны тайлан, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын хуульчдын холбооноос Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдалд хийсэн судалгааны дүнг тус тус танилцуулна.

Бүгд Найрамдах Франц Улсын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр оюутан, залуучуудын дунд "Сонгуулийн саналд хуурамч мэдээлэл хэрхэн нөлөөлж байна вэ" сэдвээр зарласан шог зураг, зурагт хуудасны уралдааны шилдэг бүтээлүүдийг тодруулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар лавлана уу.
88054340 Н.Зулзаяа, 99843464 М.Халиун