Хил Хязгааргүй Сурвалжлагчид (RSF) байгууллагын бэлтгэсэн 2019 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр сэтгүүлчдийг үзэн ядах байдал хүчирхийллийн хэлбэрт шилжиж, энэ нь тэднийг улам айдаст автуулж байна. Сэтгүүлчдийн хувьд бүрэн хамгаалагдсан, аюулгүйд тооцогддог орнуудын тоо үргэлжлэн цөөрсөөр байгаатай зэрэгцэн авторитари дэглэмүүд хэвлэл мэдээллээс улам чанга зуурч байна.
Жил бүр дэлхийн 180 орны сэтгүүл зүйн нөхцөл байдлыг үнэлдэг RSF-ийн индексээс харвал, сэтгүүлчдийн аюулгүй ажиллах орчинд хөнөөл авчрахуйц айдаст автуулах хүчтэй уур амьсгал үүсээд байна. Олон орны улс төрийн удирдагч сэтгүүлчдэд дайсагнасан байдлаа илэрхийлж байгаа нь хүчирхийллийн шинж бүхий аюултай үйлдлүүдийг дэвэргэж байгаа. Энэ нь сэтгүүлчдийн хувьд урьд хожид байгаагүй айдас, аюулыг авчирч эхэллээ. RSF-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар “Хэрэв улс төрийн хэлэлцүүлэг нь далд эсвэл иргэний дайны-хэв маяг бүхий орчин руу нээлттэйгээр чиглэж, ингэхдээ сэтгүүлчдийг бүх зүйлийн буруутнаар цоллож буй тохиолдолд тэр ардчилал маш том аюулд оржээ гэсэн үг. Энэхүү айдас, сүрдүүлгийн тойргийг зогсоох нь түүхийн он цагийн хугацаанд олж авсан эрх чөлөөг үнэлдэг сайн санаат хүмүүсийн хувьд нэн тэргүүний асуудал билээ” хэмээсэн юм.
2019 оны Индексийг Норвеги улс гурав дахь жилдээ тэргүүлсэн бол Нидерландын (нэг байр ухарч 4-рт) байр суурийг Финланд (4 байр ахисан) эзэлснээр дэд байрт бичигдэж байна. Нидерландын хувьд зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн талаар сурвалжилсан хоёр сэтгүүлч цагдаагийн байнгын хамгаалалтад амьдрахад хүрээд байгаа юм. Кибер-дарамт нэмэгдэж буйн улмаас Швед (3-рт) ч нэг байр ухарлаа.
Африк төв өнгөрсөн жилээс мэдэгдэхүйц ахиц гаргаснаар Этиоп (40 байр ахиж 110-рт), Гамби (30 байр ахиж 92-рт) тус тус эрэмбээ дээшлүүллээ.
Олон тооны авторитари дэглэмүүд ч уналт үзүүллээ. Эдгээрт, сэтгүүлчид нь аюулгүйн албаныхны баривчилгаа, хүчирхийллийн золиос болсоор байгаа Венесуэль улс (5 байр ухарч 148-рт) багтана. Мөн интернэт, хараат бус хэвлэл мэдээлэлд үзүүлэх дарамтаа шат ахиулах үүднээс баривчилгаа, дур зоргоороо нэгжлэг хийхээс эхлээд тэвчишгүй ширүүн хуулиуд баталж буй Орос улс (1 байр ухарч 149-рт) ч багтана. Харин индексийн сүүлд бичигдэж буй Хятад, Вьетнам улс тус тус нэг байр ухарсан. Эритрей улс хөрш Этиоптойгоо найрамдаж буй ч сүүлээсээ 3-рт бичигдсэн хэвээр байгаа бол Туркменистан (2 байр ухарч 180-рт) сүүл мушгиснаар Умард Солонгосын (1 байр ахиж 179-рт) байрыг эзэллээ.
Нийт 180 орноос ердөө 24 хувь нь “сайн” (Хэвлэлийн эрх чөлөөний газрын зурагт цагаанаар будагдсан) эсвэл “хангалттай” (шар өнгөөр будагдсан) гэсэн ангилалд багтлаа. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 26 хувь байсан юм. Дональд Трампын сэтгэгдлээс ч давсан дайсагнасан уур амьсгал улам нэмэгдэж буйн улмаас АНУ (48-рт) гурван байр ухарч хэвлэл мэдээллийн орчин нь “асуудалтай” (улбар шар) гэсэн ангилалд шилжлээ. АНУ-ын сэтгүүлчдийн хувьд урьд хожид хэзээ ч энэ тооны үхлийн заналхийллийн субъект болж эс бөгөөс хувийн хамгаалалтын фирмүүдэд хандахдаа хүрч байсангүй. 2018 оны 6-р сард нэгэн этгээд Мэрилэндийн Аннаполис хот дахь Capital Gazette сонины редакцид нэвтэрч гал нээсний улмаас дөрвөн сэтгүүлч, нэг ажилтан амиа алдсан нь хэвлэл мэдээллийг үзэн ядах байдал ямар байгааг харуулж байна. Тухайн этгээд нь энэхүү үйлдлийг хийхээсээ өмнө тухайн сониныг үзэн ядаж, хонзогнодог тухайгаа хэд хэдэн удаа нийгмийн сүлжээгээр илэрхийлж байжээ.
Олон оронд сэтгүүлчдийн хувьд заналхийлэл, доромжлол, дайралт нь “ажлын байрны аюул, осол” -ын хэсэг болоод байна. Хиндү үндэсний үзлийг шүүмжлэгчид нь цахимаар дарамтлах кампанит аянаар “анти-Энэтхэг” хэмээн цоллуулж буй Энэтхэгт (2 байр ухарч 140-рт) гэхэд 2018 онд зургаан сэтгүүлч амиа алдаад байна. Бразилд (3 байр ухарч 105-рт) болсон сонгуулийн кампанит аянаас хойш хэвлэл мэдээллийн салбар нь Жаир Болсонаругийн дэмжигчдийн зүгээс ирэх цахим болон биет халдлагын бай болсоор байна.
Зоригт эрэн сурвалжлах сэтгүүлчид
Дайсагнасан байдал газар авсан энэ үед авлига, хээл хахууль, татвараас зайлсхийх, зохион байгуулалттай гэмт хэргийн талаар эрэн сурвалжлахад эр зориг улам чухал болж байна. Италийн (3 байр ахиж 43-рт) дотоод хэргийн сайд, Лигийн намын тэргүүн Маттео Сальвини л гэхэд өөрийг нь шүүмжилсэн гэх шалтгаанаар сэтгүүлч Роберто Савианогийн цагдаагийн хамгаалалтыг буулгах санал гаргасан юм. Үүнтэй зэрэгцэн Алжир (5 байр ухарч 141-рт), Хорват (5 байр ахиж 64-рт) гээд бараг дэлхийн бүх оронд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид шүүх эрх мэдлийн дарамтын золиос болох нь нэмэгдсээр байна. Франц, Мальта (12 байр ухарч 77-рт) шиг шударга бус шүүхийн үйл явц нь эрэн сурвалжлах сэтгүүлчдийн санхүүгийн эх үүсвэрийг барах замаар тэдний үйл ажиллагааг хязгаарлахад ашиглагдаж байж ч магадгүй юм. Үүний үр дүнд Польштой (1 байр ухарч 59-рт) адил сэтгүүлчдийг торны цаана ч суулгаж мэдэх юм. Тодруулбал, Польшийн эрх баригч намын тэргүүний эргэлзээтэй барилгын төслийн талаарх нийтлэлийнхээ улмаас Gazeta Wyborcza-ийн сэтгүүлчид хорих ялтай нүүр тулаад буй. Мөн Болгарт (11-рт) Европын Холбооны санг буруугаар ашигласан тухай хэдэн сар эрэн сурвалжилсныхаа төлөө хоёр ч сэтгүүлч баривчлагдаад байна. Шүүхийн заргын хажуугаар ямарваа авлигын үйлдлийн хөшгийг нээсэн эрэн сурвалжлах сэтгүүлчид бүх төрлийн дарамтын бай болж болзошгүй байна. Сербид (14 байр ухарч 90-рт) л гэхэд нэгэн сурвалжлагчийн гэрийг санаатайгаар галдан шатааж байхад Мальта, Словак (8 байр ухарч 35-рт), Мексик (3 байр ухарч 144-рт), Ганад (4 байр ухарч 27-рт) сэтгүүлчид амиа алдаж байна. Эрх мэдэлтнүүдийг хилэгнүүлсэн сэтгүүлчдэд хэрэглэж буй хүчирхийллийн хэлбэр бүх хэмжээ хязгаарыг давж эхэллээ. Өнгөрсөн 10-р сард Саудын Арабын (3 байр ухарч 172-рт) Истанбул дахь консулийн газарт болсон нийтлэлч Жамал Хашоггигийн амийг хэрцгийгээр хороосон явдал нь хилийн чанад дахь сэтгүүлчдэд ч жихүүдэс хүргэм илгээлт боллоо. Энэ мэт хүчирхийллээс амьд үлдэхийн төлөөх айдсаас үүдэж бүсийн хэмжээнд олон сэтгүүлч өөрсдийгөө цензурдаж зарим нь бүр мөсөн бичихээ болиод байна.
Сайн байх ёстой бүсүүд хамгийн ихээр доройтов
Дэлхийн хэмжээнд Америк бүс (Хойд, Өмнөд) хэвлэлийн эрх чөлөөний хязгаарлалт, хүчирхийллийн түвшний үнэлгээгээр бүсийн дүнгээрээ хамгийн огцом уналтыг (3.6 хувь) үзүүллээ. Энэ нь дан ганц Венесуэль, Бразил, АНУ-ын ядруу байдлаас болсонгүй. 2019 онд Никарагуа (114-рт) улс хамгийн огцом буюу 24 байраар ухарсан юм. Учир нь тус улсын ерөнхийлөгч Ортегагийн засгийн газрын эсрэг жагсаалыг сурвалжилсан аливаа сэтгүүлчдийн биед шууд халдаж байна. Тиймээс олон сэтгүүлч террозмын зүйл заалтаар торны цаана суухаас урьтаж гадаад орнууд руу дүрвэж байна. Бөмбөрцгийн баруун хагаст хэвлэл мэдээллийнхний хувьд хамгийн өршөөлгүй орнууд бий: 2018 онд Мексикт хамгийн цөөндөө 10 сэтгүүлч амиа алдсан. Андрес Мануэль Лопес Обрадорыг ерөнхийлөгчөөр томилсон нь эрх мэдэлтнүүд болон хэвлэл мэдээллийн хоорондын хурцадмал байдлыг зарим талаараа бууруулсан. Гэвч хүчирхийлэл үргэлжилж, сэтгүүлчдийн аминд хүрсэн этгээдүүд зохих ялаа авахгүй байгаа тул RSF энэ асуудлаар өнгөрсөн 3-р сард Олон улсын эрүүгийн шүүхэд хандахад хүрсэн билээ.
Европын Холбоо, Балканы орнууд бүсийн хэмжээн дэх хязгаарлалт, хүчирхийллийн түвшний үнэлгээний уналтаараа (1.7 хувь) удаалж байна. Энэ бүсэд хэвлэлийн эрх чөлөө зарчмын хувьд хамгийн ихээр хүндэтгэгдэж, хамгийн аюулгүй хэсэг гэгддэг ч сэтгүүлчид ноцтой аюулд өртсөөр байна: Мальта, Словак, Болгар (111-рт) дахь аллага, Черна Гор (1 байр ухарч 104-рт) дахь аман болон биет халдлага Франц (1 байр ухарч 32-рт) дахь урьд хожид үзэгдээгүй хүчирхийлэл бүхий Шар хантаазтнуудын жагсаал.
Олон ч телевизийн сурвалжлах баг бие хамгаалагчгүйгээр Шар хантаазтнуудын жагсаалыг сурвалжлах боломжгүй байсан бол зарим нь өөрсдийн байгууллагын логог хүртэл нууж байсан юм. Мөн сэтгүүлчдийг нээлттэйгээр шившиглэх тохиолдол гаарч байна. Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны Фидес намын албан ажилтнууд нь тухайн намтай найрсаг бус хэвлэл мэдээллийн сэтгүүлчидтэй ярихаас шууд татгалзаж байна. Харин Польшид төрийн өмчит хэвлэл мэдээлэл нь аль хэдийнэ суртал ухуулгын хэрэгсэл болсон бөгөөд сэтгүүлчдийг дарамтлахад ашиглагдаж буй.
Ойрх Дорнод, Умард Африк бүсийн хэмжээний үнэлгээний уналт нь бага хэдий ч сэтгүүлчдийн хувьд хамгийн хэцүү, аюултай бүс хэвээр байгаа. Сири (174-рт) болон Йеменд (1 байр ухарч 168-рт) амиа алдсан сэтгүүлчдийн тоо 2018 онд цөөрсөн ч хэвлэл мэдээллийн ажилтнуудад туйлын аюултай хэвээр байна. Ливи (162-рт) дэх томоохон мөргөлдөөн, дайнаас гадна бүсийн сэтгүүлчдэд тулгарч буй өөр ноцтой асуудал бол хууль бус баривчилгаа, цагдан хорилт юм. Дэлхийн хэмжээнд хамгийн олон сэтгүүлч хорьж буй орнуудын нэг бол Иран (6 байр ухарч 170-рт) билээ. Мөн Саудын Араб, Египет (2 байр ухарч 163-рт), Бахрейнд (1 байр ухарч 167-рт) олон тооны сэтгүүлч ямар ч шүүх ажиллагаагүйгээр саатуулагдаж байна. Тэд шударга шүүхийг нэхэх бүрт хэзээ ч дуусашгүй шүүх ажиллагаанд чирэгдэн ордог. Яг л Морокко (135-рт) шиг. Харин хүчирхийллийн тоогоо огцом бууруулж чадсан Тунист (15 байр ахиж 97-рт) энэ дүнсгэр зураг өөр байна.
2019 оны Индексээр бүсийн хэмжээний оноогоор хамгийн бага уналттай нь Африк байлаа. Гэхдээ бие даасан орнуудын эрэмбийн хувьд хамгийн огцом өөрчлөлт тэнд гарсан. Этиопын засгийн газар солигдсоны дараагаар саатуулагдаад байсан бүх сэтгүүлчдийг сулласнаар индексийн хэмжээнд итгэмээргүй үсрэлт хийн 40 байр урагшилсан юм. Мөн Гамби (30 байр ахиж 92-рт) улсын засгийн газар солигдсон явдал нь энэ жилийн индексийн томоохон ахицын нэг болж чадсан. Мэдээж хэрэг, шинэ засгийн газар бүр сэтгүүлчдийн хувьд сайн сайхан байгаагүй. Жон “Бульдозер” Магуфули 2015 онд Танзанийн (25 байр ухарч 118-рт) ерөнхийлөгч болсноос хойш хэвлэл мэдээлэлд халдах байдал урьд хожид байгаагүй хэмжээнд хүрч өслөө.
Мавритани (22 байр ухарч 94-рт) улсын хувьд аль жил хагасын өмнө суллагдах байсан блогч Мухамед Чиех Аулд Мухамед Мхайтирыг одоо ч бүрэн тусгаарлалтад хорьж буй нь тухайн улсыг ухрахад ихээхэн нөлөөллөө. Олон өнгө сүлэлдсэн энэ тивийн хувьд зарим орны таагүй нөхцөл байдалд огт өөрчлөлт гарсангүй: RSF-ийн бүртгэлээр хамгийн олон зөрчил гарсан улсаар Бүгд Найрамдах Ардчилсан Конго (154-рт) дахин нэрлэгдэж байгаа бол Сомали (164-рт) нь сэтгүүлчдийн хувьд хамгийн өршөөлгүй Африкийн улс байлаа.
Зүүн Европ болон Төв Азийн бүсэд үндэсний хэмжээний ховор өөрчлөлтүүд гарч, бүсийн үнэлгээ нь бага зэрэг ахисан ч олон жилийн адил Индексийн эрэмбээрээ сүүлээсээ хоёрт бичигдсэн хэвээр байна. Бүсийн оноог тооцоолоход ашиглагддаг зарим индикаторууд нь сайжирсан ч бусад нь улам дордсон байдалтай байна. Эдгээрээс хамгийн их доройтсон үзүүлэлт нь хууль, эрх зүйн орчны индикатор байлаа. Бүсийн бараг талаас илүү орон Индексийн 150-иас хойно эрэмбэлэгдсэн хэвээр байна. Бүсийн хүнд жингүүд болох ОХУ, Туркт хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хавчин дарамталсан хэвээр байна. Мэргэжлийн сэтгүүлчдийг хорьсон тоогоороо дэлхийд тэргүүлэх болсон Турк улс нь Paradise Paper-ийг мэдээлсэн сэтгүүлчийг шүүсэн анхны улс болоод байгаа юм. Энэ чулуужсан мэт хөдөлгөөнгүй бүсийн хувьд өсөлт ажиглагдах нь ховор учир ахиц гарсан бүрийд тэмдэглэн хэлэх нь зүйтэй юм. Дарангуйлагч агсан Ислам Каримовын эрх барих хугацаанд шоронд хоригдсон бүх сэтгүүлчийг сулласнаар Узбекистан (5 байр ахиж 160-рт) улс хар өнгөөр (“маш муу” гэсэн нөхцөл байдлыг тэмдэглэнэ) будагдахаа болилоо. Харин Арменид (19 байр ахиж 61-рт) гарсан “хилэн хувьсгал”-ын ачаар засгийн газар нь төрийн эзэмшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс зуурах нь багассан юм. Энэ хэмжээний өсөлт нь Индексийн уян хатан, маш их хэлбэлзэлтэй хэсгийн нөлөөгөөр эрчимжсэн болно.
Ази-Номхон далайн бүсэд тоталитар суртал ухуулга, цензур, айлган сүрдүүлэлт, биет халдлага, кибер-дарамтаараа сэтгүүл зүйг залхаан цээрлүүлдэг бүх асуудлаа дэлгэн харуулсаар байна. Ийнхүү тус бүсийн үнэлгээ үндсэндээ өөрчлөгдөөгүйн улмаас сүүлээсээ 3-рт бичигдсэн хэвээр байна. Афганистан (121-рт), Энэтхэг, Пакистанд (3 байр ухарч 142-рт) амиа алдсан сэтгүүлчдийн тоо ноцтой хэмжээнд байна. Бүсийн хэмжээнд хуурамч мэдээлэл томоохон асуудал болон гарч ирж байна. Мьянмарт л гэхэд нийгмийн сүлжээг буруугаар ашиглаж эхэлсний үр дүнд Рохингиячуудын эсрэг үзэн ядалтын мессежүүд байдаг л зүйл болж, тэднийг үй олноор нь хоморголон устгаж буй талаар эрэн сурвалжлахыг оролдсон Reuters агентлагийн хоёр сэтгүүлчид 7 жилийн хорих ял оноосон явдал энгийн зүйлээс ялгагдахаа байв. Өсөн нэмэгдэж буй Хятадын нөлөөгөөр Сингапур (151-рт), Камбожид (1 байр ухарч 143-рт) цензур хүрээгээ тэлсэн. Харин Малайз (123-рт), Мальдив (98-рт) хоёулаа 22 байраар урагшилсан нь улс төрийн огцом шилжилт, тухайн орны улс төрийн экосистем нь хэвлэлийн эрх чөлөөнд хэрхэн шууд нөлөөлдөг болохыг тодотгон харуулж байна.
Дэлхийн 180 улсын хэвлэлийн эрх чөлөөний түвшинг тогтоодог Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг Хил Хязгааргүй Сурвалжлагчид байгууллага 2002 оноос хойш жил бүр танилцуулж байна. Индексийн хэмжүүрт олон ургалч байдал, хэвлэл мэдээллийн хараат бус байдал, өөрийн цензур, эрх зүйн орчин, ил тод байдал, мэдээ, мэдээлэл элтгэхэд дэмжлэг үзүүлдэг дэд бүтцийн чанар зэрэг багтана. Индексээр аливаа засгийн газрын бодлогод үнэлгээ хийдэггүй болно.
Дэлхийн болон бүсийн индикаторуудыг тооцоолоход орон бүрийн оноог суурь болгодог. Харин тухайн орны оноог дэлхийн дахинаа 20 орны хэл дээр бэлтгэгддэг асуулгад өгсөн мэргэжилтнүүдийн хариултыг чанарын дүн шинжилгээний дэмжлэгтэйгээр бодож гаргадаг. Аливаа хязгаарлалт, зөрчлүүдийг оноогоор тооцох бөгөөд оноо өсөх тусам нөхцөл байдал муудаж буйг илтгэнэ. Индексийн талаарх ойлголт өсөн нэмэгдэж буй нь үүнийг туйлын хэрэгтэй нөлөөллийн хэрэгсэл болгож байна.