Булган аймгийн хоёр сургуульд СЭЭБХ шинээр байгуулах боллоо

Булган аймгийн ерөнхий боловсролын 3-р сургууль, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуульд Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ) байгуулах боллоо. Эдгээр сургуулийн захирал А.Гэрэлтуяа, Н.Янжмаа нар, багш, эцэг эхчүүдийн төлөөлөл сургууль дээрээ СЭЭБХ байгуулах хүсэлт гаргасны дагуу сургалт, мэдээллийн үйл ажиллагаа зохион байгуулсан юм.

Булган аймгийн 3-р сургуулийн багш, эцэг эхийн нэгдсэн уулзалт

Булган аймгийн Бйоловсрол, соёл, урлагийн газар (БСУГ)-ын дарга Б.Эрдэнэбаатар үйл ажиллагааг нээж үг хэллээ. Тэрээр “Манай аймгийн төвийн 1-р сургууль, Бугат, Орхон сумын сургуульд СЭЭБХ ажиллаж байна. СЭЭБХ-ны үйл ажиллагааг аймгийн БСУГ-аас дэмжлэг үзүүлж ажилладаг. Тухайлбал, өнгөрсөн жил 1-р СЭЭБХ-ны хэрэгцээнд зориулан компьютер олгосон. Үүнээс гадна СЭЭБХ-ны төлөөллүүдийг аймгийн удирдлагуудтай уулзуулж,  сургуулиудад тулгамдаж байгаа асуудлуудын талаар хамтран хэлэлцсэн. Үүний үр дүнд, Бугат суманд хичээлийн шинэ байр барих зардлыг улсын төсөвт тусгаж чадсан” гэлээ. 

Энэхүү сургалтын чиглүүлэгчээр “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн хөтөлбөрийн ажилтан Т.Амарзаяа ажилласан юм. Мөн 3-р сургуулийн багш Д.Алтантуяа, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн эцэг эхийн төлөөлөл С.Оюунзаяа нар чиглүүлэгчээр хамтран ажиллалаа.

Тус сургалтаар багш, эцэг эхчүүдэд СЭЭБХ-ны үйл ажиллагааны талаар танилцуулахын зэрэгцээ СЭЭБХ байгуулах бэлтгэлийг хангах зорилготой үндсэн бүлгийг байгууллаа. Цаашид үндсэн бүлгийн гишүүд СЭЭБХ-ны тухай мэдээллийг сургуулийнхаа эцэг эх, багш нарт түгээж, гишүүнчлэлээ нэмэгдүүлэн ажиллах юм. Сургалтын үеэр 3-р сургуулийн захирал А.Гэрэлтуяа “Дийлэнх эцэг эх хүүхдээ багш нарт даатгаад үлдээдэг. Мөн багш нар сурагчдаа эцэг эхчүүдэд нь даатгах хандлагатай байдаг. Харин СЭЭБХ байгуулснаар эцэг эх, багш нар бүтээлчээр хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм” хэмээн СЭЭБХ-ны ач холбогдлыг онцлон хэллээ. Тэрээр өмнө нь Булган аймгийн 1-р сургуулийн захирал байхдаа СЭЭБХ-ны гишүүн багш, эцэг эхчүүдтэй хамтран ажиллаж байсан туршлагатай юм.

Булган аймгийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн багш, эцэг эхийн төлөөллүүд

Булган аймгийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн багш, эцэг эхийн төлөөллүүд
 

"Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төслийн үйл ажиллагааны талаар  дараах холбоосоор танилцана уу.
www.sainsurguuli.mn
www.facebook.com/sainsurguuli
www.youtube.com/user/globeupr/videos