IPDCtalks Mongolia 2018 "Тогтвортой хөгжлийг мэдээллийн хүртээмжээр бэхжүүлэх нь" сэдвийг онцлов

IPDCtalks Mongolia 2018 "Тогтвортой хөгжлийг мэдээллийн хүртээмжээр бэхжүүлэх нь" сэдвийг онцлов

Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдрийг тохиолдуулан Глоб Интернэшнл төв, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, Германы "Дойче Велле" академи, Нээлттэй нийгэм форумтай хамтран 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр "Корпорэйт" зочид буудлын хурлын танхимд "IPDCtalks Mongolia 2018"-г хоёр дахь жилдээ зохион байгуулав.

"Тогтвортой хөгжлийг мэдээллийн хүртээмжээр бэхжүүлэх нь" сэдвийн хүрээнд зохион байгуулсан "IPDCtalks Mongolia 2018"-г ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, ХБНГУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Михаэль Росбах, ЮНЕСКО-ийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн Товчооны дэд дарга Х.Наранжаргал нар нээж үг хэллээ.

Тогтвортой хөгжлийн "Үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу олон нийтийн мэдээлэл олж авах эрхийг хангах болон суурь эрх, эрх чөлөөг хамгаалах" 16.10 зорилтыг биелүүлэхэд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг олон нийтийн оролцоотойгоор даван туулахад шаардлагатай шийдлүүдийн талаар дараах 3 дэд сэдвээр 6 илтгэл хэлэлцэв.

1. Олон нийтийн мэдээллийн хүртээмж
2. Нээлттэй мэдээлэл ба Төрийн ил тод байдал
3. Хэвлэл мэдээллийн үүрэг

Өвөрхангай аймаг дахь салбарын Эмэгтэйчүүдийн оюуны сангийн зохицуулагч Ч.Ганцэцэг, Мэдээлэл, холбооны операторуудын ассоциацийн гүйцэтгэх захирал У.Тамир, ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа, Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор О.Мөнхсайхан, Эрэн төв ТББ-ын ажилтан Д.Мөнхчимэг нар тус тус илтгэл тавив.