“IPDCtalks Mongolia 2018”-г зохион байгуулна
Хэвлэлийн мэдээ
2018.09.25
ЮНЕСКО нь 2016 оноос эхлэн жил бүрийн 9 дүгээр сарын 28-ны өдрийг “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр” болгон зарласан бөгөөд энэ жил дэлхий нийтээрээ гурав дахь удаагаа тэмдэглэнэ. Глоб Интернэшнл төв, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, Германы “Дойче Велле” академи, Нээлттэй нийгэм форумтай хамтран “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “IPDCtalks Mongolia 2018” арга хэмжээг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хоёр дахь жилдээ эх орондоо зохион байгуулна.
“IPDCtalks Mongolia 2018” нь “Тогтвортой хөгжлийг мэдээллийн хүртээмжээр бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд болно. Тогтвортой хөгжлийн “Үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу олон нийтийн мэдээлэл олж авах эрхийг хангах болон суурь эрх, эрх чөлөөг хамгаалах, зорилт 16.10-ийн биелэлтэд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг олон нийтийн оролцоотойгоор даван туулахад шаардлагатай шийдлүүдийн талаар хэлэлцэнэ.
"IPDCtalks Mongolia 2018" дараах зорилтуудад чиглэнэ:
- Иргэдийн мэдээлэл олж авах түгээмэл эрх нь хүний суурь эрх болохыг бодлого боловсруулагчид, хэвлэл мэдээллийн төлөөлөл, олон нийт иргэдэд таниулах,
- Ил тод, нээлттэй байх, мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулах хууль тогтоомж, эрх зүйн тогтолцоог бэхжүүлэх хүрээнд төрийн байгууллагын санаачилга, үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих
- Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн тухай хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны технологиор дамжуулан сурталчлах
“Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр” нь 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр, түүний 16.10-д заасан Үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу олон нийтийн мэдээлэл олж авах эрхийг хангах болон суурь эрх, эрх чөлөөг хамгаалах зорилттой онцгой хамааралтай юм. Энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний чухал хэсэг болох мэдээллийг хайх, мэдээллийг хүлээж авах эрхтэй салшгүй холбоотой. Үүнийг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19-р зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын Пактын 19-р зүйлд заасан байдаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар холбогдон авна уу:
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Мэдээлэл, харилцаа холбооны мэргэжилтэн М.Халиун, M.Khaliun@unesco.mn, 9984-3464
Глоб Интернэшнл Төвийн Хэвлэл, мэдээллийн хөтөлбөрийн менежер, Ц.Мөнхжин, Munkhjin@globeinter.org.mn,9900-9910