
“Асууя!” кампанит ажлын төслийн хүрээнд 2012 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 17.30 цагаас “Black box” театрт хүний нэр төрд халдсан гэсэн үндэслэлээр хэрэгт холбогдсон сэтгүүлчдийн бодит жишээн дээр үндэслэн бичсэн “Том ах”, “Хожимдоогүй” жүжгийн Уншигчийн театр (reader`s theatre)-ын тавилттай уншлага боллоо.
Тавилттай уншлага (staged reading) гэдэг нь аливаа жүжгийн зохиолд зориулан тайз засахгүй, тусгай хувцас өмсөхгүй, гэрэл тавихгүй, зөвхөн хөгжим ашиглан жүжиглэлтэд анхаардаг театрын үзвэрийн нэг хэлбэр юм.

“Том ах” жүжгийн зохиолыг Т.Бум-Эрдэнэ, П.Одгэрэл Д.Амарсайхан, Б.Сайнбилэг нар бичиж гол утга санааг “Хүний нандин чанар ухаарал сэхээрлийн учиг дээр оршино” хэмээн тодорхойлжээ.
“Хожимдоогүй...” жүжгийн зохиолын багт Б.Батзориг, С.Сумъяа, М.Сүхбаатар нар ажиллан жүжгийнхээ гол утга санааг “Хэн байх нь хамаагүй, зорилго сэтгэл нэгдэж чадвал хэзээ ч хожимдохгүй...” гэсэн агуулгад зангидсан байна.
Дээрх хоёр жүжигт МУСГЗ, найруулагч Б.Мөнхдоржийн удирдлага дор “Гацуурхан” театрын уран бүтээлчид болон Жигжидийн нэрэмжит КУДС-ийн оюутнууд тоглолоо.

Уншигчийн театрын тоглолтыг хүний эрхийн төрийн бус байгууллага, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнууд, оюутнууд үзэж сонирхлоо.
Дээрх хоёр жүжгийн зохиолыг жүжгийн зохиолчдын сургалтад оролцсон уран бүтээлчид Х.Наранжаргал багшийн удирдлага дор бичсэн юм.