Хүний эрхийн ТББ-ууд болон Ази, Номхон далайн бүсийн олон улсын байгууллагын төлөөлөл улс төрийн намуудтай нөлөөллийн уулзалт хийв
Хэвлэлийн мэдээ
2016.05.27

Хүний эрх хөгжил төв болон Глоб Интернэшнл Төв нь Хүний эрх, хөгжлийн төлөөх Форум-Ази (FORUM-ASIA) Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 2016 оны 5 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд “Улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагаанд анхаарах хүний эрхийн асуудлууд” нөлөөллийн уулзалт хийлээ. Уг уулзалтад улс төрийн 7 нам, тухайлбал Ардчилсан Нам, Монгол Ардын Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам, Иргэний Зориг Ногоон Нам, Бүгд Найрамдах Нам, Иргэний Хөдөлгөөний Нам болон Хөгжлийн Хөтөлбөр Намын төлөөлөл оролцов. Мөн түүнчлэн Хүний эрхийн ТББ-ын Форумын гишүүд, Форумын-Ази байгууллагын ОУБ-ын Зүүн Азийн хөтөлбөрийн ажилтан Пимсири Питнамроб болон Чөлөөт сонгуулийн төлөөх Азийн сүлжээ (ANFREL)-ний хөтөлбөрийн ажилтан Кристина Ю Гадайган нар байлцав. 

Уг нөлөөллийн уулзалтыг улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагаандаа хүний эрхийн асуудлыг тусгах, иргэний нийгмийн байгууллагууд болон хууль боловсруулагч, тогтоогчдын хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дэх Монгол улсын байр суурийг бэхжүүлэх зорилгоор зохион байгууллаа.

2015 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцсэн бөгөөд НҮБ-ын Гишүүн улсууд манай улсад нийт 164 зөвлөмж өгсөнөөс 150 зөвлөмжийг Засгийн газар хүлээн аваад, өнгөрсөн 4 дүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар “НҮБ-ийн ХЭЗ-өөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө” баталсан юм. Уулзалтын үеэр Хүний эрхийн ТББ-уудын Форумын гишүүд эдгээр зөвлөмжийг иргэний болон улс төрийн эрх, хүнс ба ядуурал, бизнес ба хүний эрх, байгаль орчин, хүний эрхийг хамгаалагчид, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, бүх төрлийн ялгаварлан гадуурхалт зэрэг сэдэвт багцлан, улс төрийн намуудын төлөөлөлд танилцуулга хийж, хүний эрхийн талаар цаашид анхаарвал зохих, тулгамдсан асуудлуудыг онцлов.

Монгол улсын Засгийн газар дээрх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, зорилтуудад хүрэхдээ Мөрийн хөтөлбөртөө тусгах, бусад бүх түвшний хөтөлбөр, үйл ажиллагаатай уялдуулах, төсөв хөрөнгө, бүтэц шийдэх, иргэдийг тогтмол мэдээллээр хангах, мөн түүнчлэн хариуцан тайлагнадаг байх нь чухал.  Мөн улс төрийн намууд нэн тэргүүнд хүний эрхийн асуудалд анхаарал хандуулах, ингэхдээ хүний эрхэд суурилсан арга барилыг нэвтрүүлэх нь зүйтэй.

Иргэний нийгмийн байгууллагын хөгжил, тогтвортой, үр дүнтэй үйл ажиллагаа нь Монголын ардчилад чухал үүрэгтэй. Тиймээс иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, тэднийг дэмжих төрийн бодлого нэн тэргүүнд шаардлагатай. Тухайлбал, УИХ-аас 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030” тогтоол баталсан юм. Дэлхий нийтэд Тогтвортой хөгжлийн зорилтуудаа бүх тал ялангуяа ИНБ-ын оролцоог ханган, олон тооны зөвлөгөөн хэлцүүлгүүдийг хийсэн ч, харамсалтай нь Монгол Улсад байдал ийм биш байлаа.

Монгол Улс 2015 оны аравдугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон боловч идэвх сул, иргэний нийгмийн өмнө амласан амлалтаасаа ухарсан үзэгдэл гарч байгаа талаар Хүний эрх, хөгжлийн төлөөх Азийн Форумын зүгээс мэдэгдэв.

Уулзалтын үеэр улс төрийн намууд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийлж, УИХ-ын сонгуультай холбоотойгоор зарим улс төрийн намуудын сонгогдох эрх зөрчигдөж байгаа, үүнд хүний эрхийн байгууллагууд анхаарлаа хандуулахыг хүслээ.