Глоб Интернэшнл төв нь Нээлттэй Нийгэм Форумтай хамтран Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжин хамгаалах олон улсын сүлжээ /IFEX/-ний дэмжлэгтэйгээр “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба мэдэх эрхийн хэрэгжилт-2023" олон талт хэлэлцүүлгийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулав.
Хэлэлцүүлгийн зорилго нь улиран одож буй 2023 онд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрхийн хэрэгжилт ямар түвшинд байсан эсэх, эрх зүйн орчны зохицуулалт, өөрчлөлт, түүний үр дагавар, нөлөөтэй байдлын талаар оролцогч тал бүрийн дуу хоолойг сонсож, бэрхшээлтэй, тулгамдсан асуудлын талаар ярилцан, уг асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцох явдал юм.
Хэлэлцүүлгийн эхний хэсэгт Глоб Интернэшнл төвийн хуульч, судлаач Л.Галбаатар “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба мэдэх эрхийн хэрэгжилтэд хөндлөнгийн дүгнэлт” сэдвээр илтгэл танилцуулав. Тэрээр 2023 онд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрхийн хэрэгжилт хангалтгүй буйг дурдаад Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл, 19.11 дүгээр зүйл болон 21.9 дүгээр зүйлийг хүчингүй болгох шаардлагатайг онцлов.
Хоёр хэсэг бүхий сэдэвчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд үүнд төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчдийн төлөөлөл оролцон өөрсдийн байр суурийг илэрхийлж, тулгамдсан асуудлын талаар хэлэлцэв.
Тухайлбал сэдэвчилсэн хэлэлцүүлгийн эхний хэсэгт ХХЗХ, Зууны мэдээ сонин, Нээлттэй Нийгэм Форум, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл оролцсон бол хоёрдугаар хэсэгт Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн үндэсний комисс, Оюуны инноваци ТББ, мөн Нээлттэй Нийгэм Форумын төлөөлөл оролцон өөрсдийн байр суурийг илэрхийлж, санал солилцлоо.
Хэлэлцүүлэгт төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, судлаачдын төлөөллийн 50 гаруй оролцогчид хамрагдав. Хэлэлцүүлгийн тэмдэглэлийг 2024 оны эхээр Нээлттэй Нийгэм Форумаас бэлтгэн хүргэдэг “Чухал сэдэв”-ээр онцлон хүргэхээр төлөвлөж байна.