ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР-2024

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Глоб Интернэшнл төвөөс ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Хууль зүй дотоод хэргийн яам, Цахим хөгжил, Харилцаа холбооны яамтай хамтран, Хүний эрхийн үндэсний комисс, Европын холбоо, Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр “Эх дэлхийн төлөө хэвлэл мэдээлэл: Сэтгүүл зүй байгаль орчны хямралын нөхцөлд” олон талт хэлэлцүүлгийг 2024 оны 5-р сарын 03-ны өдрийн 10:00-13:00 цагт ХЗДХЯ-ны хурлын танхимд зохион байгууллаа. 


Үйл ажиллагааг нээж Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, Европын холбооны төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар нар үг хэлэв.



Хэлэлцүүлэг дээр Цахим хөгжил харилцаа холбооны яамны Цахим хөгжил бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл, Хүний Эрхийн Үндэсний Комиссын Хүний эрхийн хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Глоб Интернэшнл төвийн хуульч, судлаач Л.Галбаатар нар илтгэл танилцуулна.



Мөн “Уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлын асуудлаар сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа” сэдвээр Хүний Эрхийн Үндэсний Комисс, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, ХЗДХЯ-ны төлөөллүүд, Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубын зохицуулагч нар сэдэвчилсэн хэлэлцүүлэг өрнүүлж асуулт хариулт явагдана. 


ЮНЕСКО-гоос 2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр  зориулан гаргасан үзэл баримтлалд “Тогтвортой хөгжилд аюул тулгарчээ. Эх дэлхийн гурвалсан хямрал буюу уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон төрөл зүйлийн алдагдал, агаарын бохирдол нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй нийгмийн эрүүл мэндийн асуудал, ардчиллыг бэхжүүлэх хэрэгцээ, цахим орон зай дахь худал болон хуурамч мэдээлэлтэй тэмцэх зэрэгтэй холбоотой томоохон сорилт болж байна. Мэдээллийн экосистем нь энэхүү оршихуйн хямралыг даван туулахад гол үүрэг гүйцэтгэх ёстой. Найдвартай мэдээллийн хүртээмж, байгаль орчин, шинжлэх ухааны бие даасан сэтгүүл зүйг бэхжүүлэхийн ач холбогдол урьд өмнөхөөсөө илүү чухал болж байна” гэж онцгойлон тусгажээ. Тиймээс 2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг энэхүү тулгамдсан асуудал болох эх дэлхийд тулгараад буй байгаль орчны хямралын нөхцөлд сэтгүүл зүй, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний ач холбогдолд зориулж байна. 1994 онд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг анх удаа тэмдэглэж, "Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хэвлэл мэдээлэл, ардчиллын хөгжлийн семинар"-ын үеэр (1994 оны 5-р сарын 6-ны өдөр) баталсан түүхт Сантьягогийн тунхаглалаас хойш 30 жил өнгөрч байгаа юм.  


Үйл ажиллагааны төгсгөлд Глоб Интернэшнл төвийн нэрэмжит “Үнэний төлөө” шагналыг гардуулна. Энэхүү шагналыг олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад хувь нэмэр оруулсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг онцлон Глоб Интернэшнл Төвөөс олгодог бөгөөд энэ жил 16 дахь удаагаа олгож байна.