Төслийг орон нутагт хамтран хэрэгжүүлэгч иргэний нийгмийн байгууллагуудад бүсийн сургалтыг Архангай аймагт зохион байгууллаа

Глоб Интернэшнл төвөөс (ГИТ) МАSАМ II төслийг орон нутагт хамтран хэрэгжүүлэгч иргэний нийгмийн байгууллагуудад бүсийн сургалтыг Архангай аймагт 2023 оны 4 сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтын гол зорилго нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх болон хэрэгжүүлж буй төсөв хөтөлбөрт иргэдийн оролцоотой хяналт үнэлгээ хийх аргачлалыг чиглүүлэн заах бөгөөд уг аргачлалын талаар хамтран ажиллагч иргэний нийгмийн байгууллагуудад арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллалаа. 


МАSАМ II төслийн хүрээнд төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх болон хэрэгжүүлж буй төсөв хөтөлбөрт иргэдийн оролцоотой хяналт үнэлгээ хийх  нэгдсэн аргачлалыг Дэлхийн банкны төслийн зөвлөх болон  ГИТ-ийн төслийн баг хамтран боловсруулсан юм. Сургалтын үеэр оролцогчид дээрх аргачлалыг ашиглан Архангай аймагт улсын төсвөөр хэрэгжиж буй гурван төслийг сонгон авч үнэлгээ хийж ажиллалаа. Үүнд: 

- Арханай аймгийн Эрдэнэбулган сумын 3,5,4 дугаар багуудад явган хүний замын ажил 

- Архангай аймгийн Багшийн хөгжил, судалгаа, арга зүйн төвийн барилгын явцын хяналт үнэлгээ 

- Архангай аймгийн Хүүхэд залуучуудын чийрэгжүүлэх төвийн ажлуудад тус тус иргэдийн оролцоотой хяналт үнэлгээ хийлээ. 


Сургалтад оролцогчид “Улс орон нутгийн төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭ ХИЙХ” аргачлалыг ашиглан дээрх ажлуудыг үнэлж, тус бүр зөвлөмж боловсруулан ажилласан юм. 


Иргэд уг аргачлалыг ашиглан хөрөнгө оруулалтын явцад хяналт тавьснаар тухайн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ нь гэрээнд заасны дагуу, цаг хугацаандаа хэрэгжиж, чанарын шаардлагыг хангаж буй эсэхийг нягтлах замаар хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн шатанд явцын хяналт тавин холбогдох этгээдүүдэд тухай бүр тайлагнах, улмаар хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжиж дууссаны дараа төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд үнэлгээ өгөн, санал, зөвлөмжөө холбогдох этгээдүүдэд хүргүүлэх, тайлагнах боломжтой болох юм. 

Уг аргачлалын дагуу МАSАМ II төслийг хамтран хэрэгжүүлэгч иргэний нийгмийн байгууллагууд өөрийн орон нутагтаа улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төслүүдийг иргэдийн оролцоотой үнэлэх юм. 


Глоб Интернэшнл Төв (ГИТ) нь Швейцарын хөгжлийн агентлаг болон Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэлийн (GPSA) санхүүжилтээр Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” буюу МАСАМ II төслийн хамтран хэрэгжүүлэгчээр ажиллаж байна. Төслийн үндсэн зорилго нь Монгол Улсын хэмжээнд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн салбарт төрийн хөрөнгө санхүүг зохистой зарцуулж, төрийн хөрөнгө оруулалтын үр дүн, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршино.