IFEX - Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжин хамгаалах олон улсын сүлжээнээс мэдэглийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Мэдэгдлийг энд дарж үзнэ үү.
2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр УИХ-аас “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийг баталсан. Энэхүү хуулийг батлахдаа холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн.
Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хууль, тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд бичгээр хүсэлт тавьсан бол Улсын Их Хурлын дарга өмнө баталсан хэлэлцэх асуудлын тов, дараалалд өөрчлөлт оруулж, чуулганаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргана” гэснийг баримталсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд хүний эрхийн амин чухал асуудлыг үндэсний эдийн засгийн аюулгүй байдалтай адилтгах аргагүй юм. Улмаар 2023.01.18-ны өдөр Засгийн газраас тус хуулийн төслийг өргөн барьж, УИХ-ын 2022 оны намрын чуулган өндөрлөх сүүлийн өдөр буюу 2023.01.20-ны өдөр баталсан.
Мөн түүнчлэн, Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар олон нийтээр хэлэлцүүлж саналыг нь тусгаагүй, мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг аваагүй, үр нөлөөг үнэлээгүй зэргээр холбогдох үе шатыг алгасаж энэхүү хуулийг УИХ-ын 40 гишүүн дэмжсэнээр баталсан байна.
Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль, түүнийг дагалдах 4 хуульд 2023.01.30-ны өдөр хориг тависнаар тус хууль нь 2023.02.01-нээс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацаа нь түдгэлзээд байна. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ нь хүлээж авах эсэхээ 2023.03.15-ны өдөр эхлэх чуулганаар хэлэлцэх бөгөөд нийт 76 гишүүний 2/3 хувиар эцсийн шийдвэрийг гаргах юм.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хэрэгжиж эхэлснээр хүний эрх хэрхэн зөрчигдөх байсан талаар онцолбол:
ХЭТ ӨРГӨН ӨРГӨН ХҮРЭЭНИЙ ТОМЬЁО АШИГЛАСНААР УГ ХУУЛИЙГ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭХ ӨНДӨР ЭРСДЭЛИЙГ БИЙ БОЛГОСОН
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах зохицуулалт нь зайлшгүй шаардлагатай, хуулийн хүрээнд бөгөөд хариуцлага тооцох арга хэрэгсэл нь зохистой байх шалгуурыг хангахаас гадна уг хуулийг хэтрүүлэн ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор
1. Тодорхой, ойлгомжтой байх
2. Хэтрүүлэн хэрэглэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хуулиар бий болгосон байх (жишээ нь хэрэгжилтийг хянах хараат бус механизм байхгүй). Гэвч, “экстремист үйл ажиллагаа” “Үндэсний эв нэгдлийг бусниулах” “террорист үйлдэл хийх” зэрэг нэр томьёог өргөн хүрээнд ашиглаж, аливаа шүүмжлэлт үзэл бодол, байр суурийг “Зөрчилтэй контентод” хамаатуулан устгах, түгээлтийг сааруулах зэрэг боломжийг нээж өгч байна. Экстремизмын гол шинж чанар буюу “санаатай үйлдэл”, “үзэн ядалтыг дэвэргэх” зэрэг шинж чанарыг дурдаагүй.
ИРГЭНИЙ ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ, ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХЭД ШУУД ХАЛДСАН
Хүн бүр бүх төрлийн мэдээллийг хайх, хүлээн авах, санаа бодлоо илэрхийлэх эрхтэй. Ялангуяа олон нийтийн анхаарлыг татсан асуудлаар, тэр дундаа хүчирхийлэл, терроризмтой холбоотой асуудлаар, түүнчлэн улс орнууд, улс төрчид эдгээрт хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаа талаар санал бодлоо илэрхийлэх, шүүмжлэх эрхтэй. Гэвч, хуулийн 8.1.4-д зааснаар жирийн иргэн хэн нэгний үзэл бодлыг ТҮГЭЭСЭН буюу бусадтай хуваалцсан бөгөөд тухайн контентыг эрх баригчид “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол, хор уршиг учруулсан” гэж үзвэл иргэн гэм хорыг арилгах үүрэгтэй болсон. Мөн хуулийн 8.1.5-д зааснаар иргэн бүр сошиал орчинд нийтэлсэн контентынхоо “үнэн зөв байдлыг хариуцах” үүрэгтэй. (ҮЗЭЛ БОДОЛ ҮНЭН ЗӨВ БАЙХ АЛБАГҮЙ)
ТӨРИЙН ЭРХ БАРИГЧ ХҮССЭН ЦАГТАА МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭГ ХЯЗГААРЛАХ, ХЯНАХ ЭРХ МЭДЛИЙГ ХУУЛИАР БАТАЛГААЖУУЛСАН
Харилцаа холбооны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Үндэсний хэмжээний кибер хадлага ҮҮСЭЖ БОЛЗОШГҮЙ гэж үзвэл дотоод хэргийн асуудал эрхэлсэн сайдын саналаар “зөрчилтэй” контентын тархацыг бууруулах, харилцаа холбооны сүлжээг хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах боломжтой болсон.
Кибер аюулгүй байдлын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Тагнуулын Ерөнхий газар “Зөрчилтэй контент”-ыг илрүүлэх, таслах зогсоох зорилгоор мэдээллийн сүлжээнд хяналт тавих буюу тагнах эрх мэдэлтэй болсон зэргийг онцлон дурдаж болох юм.
Иймд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль нь холбогдох хуулиудыг зөрчин батлагдсан илт процессын зөрчилтэйгөөс гадна, олон хуулийн давхардал үүсгэсэн хүний эрхийг хамгаалах бус хязгаарлах нөхцлийг бий болгосон гэж үзэж байна. Тус хуулийг батлахтай холбоотойгоор ГИТ нь 2023.01.19-ний өдөр эсэргүүцлийн захидлыг УИХ-ын дарга Г.Занданшатар болон ЦХХХ-ны сайд Б.Учрал нарт хүргүүлсэн. Мөн түүнчлэн, Хүний эрхийн форум (Хүний эрхийн 50 гаруй төрийн бус байгууллага) хамтран 2023.01.20-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд хязгаарлалт, цензур тогтоож байгаа бөгөөд тухайн эрхийн зөрчлийг шүүхээр хянан хэлэлцэхийн оронд төрийн захиргааны байгууллагад давуу эрх олгосон заалтыг Харилцаа холбооны тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэсэн нь хүний эрхийг хамгаалах биш хүний эрх зөрчигдөх эрсдэл дагуулж, нийгэмд өрнөж буй чөлөөт шүүмж, дуу хоолойг боомилж буй ноцтой үйлдэл хэмээн эрс буруушааж байгаа талаар мэдэгдэл гаргасан юм.