Глоб
Интернэшнл төв нь Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төвийн дэмжлэгтэйгээр
хэрэгжүүлж буй “Миний ирээдүй миний гарт” төслийн хүрээнд орон нутагт зохион
байгуулж буй “Мэдэх эрх зөрчигдвөл бүх эрх хөндөгдөнө” сэдэвт сургалтыг Увс
аймгийн ЗДТГ-тай хамтран 12 сарын 9-ний өдөр Увс аймгийн Улаангом хотод зохион байгууллаа.
Сургалтын хөтөлбөр, арга зүйг “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-ийн талаарх иргэдийн болон төрийн албан хаагчдын мэдлэг ойлголтыг тандах, хуулийн дагуу мэдээлэл хариуцагч субьектуудын хууль хэрэгжүүлэх идэвхийг үнэлэх зорилгоор хийсэн мониторингийн дүнд тулгуурлан боловсруулсан юм.
Мэдлэг ойлголт тандах судалгаанд Өмнөговь, Сэлэнгэ, Увс аймгийн болон Улаанбаатар хотын нийт 775 иргэн хамрагдсанаас Увс аймгийн 148 иргэн хамрагдсан бол нийт 383 төрийн албан хаагч оролцсон бөгөөд мөн аймгийн 79 төрийн албан хаагч судалгаанд хамрагдсан байна. Судалгаагаар иргэдийн 68 хувь нь тус хуулийн талаарх мэдлэг ойлголт хангалтгүй гэсэн үр дүн гарсан бол төрийн албан хаагчдын 66 нь хууль хэрэгжүүлэх мэдлэг ойлголт болон идэвх чармайлт сул гэсэн дүн гарчээ.
Иймд судалгааны үр дүнд тулгуурлан Мэдэх эрх гэж юу вэ?, Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, Хүний хувийн мэдээллийг хамгаалах нь, Хараат бус хэвлэл мэдээллийн ач холбогдол, эрх зүйн орчин, хуулийн хэрэгжилт, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн анхаарах асуудлууд зэрэг 11 сэдвээр мэдлэг ойлголт өгөхийг зорьсон юм.
“Мэдэх эрх зөрчигдвөл бүх эрх хөндөгдөнө” сэдэвт сургалтад аймгийн төрийн байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчдээс бүрдсэн 30 гаруй хүн биечлэн хамрагдсанаас гадна сургалтыг Увс аймгийн 18 сумын төрийн албан хаагчийн төлөөлөлд цахимаар шууд дамжуулан хүргэв.
Сургалтыг нээж Увс аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Баяраа хэлсэн үгэндээ “Улс орон даяар иргэдийн үзэл бодол илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах хайх эрх, мэдээллийн ил тод байдал хурцаар тавигдаж байгаа энэ цаг үед манай аймагт ирж ач холбогдолтой сургалт зохион байгуулж буйд баяртай байна. Бид хавар хууль хэрэгжих үеэр тус хуулийн хэрэгжилтэд бүх сумдаар явж хяналт тавихад хангалтгүй үр дүн гарсан. Иймд тус сургалтыг цахимаар шууд дамжуулах боломж олгосон Глоб Интернэшнл төвд талархал илэрхийлье” хэмээн амжилт хүсэв.