Глоб Интернэшнл төв нь Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төвийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Миний ирээдүй миний гарт” төслийн хүрээнд Сэлэнгэ аймагт 11 сарын 15-ны өдөр “Мэдэх эрх зөрчигдвөл бүх эрх хөндөгдөнө” сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын хөтөлбөр, арга зүйг боловсруулахдаа “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-ийн талаарх иргэдийн болон төрийн албан хаагчдын мэдлэг ойлголтыг тандах, хуулийн дагуу мэдээлэл хариуцагч субьектуудын хууль хэрэгжүүлэх идэвхийг үнэлэх зорилгоор хийсэн мониторингийн дүнд тулгуурлан боловсруулав. Тус мониторингийг Сэлэнгэ, Увс, Өмнөговь, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийг хамруулан хийсэн юм.
Нийт 775 иргэн оролцсон судалгааны дүнгээр иргэдийн 68 хувь нь тус хуулийн талаар мэдлэг ойлголтгүй гэсэн бол 383 төрийн албан хаагчийн 66 хувь нь хууль хэрэгжүүлэх хангалттай мэдлэг ойлголтгүй гэсэн үр дүн гарчээ.
Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан “Мэдэх эрх зөрчигдвөл бүх эрх хөндөгдөнө” сургалтад төрийн байгууллага иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл 20 гаруй хүн оролцлоо. Энэхүү сургалтаар “Мэдэх эрх гэж юу вэ?, Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, Хүний хувийн мэдээллийг хамгаалах нь, Хараат бус хэвлэл мэдээллийн ач холбогдол, эрх зүйн орчин, хэрэгжилт, Нийтийн мэдээллийн ил тод байдлыг тухай хуулийн анхаарах асуудлууд” зэрэг сэдвээр мэдлэг ойлголт өгөхийг зорилоо.