Налайх дүүргийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн мэргэжилтнүүдэд “Хэрэгсэл ашиглан иргэдийн төсвийн эмхэтгэл бэлтгэх нь” сургалтыг зохион байгууллаа

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” (МАСАМ II) төсөл нь Монгол Улсын хэмжээнд 2020-2023 онд хэрэгжих ба төслийг Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр, Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэл (GPSA)-ийн санхүүжилтээр Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж байна. Төслийн хамтран хэрэгжүүлэгчээр Глоб Интернэшнл төв ажиллаж байна. 

Төслийн хүрээнд Налайх дүүргийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн төсөв, төсвийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан  мэргэжилтнүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хуваарилсан төсвийг олон нийтэд ойлгомжтой, хялбар хэлбэрээр танилцуулахад дэмжлэг болох “Иргэдийн төсөв “ хийх аргачлалыг эзэмшүүлэх   “Хэрэгсэл ашиглан иргэдийн төсвийн эмхэтгэл бэлтгэх нь” сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 25, 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Бишрэлт зочид буудлын “Кристал” хурлын танхимд зохион байгууллаа. 

Тус сургалтыг Дэлхийн Банкны зөвлөхүүд удирдан чиглүүлсэн бөгөөд “Иргэдийн төсөв” эмхтгэлийг бэлтгэснээр иргэд, олон нийтийн төсвийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж улмаар хялбаршуулсан зурагт эмхэтгэлээс иргэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэл авах боломж бүрдэж байгаа юм. 

Налайх дүүргийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Б.Уранзаяа: 


Энэ сургалтыг зохион байгуулсанд их талархаж байна. Миний хувьд үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт боллоо. Төсөв, төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийг хялбаршуулсан хэлбэрээр иргэдэд хүргэх үнэхээр үр дүнтэй аргачлал байна. Мэдээллийг нэгтгэж чадсан байна. ИТЭ нь бодит мэдээлэл агуулсан, үлдэцтэй, үр өгөөжтэй эмхэтгэл болсон. 

Налайх дүүргийн ЗДТГ-ын СТСХ-ийн Ерөнхий нягтлан бодогч Н.Уянга:


Хэрэгсэлд оруулах шаардлагатай мэдээллийг урьдчилан бэлдсэн, мөн бараг ганцаарчилсан хэлбэрээр энэ сургалтыг явуулсан учраас аргачлалыг маш сайн ойлгож чадлаа. Сургалт явуулж буй багш нар мэдээллийг хэрхэн оруулахыг дадлага ажил хэлбэрээр хийсэн нь үнэхээр өгөөжтэй байлаа. Сургалтад хамрагдсанд маш баяртай байна хэмээн сэтгэгдэлээ хуваалцав.  

Энэхүү сургалтын үр дүнд Налайх дүүргийн мэргэжилтнүүд дүүргийнхээ “Иргэдийн төсөв” гарын авлагыг эмхэтгэн боловсруулж  улсын төсөв, төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийг иргэдэд хүргэхэд маш хүндрэлтэй байсныг хялбарчлан түгээхэд дөхөм болсон. Мөн төр, иргэн хоёрын ойлголцлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой сургалт болов хэмээн дүгнэсэн юм.