"Цахим үндэстний мэдэх эрх" хэлэлцүүлэг боллоо
Глоб Интернэшнл төв нь ЮНЕСКО-гийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форумтай хамтран “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн Олон улсын өдрийг тохиолдуулан “#Цахим_үндэстний_мэдэх_эрх” хэлэлцүүлгийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Хууль зүй дотоод хэргийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яам, Авлигатай тэмцэх газрын төлөөлөл оролцож илтгэл хэлэлцүүлэв. Мөн Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн, Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч, судлаач Л.Галбаатар нар оролцон “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн мониторинг”-ийн дүнгээс танилцуулав.

Глоб Интернэшнл Төв нь 2016 оноос хойш энэхүү өдөрт зориулан олон талт үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ жил долоо дахь удаагаа уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхийн дахинд энэ өдрийг “Хиймэл оюун ухаан болон Цахим засаглал” сэдвийн хүрээнд тэмдэглэн, шинэ тутам өөрчлөгдөж буй нийгмийг хөгжүүлэх, мэдээлэл олж авах таатай орчныг бүрдүүлэхэд цахим засаглал, хиймэл оюун ухааны олгож буй боломжуудыг онцолж байна. “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ийг хэрэгжүүлэх нийтлэг зорилгын хүрээнд мэдлэг, мэдээлэл солилцоход туслах олон улсын хамтын ажиллагаа болон түншлэлийг хөшүүрэг болгох арга замыг авч үзэж байна.