Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр-2022


Үзэл баримтлалын бичиг

 

(Орчуулга) 

Хураангуй

 

Хиймэл оюун ухаан, цахим засаглал бидний оршин буй дижитал ертөнцөд  мэдээллийн хүртээмжийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Эдгээр нь иргэдийг, тусгайлан бэлтгэсэн, хүртээмжтэй мэдээллээр хангах замаар цахим хуваагдлыг арилгахад тусалж илүү үр дүнтэй үйлчилгээг хүргэж чадна. Төрийн үйлчилгээг цахимжуулснаар ил тод, хүртээмжтэй байдал сайжирч, иргэд төрийн мэдээлэл, үйлчилгээг шуурхай авах боломжтой болдог.

 

Гэвч эдгээр дэвшил нь төрийн байгууллагууд цахим засаглал болон хиймэл оюун ухаан ашиглахтай уялдсан ёс зүй, үндсэн эрхийн талаарх олон асуулт дагуулж байна. Хиймэл оюун ухаан иргэдийн мэдээллийг ашиглаж байгаа тохиолдолд бид иргэдийн хувийн мэдээллийг хэрхэн хамгаалах вэ? Бидний  мэдээлэл авах сонголтыг хиймэл оюун ухаан тодорхойлж байгаа үед  ямар ёс зүйн зарчмаар үүнийг тодорхойлох ёстой вэ?

 

Цахим засаглал болон хиймэл оюун ухааныг ашиглах нь иргэдийн оролцоог ханган, баталгаажуулж, хүний ​​эрхийг хамгаалан, үүгээр дамжуулан итгэлцлийг бий болгож байгааг оролцогч талууд ямагт онцолж байх хэрэгтэй. Иргэд цахим орчинд нээлттэй, өөрийн хэлээр тусгайлан бэлтгэсэн контентыг ашиглах боломжтой, үйлчилгээг ашиглах чадвартай байж гэмээ нь үүнийг хийх боломжтой.

 

2022 оны Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр (IDUAI) нь мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулах үүднээс цахим засаглал ба хиймэл оюун ухааны талаар хэлэлцэх юм. Энэ сэдвийн хүрээнд цахим засаглал ба хиймэл оюун ухааны ашиг тус болон эрсдэлүүдийн талаар хэлэлцэх боломж бүрдэнэ. Түүнчлэн сайн засаглалын зарчмуудын хүрээнд төрийн мэдээллийн бодлогын удирдамжийн танилцуулга болон мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан тунхаглалтай холбогдуулан арга хэрэгсэл, туршлагуудыг хэлэлцэх болно.

 

 Сэдвүүд

Энэ жилийн сэдэв нь шинэ тутам өөрчлөгдөж буй нийгмийг хөгжүүлэх, мэдээлэл олж авах таатай орчныг бүрдүүлэхэд цахим засаглал, хиймэл оюун ухааны олгож буй боломжуудыг онцолно. 2030 оны хөтөлбөрт тусгагдсан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх нийтлэг зорилгын хүрээнд мэдлэг солилцоход туслах олон улсын хамтын ажиллагаа болон түншлэлийг хөшүүрэг болгох арга замыг авч үзэх болно. 

Тогтвортой хөгжлийн зорилгын (ТХЗ) шалгуур үзүүлэлт 16.10.2-ийн хэрэгжилтийн хяналт, тайлагнах үйл явц

 

ЮНЕСКО, Харилцаа Холбоо Хөгжүүлэх Олон Улсын Хөтөлбөрөөр дамжуулан гишүүн орнуудаас тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэд хяналт тавьж, тайлагнах эрхийг олгосон.

 

ЮНЕСКО-оос жил бүр “Үндсэн хууль, хууль эрх зүйн  /эсвэл олон нийтийн мэдээллийн хүртээмжийг баталгаажуулах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын явцыг хянах зорилгоор олон нийтийн мэдээллийн хүртээмжийн судалгаа явуулдаг. 2022 оны судалгаанд 122 орноос хариу хүлээн авсан. Хөндсөн сэдвийг  энэ хүрээнд 2022 судалгааны үр дүн дээр суурилан дэвшүүлсэн ба, ТХЗ 16-тай холбоотой мэдээлэл цуглуулах бусад санаачилгатай хамтран ажиллах боломжийг судлах болно.

 

Мэдээллийг хүртээмжтэй болгох хандлагууд

 

Цахим хуваагдал нь нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал дээр тулгуурласан бол энэ нь төрийн сайн засаглал, тэр дундаа мэдээлэл авах эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулж болзошгүй юм. Хэдий ийм боловч бие даах чадвар, оролцоо, хамтын ажиллагааг дэмжсэн аппликейшнууд болон онлайн контентуудыг хөгжүүлсэн цахим засаглалын бодлогуудыг хэрэгжүүлснээр цахим хуваагдлыг багасгах боломжтой.

Мэдээллийн хүртээмж, оролцоо сэдвийн хүрээнд Мэдээллийн асуудал эрхэлсэн комиссаруудын 13 дахь удаагийн олон улсын хурлын дагуу цахим засаглал ба хиймэл оюун ухааны үүргийн талаар хэлэлцэж, тэдгээрийг хэрхэн сурталчлах, холбоотон болгох талаар судлах нь чухал юм. 

 

Цахим зуун дахь иргэний орон зай, эгэх хариуцлага ба олон нийтийн оролцоо 

 

Төрийн байгууллагууд цахим засаглалын системийг дэмжих замаар, шийдвэр гаргахад туслах зорилгоор хиймэл оюун ухааныг ашиглан цахим шийдлүүдийг ихээр ашиглаж байгаа тул эдгээр үйл явц нь уламжлалт захиргааны үйл явцтай адил ил тод, эгэх хариуцлагатай байх нь чухал юм.

 

Засгийн газрын зарим салбарт мэдээлэл хомс, мэдээлэлд тулгуурласан нотолгоотой шийдвэр хэтэрхий бага байгаа тул төрийн үйлчилгээг цахимжуулах ажил хангалтгүй байна.

 

Цахим эрин үеийн иргэний орон зай, эгэх хариуцлага, олон нийтийн оролцоог онцолсон 2021 оны Нээлттэй засгийн түншлэлийн дэлхийн дээд хэмжээний уулзалтын дүгнэлтэд үндэслэн, цахим орон зайд суурилсан засаглалын өнөөгийн байдлын талаар илүү тодорхой дүр зургийг олж авах болон НҮБ-ын байгууллагууд, засгийн газар, иргэний нийгмийн зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээний тодорхой асуудлууд, зөвлөмжийг тодорхойлох нь чухал. 

 

Төрийн нийтийн өмчийн мэдээллийг хөгжүүлэх, дэмжих бодлогын удирдамж

 

ЮНЕСКО-ийн Төрийн Нийтийн өмчийн мэдээллийг хөгжүүлэх, дэмжих бодлогын удирдамж-ийн шинэчлэгдсэн хувилбарыг нь энэ жилийн тэмдэглэлт өдрийн үеэр хэлэлцүүлэг болгон танилцуулна.

 

Бодлогын үндсэн зорилго нь төрийн байгууллагын мэдээллийг хөгжүүлэх, сурталчлах, үйлдвэрлэх, түгээн дэлгэрүүлэх, хадгалах, ашиглахад түлхэц өгөх, ялангуяа цахим хэлбэрийн мэдээлэлд анхаарлаа хандуулах юм. 

 

Энэ нь төрийн байгууллагуудын бүх салбар, бүх түвшинд бэлтгэсэн мэдээллийг ил тод гэж тодорхой заагаагүй бол олон нийтэд нээлттэй байлгахыг зөвлөж байна.

 

Нээлттэй мэдээллийн удирдамж

 

ЮНЕСКО болон түүний Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөр (IFAP) нь хиймэл оюун ухаан, мэдээллийн шинжлэх ухааны олон улсын судалгааны төв (IRCAI) болон ЮНЕСКО-ийн хиймэл оюун ухаан, мэдээллийн шинжлэх ухааны салбаруудын дарга нартай хамтран, хиймэл оюун ухааны (AI) мэдээллийн нээлттэй байдлын талаарх үнэ цэнийг засгийн газруудад ойлгуулах болон арга хэмжээ авах цогц алхмуудаар дамжуулан чадавхжуулах зорилгоор Нээлттэй мэдээллийн удирдамжийг боловсруулжээ. 

 

Удирдамжид мэдээллийг дахин ашиглахад бэлтгэх, нээх, дагаж мөрдөх тодорхой алхмуудыг тодорхойлсон. Энэ жилийн тэмдэглэлт өдрийн хуралдааны үеэр удирдамжийг дахин хянаж үзэх бөгөөд олон нийтэд санал бодлоо илэрхийлэхийг уриалж байна.

 

Ташкентын тунхаглал

 

2022 онд Узбекистаны нийслэл Ташкент хотод болох үйл ажиллагааны үеэр гишүүн орнууд мэдээлэл олж авах үндсэн эрхийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэх амлалтаа дахин нотлох Ташкентын тунхаглалыг батлах юм.

Энэ ёслол нь сайн засаглалын зарчмууд болон хиймэл оюун ухаан, шинээр гарч ирж буй технологиудын мэдээллийн хүртээмжтэй холбоотой асуудлуудыг хамруулна.

Түүнчлэн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх үндэсний хууль тогтоомж, хэрэгжүүлэх арга замууд, цахимжуулалтын нөлөөлөл, болон мэдээллийн эрх зүй ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон бусад гадуурхагдсан бүлгүүдэд хүртээмжтэй байхын ач холбогдол зэрэг сүүлийн үеийн хөгжил дэвшлийн асуудлыг авч үзэх болно.



Орчуулсан: О.Дэлгэрцэцэг 

Хянасан: Ч.Ерөөлсүрэн 


Англи хэл дээрх үзэл баримтлалын бичгийг энд дарж үзнэ үү.