“Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай” хуулийн талаарх мэдлэг ойлголт, хэрэгжилтэд мониторинг хийнэ

Глоб Интернэшнл төв нь 2022 оны 9 дүгээр сарын 1-ээс 4 сарын хугацаатай “Миний эрх миний гарт” төслийг Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төв (ICNL)-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийн зорилго нь Ковид19 буюу коронавируст халдварт цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдлыг үнэлж, иргэдийн иргэний болон улс төрийн эрхийг хангахад Засгийн газар, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагууд, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм.

Төслийн хүрээнд сонгогдсон зорилтот аймаг, дүүргийн иргэдийн болон төрийн албан хаагчдын “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай” хуулийн талаарх мэдлэг ойлголт, хэрэгжилтэд  мониторинг хийхийн зэрэгцээ гарсан үр дүнд тулгуурлан тусгайлсан арга зүй боловсруулж чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулна.

Түүнчлэн сэтгүүлчид төдийгүй иргэдийн мэдэх эрхээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор мэдээлэл олж авах, аливаа зөрчил, маргаан гарсан тохиолдолд зөрчлөө мэдээлэх, хуулийн зөвлөгөө авах, иргэний болон улс төрийн эрхийн зөрчлийн талаарх мэдээллийг нэгтгэх дижитал платформ бүтээхийг зорьж байна.