Иргэн-ИНБ-төрийн байгууллагын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах талаар санал нэгдэв

Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэлээс санхүүжүүлж, Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” буюу МАСАМ 2 төслийн хүрээнд “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслүүдийг ашиглах нь” цахим сургалтад Сэлэнгэ аймгийн төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын болон иргэдийн төлөөлөл нийт 30 хүн оролцлоо. Сургалтад оролцогчид иргэн-иргэний нийгмийн байгууллага-төрийн байгууллагын уялдаа холбоо сайтай байж, хамтран ажиллах нь чухал болохыг онцлов. Тус сургалтыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Эерэг өөрчлөлтийг хамтдаа” ТББ-тай хамтран зохион байгуулав.

Сургалтын эхний өдөр суралцагчид нийгмийн эгэх хариуцлагын үндсэн ойлголт, арга хэрэгслүүд болоод тэдгээрийн тусламжтайгаар төрийн үйл ажиллагаа хэрхэн сайжирсан жишээнүүдийг олон улсын болон МУ-ын жишээн дээр ярьж, хэлэлцсэний зэрэгцээ нийгмийн хариуцлага нь иргэдийн мэдэх, оролцох болон чанартай үйлчилгээ авах эрх болоход суралцлаа. Харин хоёр дахь өдрийн сургалтаар төсвийн тухай ерөнхий ойлголт болон төсвийн ил тод байлын тухай, түүнчлэн төсвийн ил тод байдлыг орон нутгийн болон үндэсний түвшинд хэрхэн хангаж буй гэх мэт олон чухал асуудлын талаар төслийн зөвлөх П.Ганчимэг сургагч багш зааж, оролцогчидтой харилцан ярилцав. Гурав дахь өдрийн сургалтаар “Төсвийн хөрөнгө оруулалт гэж юу?”, түүнийг зохицуулдаг хууль, эрхзүйн орчин, түүний эх үүсвэрүүд болон хэдэн үе шаттайгаар хэрэгждэг тухай суралцав. Төсвийн хөрөнгө оруулалтын үе шат бүрд иргэд, ИНБ-ууд хэрхэн оролцох боломжуудын талаар мөн сургалтад оролцогчид сурлаа. Дөрөв дэх буюу сүүлийн өдөр МУ-д эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ ямар түвшинд байгаа болон цаашид хэрхэн сайжруулахад нийгмийн эгэх хариуцлагын, тухайлбал, оролцоот төлөвлөлт, оролцоот төсөвлөлт, төрийн зарцуулалтыг мөшгих судалгаа гэх мэт арга аргачлалуудтай танилцаж, тэдгээрээс гарсан үр дүнгүүдээс суралцлаа. 

Сургалтын үр дүнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллүүд үндсэндээ гурван зүйлд санал нэгдэв. Нэгдүгээрт, иргэд, ИНБ болон төрийн байгууллага аль аль талаасаа мэдээлэл дутмаг, эсвэл хангалттай мэдээлэл өгдөггүй. Хоёрдугаарт, үл ойлголцлоос үүдээд, хамтран ажиллахад тийм ч нээлттэй биш. Гуравдугаарт, төрийн болон ИНБ-уудын ажилтнуудын чадавх сул бөгөөд энэ нь цаашид тогтвортой хамтран ажиллахад сөргөөр нөлөөлдөг. Энэ бүхнээс оролцогчид, иргэн-иргэний нийгмийн байгууллага-төрийн байгууллагын уялдаа холбоо сайтай байж, хамтран ажиллах нь чухал хэмээн дүгнэв.

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” буюу МАСАМ 2 төслийн хамтран хэрэгжүүлэгчээр манай Глоб Интернэшнл төв нь Дэлхийн Зөн Монгол ОУБ, Хүүхдийг Ивээх Сангийн хамт ажиллаж байна.