Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хэлэлцлээ

Глоб Интернэйшнл Төвөөс “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох Олон улсын өдөр”-т зориулан, “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахын тулд сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт цахим хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 2-ны өдрийн 14 цагт зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийт хэвлэл мэдээллийн болон төрийн байгууллагын төлөөлөл, нийт 27 хүн оролцов.

Цахим хэлэлцүүлгийн эхний хэсэг буюу илтгэлүүдээс онцолбол, ХМЗ-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Сэтгүүлчийн аюулгүй байдал ба хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт” илтгэлдээ монголын сэтгүүлчид харьцангуй аюулгүй байдалд ажилладаг хэдий ч сэтгэл санааны, бие махбодийн болон цахим гэсэн гурван аюулгүй байдал нийтлэгээр хөндөгддөг болохыг онцлов. Тэрбээр хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинг сайжруулахад шаардлагатай 6 асуудлыг, тэр дундаа, сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчинг бүрдүүлэх, Эрүүгийн хуулийн 14,12 болон 14,113-р зүйлд заасан гэмт хэргийг мөрдөн шалгах, гийдвэрлэх чадавхийг сайжруулах зэрэг саналтай байгаагаа илэрхийлэв. “Өглөөний сонин”-ы сэтгүүлч С.Өлзийбаяр “Байгаль орчны сэтгүүл зүйд тулгамдаж буй асуудал ба хууль эрх зүйн орчин” илтгэлдээ байгаль орчны чиглэлээр бичдэг сэтгүүлчдэд тулгамдаж буй асуудлуудын нэг нь нэгэн төрийн өмчит компанийн зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд эдийн засгийн цензур тогтоож, олон нийтийн мэдээллийн агууллагад хяналт тавихыг оролдсоныг өөрийн бичсэн цуврал нийтлэлүүдээрээ танилцуулав. Энэхүү асуудлаар олон улсын хүний эрхийн байгууллагуудын сонорт хүргэж байсан. ГИТ-ийн хуульч Б.Пүрэвсүрэнгийн  “Аюулгүй байдлаа хамгаал, амаа бүү үдүүл” хэмээх илтгэлд дурдсанчлан, Улсын Их Хурлаас Эх сурвалж хамгаалах, сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангах  хууль зүйн баталгааг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг саяхан бие махбодийн халдлагад өртсөн нэгэн ТВ-ийн сэтгүүлчийн жишээгээр тайлбарлав. Түүнчлэн, монгол дахь сэтгүүлчдийн аюулгүй байдлын талаар ХМЗ, ГИТ болон бусад байгуллагуудын хамтарсан судалгаагаар, судалгаанд оролцогчдын 67 хувь нь ямар нэгэн байдлаар сүрдүүлэг, дарамт, заналхийлэл, эсвэл доромжлолд өртсөн байна. Харин 18 хувийнх нь бие эрхтэн, эрүүл мэндэд халдсан бол 36 хувь нь шүүх, хүчний байгууллагын дарамтад өртсөг болохыг дурдав. 

Хэлэлцүүлгийн хоёр дахь буюу сүүлийн хэсэгт асуулт хариулт гурван асуудлын хүрээнд явагдлаа. Тухайлбал, сэтгүүлчдийн аюулгүй байдал, тэр дундаа сэтгэлзүйн аюулгүй байдлатай холбоотой асуудлын талаар Улаанбаатар хотын болоод орон нутгийн сэтгүүлчид байр сууриаа болон аюулгүй байдлаа хангахын тулд авч хэрэгжүүлж буй туршлагуудаа хуваалцав. Жишээ нь, илтгэгч С.Өлзийбаяр “Байгаль орчны чиглэлээр томоохон хээл хахууль, авилгын асуудлаар бичиж байгаа сэтгүүлчдийн хувьд бол сэтгэл санааны аюулгүй байдал их хөндөгддөг нь маш их дарамт хэлбэрээр илэрдэг. Хэдийгээр сэтгүүлчийн бие мах бодь руу гууд халдахгүй ч янз бүрийн байдлаар буюу сонин хэвлэлийн редакц, найз нөхдийнх гэх мэт сувгаар дамжуулаад, сүрдүүлэх хандлага ажиглагддаг” болохыг хэлэв. Харин орон нутгийн төлөөллүүдээс, Дорнод аймгийн сэтгүүлч Э.Учралбаяр өөртөө тохиолдсон сэтгэлзүйн айлган сүрдүүлэхтэй холбоотой кейсийг тус аймгийн Баян-Уул сумын жоншны үйлдвэрийн талаарх мэдээ, сурвалжлага бичсэнтэйгээ холбон тайлбарлав. Тухайлбал, түүний гэр бүл рүү нь буюу “нөхөр нь ажилтайгаа үлдэх эсэх” талаар утсаар заналхийлснийг баримтжуулж чадаагүйдээ харамсч буйгаа илэрхийлэв. Түүнчлэн, Хөвсгөл ТВ-ийн захирал, сэтгүүлч Ж.Эрдэнэцэцэг гадны хөрөнгө оруулалттай, эсвэл хөрөнгө оруулагчийн мөнгөөр орон нутагт хэвлэл мэдээллийн байгууллага байгуулаад ажиллавал ямар нэгэн байдлаар халдлагад өртдөг болохыг дурдаад, “харин сэтгүүлч хүн өөрөө байгууллагаа удирдвал, халдлагад өртөх тохиолдол 90-95 хувь буурдаг” гэв. Үзэл бодлоо илэрхийлсэн бүх сэтгүүлч бүгд тэдний аюулгүй байдалд шууд халдахгүй ч цагдаа, шүүхийн байгууллагад дуугдах явдал түгээмэл буйд санал нэгтэй байв. Иймд, Г.Гүнжидмаа захирал “нийлж суугаад яриад өнгөрөх биш, үүнийг таслан зогсоох үйлдэл хийхэд уриалав.

Цахим халдлагатай холбоотой асуудлаар сэтгүүлчдийг сэтгэлзүйчтэй уулзуулсан өглөөний уулзалт сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангахад хэрхэн нөлөөлсөн болоод цахим халдлагаас сэтгүүлчдийг хэрхэн хамгаалах тухай хэлэлцэв. Жишээ нь, Gogo.mn сайтын ерөнхий редактор Р.Адьяасүрэн одоогийн байдлаар тус сайтын хамт олон цахим заналхийлэлд өртсөн тохиолдол харьцангуй бага ч, ялангуяа, олон нийтэд хүргэсэн нийтлэл, мэдээллийнхээ төлөө цагдаа, шүүхэд дуудагдах гэх мэт асуудлууд буйг хэлэв. Түүнчлэн, тус сайтын хамт олноос сэтгүүлчдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд, нэгдүгээрт, шүүх, цагдаатай холбоотой асуудал үүссэн тохиолдолд, нэн тэргүүнд хуульчтайгаа ярилцах дараа нь тухай мэдээлэл, нийтлэл бэлтгэсэн сэтгүүлч  бус, харин редактор, эсвэл ерөнхий редактор очиж уулзах гэх мэт арга хэмжээг авдаг. Хоёрдугаарт, аудио баримтыг шүүх, цагдаагийн байгууллага нотлох баримтын түвшинд хүлээн авч үздэггүй учир аудиогоор биш, видеогоор дүрсжүүлэхийг зөвлөх гэх мэтээр сэтгүүлчдийнхээ аюулгүй байдлыг хангах практик буй талаар ярив. ХМЗ-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, “Ялангуяа цахим орчны халдлагад ихэвчлэн эмэгтэй сэтгүүлчид ордог. Эмэгтэйчүүд рүү хандсан гутаан доромжлох, хакердуулах зэрэг асуудлууд нэлээн гардаг учраас ХМЗ-өөс сүүлийн үед “Жендер, хүний эрхийн мэргэшсэн сэтгүүлчдийн клуб” байгуулахаар ажиллаж байгаа. Жендерийн тэгш эрхийг хангах, аюулгүй байдлыг нь дэмжих үүднээс “эмэгтэй” гэдгээр нь халдаж байгаа асуудал дээр сэтгүүлчдийн бүлэг үүсгээд ажиллаж байна” гэв. 

Гуравдугаарт, хуульч, судлаач Л.Галбаатар хэлэлцүүлгийн үеэр 2 зүйл дээр санал бодоо хэлэв. Нэгдүгээрт, ХЗДХЯ дээр танилцуулагдсан байгаа шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах хууль нь авилга, албан тушаал гэх мэт асуудлаар шүгэл үлээсэн этгээдийг хамгаалахад чиглэсэн хэдий ч хуулийн төслийг сайжруулах шаардлагатайг хэлэв. Тухайлбал, сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангах, тэдний оролцоотойгоор шүгэл үлээх асуудлыг хуулийн төсөлд орхигдуулсан байгаа учраас энэ хуулийн төсөлд сэтгүүлчийн оролцоог тусгах нь зүйтэйг онцлов. Хоёрдугаарт, Хүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалтаар сэтгүүлч хүний эрх хамгаалагчаар тооцогдож байгаа учраас энэ хуулийн зохицуулалтын дагуу ХЭҮК-ын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчдын хороо байгуулагдана. Энэ хороонд бие махбодь болон бусад халдлагад өртөж буй сэтгүүлчид ХЭҮК-ын дэргэдэх Хүний эрх хамгаалагчдын хороонд хандаж болно. 

Глоб Интернэйшнл төв нь 2014 оноос хойш энэхүү тэмдэглэлт өдөрт зориулж, жил бүрийн 11 дүгээр сарын 2-ны өдөр олон талт үйл ажиллагаа зохион байгуулсаар байна. Энэ жилийн тухайд энэхүү цахим хэлэлцүүлэг болон нийгмийн сүлжээний хуудсуудаараа дамжуулан цахим аян өрнүүлэв.