МТХОУӨ-т зориулсан “Мэдэх эрх ба эрсдэлийн үед мэдээллийн хүртээмжийг илүү хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлэв

Глоб Интернэшнл төв (ГИТ)-өөс Мэдээллийн түгээмэл хүртээмжийн Олон улсын өдөрт зориулсан “Мэдэх эрх ба эрсдэлийн үед мэдээллийн хүртээмжийг илүү хангах нь” сэдэвт цахим хэлэлцүүлгийг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Цахим хэлэлцүүлэгт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Булган, Дархан, Дундговь, Хөвсгөл, Орхон, Төв, Ховд, Завхан зэрэг есөн аймгийн төлөөлөл оролцов. Тухайлбал, Европын Холбооны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын төлөөлөл,  Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, төрийн бус байгууллага (Захиргааны шинэ санаачилга, Нээлттэй Нийгэм Форум), хэвлэл мэдээллийн байгууллагуудын (МҮОНРТ, Завханы Радио, Хөвсгөл Телевиз) төлөөлөл болон хувь хүмүүс зэрэг нийт 52 хүн оролцлоо. 

2021 оны МТХОУӨ-т зориулсан цахим хэлэлцүүлгийг ЮНЕСКО-оос онцолсон “Мэдэх эрх ба эрсдлийн үед мэдээллийн хүртээмжийг илүү хангах нь” сэдвийн хүрээнд Монгол Улсад мэдээллийн ил тод байдал, мэдээллийн хүртээмж, мэдэх эрх болон тэдгээртэй холбоотой хууль эрх зүйн орчин, зөрчилтэй холбоотой асуудлуудыг олон нийтэд танилцуулж, нээлттэй харилцан ярилцах зорилготой зохион байгуулсан юм. 

Цахим хэлэлцүүлэг үндсэн хоёр хэсгээс бүрдэв. Эхний хэсэгт төрийн хоёр, төрийн бус тус бүр хоёр, хоёр байгууллагын төлөөлөл тэмдэглэлт өдрийн үндсэн сэдэв буюу мэдэх эрхтэй холбоотой илтгэв. ХЭҮК-ийн гишүүн, хууль зүйн ухааны доктор Д. Сүнжид “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа ба мэдээллийн ил тод байдал” илтгэлдээ хоёр зүйлийг онцлов. Нэгдүгээрт, 2016-2018 оны хугацаанд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн 50 хувь нь хүчингүй болсон бөгөөд үндэслэл нь “оролцогчийн эрхийг хангаагүй” буюу “шийдвэр гаргах ажиллагааны журам” зөрчигдсөн байна. Түүнчлэн, иргэний “мэдэх эрхийг хангаагүй” буюу “мэдээллийг хангалттай өгөөгүй” гэх мэт үндэслэл байгаагилтгэлдээ онцлон тэмдэглэв. Харин 2016-2018 оны хугацаанд гарсан шүүхийн шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийхэд, сонсох ажиллагааг хийж, хэвшиж эхэлж байгаа дүр зураг бий ч хуульд заасан агуулгын дагуу, эсвэл хуульд заасан журмыг баримтлахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн гэв. Хоёрдугаарт, тэрбээр мэдээллээр хангах, мэдээллийн ил тод хүртээмжтэй байдлыг хангах нь иргэдийн оролцоог хангах нэг хэлбэр болохыг онцлов. Иргэдийн мэдээллээр хангах оролцооны хэлбэр нь “шийдвэр гаргах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангах, иргэдэд зохих мэдээлэл түгээх, үйл ажиллагаа таниулах үүрэг хэрэгжсэнээр биеллээ олдог” гэв. 2016 онд батлагдсан “Захиргааны ерөнхий хууль”-д иргэдийн оролцоог хангах, сонсох, мэдэгдэх эрхийг тусгаж өгснийг онцлов.  

Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг “Мэдээлэл авах эрх чөлөө ба Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл” илтгэлдээ мэдээлэл авах эрхтэй холбоотой олон улсад баримталдаг зарчмуудтай зөрчилдөж буй хоёр асуудлыг хөндөв. Нэгдүгээрт, Д.Энхцэцэг мэдээллийн ил тод байдалтай холбоотойгоор Австралийн Шинэ Уэльс мужийн “Төрийн мэдээллийн тухай хууль”-д төрд буй мэдээллийг олон нийтэд ил болгохдоо баримталдаг хоёр зарчмыг буюу нэгдүгээрт, төрд буй мэдээлэл ил тод байх ба зөвхөн нийтийн эрх ашигт нийцэх үндэслэл буй нөхцөлд иргэдийн мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлана хоёрдугаарт, мэдээллийг нууцлах нь нийтийн эрх ашгаас дээгүүр тавиглахгүй байх нөхцөлийг тус тус танилцуулав. Харин Монгол Улсын хувьд энэхүү зарчмууд зөрчилдөж байгаа юм. Хоёрдугаарт, “Нийтийн мэдээллийн тухай” хуулийн төсөлд тусгаснаар мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаарлалттай гэж ангилсан байх ба хуулиар хязгаарлалттай, хаалттай гэж тодорхойлсноос бусад мэдээллийг ил тод байна гэж тусгасан. Хязгаарлалттай мэдээллийг “Нийтийн мэдээллийн тухай” хуулийн төслийн 9.2.2, 9.9.2.3, 9.2.4-9.2.7 дахь хэсгүүдэд тус тус тодорхойлж өгсөн байдаг. Тухайлбал, хязгаарлалттай мэдээлэлтэй танилцах, түүнийг ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосон албаны нууц болон хүн, хуулийн этгээдэд хамаарах мэдээллийг хязгаарлалттай мэдээлэл гэж үзнэ хэмээн тодорхойлсон. Мөн хязгаарлалттай мэдээлэл авах тохиолдолд мэдээлэл хүссэн зорилгоо тодорхойлж, мэдээллийн эзнээс зөвшөөрөл авсан нөхцөлд олгох мэдээллийг гэж тодорхойлсон байна. Мэдээллийн эзнээс зөвшөөрөл авахдаа, мэдээллийн зорилго, хугацаа, ашиглах хүрээ, ил болгох эсэх, дамжуулах эсэх, цуцлах нөхцөлийг тусгасан байхаар заасан байна. Үүнээс үзвэл, хязгаарлалттай мэдээлэл нь олон улсын зарчимтай зөрчилдөж байгаа бөгөөд нэгэнт холбогдох хуулиар ямар мэдээллийг нууцлахыг тодорхой зохицуулсан нөхцөлд мэдээлэл хүсэгч иргэнд зорилгоо танилцуулах, мэдээллийн эзний зөвшөөрлийг авах гэх мэтээр хариуцлага хүлээлгэж  буй нь мэдээллийг ил тод байх нөхцөлийг боогдуулж байна хэмээн үзэж байна. Түүнчлэн, тус хуулийн төсөлд “ашиглах нөхцөл чөлөөтэй байна” хэмээн заалт оруулсан нь өргөн цар хүрээтэй болохыг, цаашлаад “ашиглах нөхцөл яг юу вэ гэдгийг хуульд тодорхойлон тусгаагүй нь” мөн л олон улсын зарчимтай зөрчилдөж байна хэмээн үзэж буйгаа тэрбээр илэрхийлэв. Гэтэл иргэн мэдээлэл авах хүсэлт гаргахдаа тухайн мэдээллийг хүлээн авах болон ашиглахтай холбоотой аливаа нөхцөл, зорилготавихгүй байх нь олон улсын стандарт хэм хэмжээ юм.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш “Төрийн байгууллагын ил тод байдал ба мэдэх эрх” илтгэлдээ онцолсноор МУ-ын  төрийн байгууллагуудын ил тод байдал хангалтгүй байна. “Ил тод байдлын үнэлгээ ил тод хариуцлагатай байдлын индексийн дунджаас доогуур үзүүлэлттэй байгаа нь цаашид төрийн байгууллагууд шинээр ажилтан авах гэх мэт хүний нөөцийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, төсөв санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй байдлаар хүргэх шаардлагатай байгааг харуулж байна”. 2020 оны 11-р сарын 26-нд хийсэн 21 аймаг, 13 яамны  албан ёсны цахим хуудсанд ил тод байдлын үнэлгээг хийсэн. Үнэлгээнд хамрагдсан 34 байгууллагын 21 нь буюу 61.7 хувь нь 60-аас доош оноотой үнэлэгдсэн нь “Авилгын эсрэг хууль”, “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай”, “Шилэн дансны тухай хууль”-иар хүлээсэн үүргээ төрийн байгууллагууд хангалтгүй хэрэгжүүлж байгааг илтгэж байна. Иймд цаашид төрийн өмчит хуулийн этгээдийг үнэлэх шалгуурыг тусад нь боловсруулсан, туршилтаар үнэлж байгаа, агентлагууд бусад байгууллагуудыг хамруулж 2021 онд үнэлгээ хийх шаардлагатай хэмээн үзэж байгаагаа тэрбээр илэрхийлэв.  

ГИТ-ийн хуульч Б.Пүрэвсүрэн “Ковид 19 ба Мэдэх эрхийн зөрчил” илтгэлдээ Иргэний болон Улс төрийн эрхийн зөрчлийн мониторингийн дүн шинжилгээ хийхэд 2020.12 дугаар сараас 2021.09.15-ны хооронд мэдэх эрхийн зөрчил нийт 77 бүртгэгдсэнийг онцлов. Түүнчлэн, төрийн өмчит компани хэвлэл мэдээллийн хэрэгсэлд эдийн засгийн цензур тогтоох гэсэн үйлдэл хийснийг “Өглөөний сонин”-ын “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” буланд тус сонины сэтгүүлч С.Өлзийбаярын бичсэн, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр  нийтлэгдсэн “Ураны хор Дорноговийн нүүдлийн цагаан, нутгийн бор зээрийг сүйрүүлж байна” гарчигтай нийтлэлийн жишээн дээр онцлов.  Түүнчлэн мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлаж хамгийн том саад нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14.1 дэх заалт болоод байна. Төрийн болон албаны нууцын тухай хуулийг батлахад албаны нууц гэдэг нэр томъёо шинээр бий болсон бөгөөд “задруулах үрэгдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг ойлгоно” гэжээ. Энд тодорхой мэдээллийг нууцлахад нийтийн эрх ашиг хэрхэн хөндөгдөх талаар шалгуур огт дурдаагүй байгаа нь юуны өмнө анхаарал татаж байна. Түүнчлэн албаны нууцын хүрээг тус хуульд заагүйгээр хэн нэгэн албан тушаалтан, байгууллагын даргын үзэмжээр хуульд үндэслэлгүйгээр мэдээллээ нууцлах боломжийг бүрдүүлээд байна. 

Цахим хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэгт илтгэгчид болон оролцогчид гурван сэдвийн хүрээнд ярилцлаа. Нэгдүгээрт, нээлттэй мэдээлэл болон хязгаарлалттай мэдээллийн тухайд, Төрийн болон албаны нууцын тухай хууль болон бусад хуулиудын уялдаа холбоо муутайгаас, нөгөөтэйгүүр, зарим заалтууд өөр хоорондоо зөрчилдаж байгаагаас үүдэлтэй мэдээлэл авах эрх чөлөө хумигдаж буй талаар ярилцав. Хоёрдугаарт, АТГ-тай холбоотой гомдол гаргах болон мэдээлэл өгөх хоёрын ялгаатай байдлыг, мөн холбогдох баримтын бүрдүүлэлтийн АТГ-ын ахлах комиссар Д.Цэнд-Аюуш тайлбарлав.

Гуравдугаарт, төрийн байгууллагуудын ил тод байдлын үнэлгээтэй холбоотой болон цаашид яаж сайжруулахтай холбоотой асуултууд мөн оролцогчдын анхаарлыг ихэд татаж байв. Ялангуяа, хүний нөөц дутагдалтайгаас үүдэлтэйгээр төрийн байгууллага мэдээллээ цаг тухайд нь олон нийтэд ил тавьдаггүй, хэсэг хугацааны дараа нэгтгэж тавьдаг нь тодорхой хугацааны дараа үнэлгээ хийсэн мэдээлэл нээлттэй байгаа шалгуур үзүүлэлтийг хангадаг ч цаг хугацааны хувьд үнэ цэнээ алдсан байдгийг оролцогчид, ялангуяа, хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүгээс онцлон хэлж байв.  төрийн байгууллага мэдээллийг ил тод байлгах, цаг хугацаанд нь олон нийтэд хүргэдэг эсэх асуудалтай холбоотойгоор “Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл”-ийн талаарх хэлэлцүүлгийн үеэр Д.Энхцэцэг энэхүү хууль хэд хэдэн сайн заалт байгааг онцлов. Тухайлбал, мэдээллийг ажлын гурван өдрийн дотор шинэчлэх гэх мэт цаг хугацааг зааж өгснийг онцлов.

“Мэдээллийн түгээмэл хүртээмжийн Олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай анх 2015 онд ЮНЕСКО зарласан бол 2019 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас мэдээллийн хүртээмжит байдлын ач холбогдол маш их болохыг үнэлж, МТХОУӨдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 28-нд тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм. Энэхүү өдрийн мэдээллийн ил тод байдлыг ашиглан эрх баригчдад хяналт тавиах, мэдээллийг олж авах арга хэрэгслийг сурталчлан таниулах зорилгоор жил бүр онцлох сэдвүүдийн хүрээнд тэмдэглэдэг.