“Мэдэх эрх ба эрсдэлийн үед мэдээллийн хүртээмжийг илүү хангах нь” сэдэвт нээлттэй цахим хэлэлцүүлэг зохион байгуулна

МЭДЭЭЛЛИЙН ТҮГЭЭМЭЛ ХҮРТЭЭМЖИЙН ОЛОН УЛСЫН ӨДӨР – 2021

2021 оны Мэдээллийн түгээмэл хүртээмжийн Олон улсын өдөр (МТХОУӨ)-т зориулан, Глоб Интернэшнл төвөөс (ГИТ) 9 дүгээр сарын 28-ны өдрийн 14:00 цагаас “Мэдэх эрх ба эрсдэлийн үед мэдээллийн хүртээмжийг илүү хангах нь” сэдэвт нээлттэй цахим хэлэлцүүлэг зохион байгуулна. Цахим хэлэлцүүлэгт ГИТ болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар, Нээлттэй Нийгэм Форумын мэргэжилтнүүд Монгол улс дахь мэдэх эрх, мэдээллийн ил тод байдлын нөхцөл байдал, уг эрхийн зөрчил болоод хуулийн хэрэгжилтийн талаар илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ.

2021 оны Мэдээллийн түгээмэл хүртээмжийн Олон улсын өдрийн гол сэдэв нь “Мэдэх эрх ба эрсдэлийн үед мэдээллийн хүртээмжийг илүү хангах” бөгөөд НҮБ-аас 2021 оны 9 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд нийт таван цуврал хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулна. 

2021 оны хувьд, тогтвортой хөгжлийг бий болгоход зайлшгүй шаардлагатай хүчирхэг институцийг бий болгох, “мэдээлэл олон нийтийн сайн сайхны төлөөх байх нь” хэмээх алсын харааг бататгах, хамгаалахын тулд дэлхий даяарх мэдээллийн тухай хууль тогтоомжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түүний хэрэгжилтийг хангахын ач холбогдлыг онцолж байна. Мөн, хүний язгуур эрх болсон энэхүү мэдээлэл авах эрхийг хангах, хэрэгжүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж байна. Түүнчлэн, дэлхий даяар зохион байгуулагдах цуврал цахим хэлэлцүүлэг нь КОВИД-19 цар тахлын энэ үед цаг үеэ олсон хэрэг болж байна.

2021 оны МТХОУӨ-ийн гол зорилго нь улс орон бүрийн Засгийн газар, иргэний нийгэм болон ард иргэдийн идэвхтэй оролцоог хангах замаар Тогтвортой Хөгжлийн 16 дахь зорилгын 10 дугаар зорилтод хүрэхэд чиглэсэн тогтвортой шийдлүүдийг хурдасгахад оршино. Түүнчлэн, энэхүү тогтвортой хөгжлийн 16 дахь зорилгыг биелүүлэхэд, ялангуяа, үр дүнтэй, хариуцлагатай, хүртээмжтэй байдлыг бий болгох бүх шатны байгууллагууд хувь нэмрээ оруулахад дэмжлэг үзүүлэх юм. 

Энэ жилийн МТХОУӨдрөөр зохион байгуулагдах цахим хурал болон хэлэлцүүлгүүд нь дараах дэд сэдвийг хамарна. Үүнд:

- Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл олж авах эрхийн тухай хууль тогтоомжийн оруулах хувь нэмэр, тэр дундаа, мэдээллийг олон нийтэд илүү нээлттэй болгох буюу ТХЗ 16.10.2 заалтыг хэрэгжүүлэх;

- Мэдэх эрх, мэдээлэл авах эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх баталгааг хангах хууль эрх зүйн орчны болон үр дүнтэй, хараат бус хяналтын байгууллагуудын ач холбогдол;

- Мэдээлэл авах эрхийн хэрэгжилтийг бэхжүүлэхдээ НҮБ-ын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх;

- Энх тайван, тогтвортой хөгжлийн төлөө цахим технологийг ашиглан мэдээллийн хүртээмжийг хэрэгжүүлэх. 

2015 онд ЮНЕСКО-оос “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн Олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай зарласан билээ. 2019 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас мэдээллийн хүртээмжтэй байдлын ач холбогдол асар их болохыг үнэлж, МТХОУӨдрийг НҮБ-ын хэмжээнд жил бүрийн 9 дүгээр сарын 28-нд тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм. 

Глоб Интернэшнл төв 

2021 оны 9 дүгээр сарын 23