“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахын тулд сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах нь” цахим хэлэлцүүлэг зохион байгуулна

Глоб Интернэшнл төв нь Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох Олон улсын өдөр (IDEI)-т зориулан “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахын тулд сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах нь” цахим хэлэлцүүлгийг 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 14:00-15:30 цагт зохион байгуулна. Цахим хэлэлцүүлэгт Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, ”Өглөөний сонин”-ы сэтгүүлч С.Өлзийбаяр нар илтгэгчээр оролцоно.

Глоб Интернэшнл Төв нь 2014 оноос хойш энэхүү өдөрт зориулан олон талт үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ жил долоо дахь удаагаа уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх цахим аяныг байгууллагын нийгмийн сүлжээний хуудсуудаар зохион байгуулж байна. 

Дэлхийн хэмжээнд 2006-аас 2020 он хүртэлх буюу өнгөрсөн арван таван жилийн хугацаанд нийтдээ 1300 орчим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, нийгмийн сүлжээний агуулга туурвигчдын амь насыг хөнөөсөн хэрэг гарчээ. Эдгээр гэмт хэрэг үйлдэгчдийн нэгхэн хувь нь зохих ял шийтгэлээ хүлээсэн байна. Тиймээс, энэ жил дэлхий  нийтээр “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахын тулд сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэгтэй тэмцэх нь” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж буй энэхүү Олон улсын өдрөөр сэтгүүлчдийн эсрэг аливаа хүчирхийллийн хэргийг мөрдөн шалгах, зохих ял шийтгэл оногдуулахад прокурорын байгууллагын гүйцэтгэх үүргийг онцолж байна. 

Олон улсын өдрийн хүрээнд дэлхий нийтээр зохион байгуулах үйл ажиллагаа нь сэтгүүлчдийн эсрэг халдлагын хэргүүдийг мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагааг бэхжүүлэх, ингэснээр, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрх, хэвлэлийн эрх чөлөөг олон талын оролцоотойгоор хамгаалахад чиглэгдэж байна. 

Засгийн газраас 2017 онд баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлууд хийхээр тусгасан боловч дорвитой ахиц гарахгүй байсаар 2020 онд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүний эрхийн тайлангаа хэлэлцүүлсэн билээ. 

2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөл Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг гурав дахь удаагаа дүгнэн хэлэлцээд, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах нөхцөлийг нь хангах, тэдний эсрэг үйлдсэн халдлагын аливаа хэргийг хараат бусаар мөрдөн шалгах нөхцөлийг баталгаажуулж, гэм буруутай этгээдэд зохих шийтгэл хүлээлгэх зэрэг зөвлөмжүүдийг өгсөн юм. 

КОВИД-19 цар тахалтай тэмцэх нэрийдлээр Монголын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, нийгмийн сүлжээний идэвхтнүүдийн аюулгүй байдалд халдах, тэднийг сүрдүүлэх, заналхийлэх, эх сурвалжийг нь илчлэхээр байцаах, дарамтлах, олон нийтийн эрх ашгийг хөндсөн мэдээ, сурвалжилга бэлтгэсний төлөө шүүхэд дуудах зэрэг зөрчил гарсаар байгааг ГИТ-ийн мониторингийн үр дүн илтгэж байна. Энэ бүх зөрчлүүд нь ардчиллын мөн чанарт харшилж буй бөгөөд иргэдийн мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ бүрэн дүүрэн эдлэхэд саад тогтгор болсоор байна. 

Иймээс, энэхүү Олон улсын өдөр нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахын тулд сэтгүүлчдийн аюулгүй байдал, тэдний эсрэг аливаа дарамт хүчирхийллийг таслан зогсооход хууль тогтоогчид, шийдвэр гаргагчид, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм болон олон нийтийн анхаарлыг хандуулж, мэдлэг ойлголтыг нь нэмэгдүүлэхэд чиглэж байна.    

ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТӨВ