Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр

Глоб Интернэшнл төв "Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин ба сэтгүүлчдийн аюулгүй байдал" сэдэвт хэвлэлийн бага хурлыг "Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох" олон улсын өдрийг угтан 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11.00 цагаас "Монгол ньюс" мэдээллийн төвд зохион байгууллаа.

Хэвлэлийн бага хурлын үеэр Глоб Интернэшнл төвөөс хэрэгжүүлж буй “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийн хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин ба сэтгүүлчдийн аюулгүй байдалд хийж буй мониторингийн эхний шатны үр дүнгээс танилцуулав.

Монголын Хуульчдын холбоо “Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилтийн дүн шинжилгээ”, Хэвлэл мэдээллийн зөвлөл “Монголын сэтгүүлчдийн аюулгүй байдлын өнөөгийн түвшин ба Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлийн хэрэгжилт” гэсэн үндсэн хоёр дэд сэдвийн хүрээнд тус тус мониоринг хийж байна.

Дотоодын хууль тогтоомж, эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийхдээ үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой Монгол Улсын соёрхон баталсан хүний эрхийн олон улсын 17 гэрээ, конвенци болон хэвлэл мэдээлэл, сэтгүүлч, эх сурвалжуудыг зохицуулах болон хамгаалахад чиглэсэн хууль эрх зүйн орчны талаар түлхүү судалсан юм.

Эхний шатны судалгаанаас харвал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хөхиүлэн дэмждэг, хамгаалахтай холбоотой үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг болон бүртгэлтэй төрийн бус байгууллагын тоо 100 мянган хүн тутамд 7 байна. Мөн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний хооронд Иргэний хэргийн шүүхээс эдийн бус гэм хорыг арилгах буюу нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасантай холбоотой нийт 5 хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд бүгд хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоотой байжээ. /Мониторингийн хураангуйг энд дарж үзнэ үү/

Харин “Монголын сэтгүүлчдийн аюулгүй байдлын өнөөгийн түвшин ба Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлийн хэрэгжилт” судалгааны ажлын хүрээнд сэтгүүлчдийн аюулгүй байдлыг тандах зорилгоор үндэсний хэмжээнд 300 сэтгүүлчийг хамруулахаар төлөвлөсөн. Судалгаа нь 2018 оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд 2019 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх юм. Одоогийн байдлаар судалгааны санал асуулгын мэдээлэл бүрдүүлэлт 30 орчим хувьтай байна. Урьдчилсан байдлаар сэтгүүлчдийн амь насанд аюул заналхийлдэг, сэтгүүлчид өдөр тутмын ажлаа хэрэгжүүлэхэд дарамт шахалтад өртдөг, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг заналхийлдэг, халдлага үйлддэг зэрэгт судалгаанд оролцогчдын олонх нь “санал нийлж байна”, “маш их санал нийлж байна” гэсэн хариултыг өгсөн байна.

Гурваас дөрвөн сэтгүүлч тутмын нэг нь дор хаяж 2-3 удаа олон нийтэд түгээсэн мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгээсээ болоод ямар нэгэн дарамт шахалт, заналхийлэл, сүрдүүлэгт өртөж байсан гэх хариултыг өгчээ. Түүнчлэн гэр бүлийнх нь гишүүдийг айлгаж, дарамталж байсан гэсэн тохиолдлууд таваас багагүй бүртгэгдсэн байв. /Мониторингийн хураангуйг энд дарж үзнэ үү/

Мониторингийн эцсийн үр дүнг 2019 оны 5-р сарын 3-ны өдөр албан ёсоор танилцуулна.